Сурвалжлага: "Хашлага ажиллагаа" халаглуулж байна

Хуучирсан мэдээ: 2024.04.09-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: "Хашлага ажиллагаа" халаглуулж байна

Сурвалжлага: "Хашлага ажиллагаа" халаглуулж байна

Хавар эхэлснээр агаарын хэм нэмэх рүү орж, нийтийн их цэвэрлэгээнээс эхлээд зам засварын ажил хүртэл өрнөж, нийслэлчүүд тусад оров. Гэхдээ жилийн жилд яг энэ үед шүүмжлэл, асуудал дагуулдаг ажлуудын нэг бол өнөөх бордюр буюу замын хашлага солих ажил. Яг солих шаардлага байсан уу эсвэл зүгээр л хэн нэгний мөнгө олох арга уу, сонгуулийн суулиа юу гэдэгт иргэд эргэлзэж, дуугүй суудаггүй. Яг солих шаардлагатай, элэгдэж, хорогдсон, дэгэн догон явган хүний зам, замын хашлагаа солихгүй атлаа жилийн өмнө сольсон шинээрээ шахуу замын хавтанг хуулж, дахин шинээр сольдог гэж хотынхон ундууцдаг.

Тэгвэл энэ жилийн бордюр солих "баяр"-ын арга хэмжээ хэзээний эхэлж, иргэд ч шүүмжилж эхэллээ. Үнэхээр тэдгээр зам, хашлагыг солих, шинэчлэх шаардлага байсан эсэх талаар сурвалжлахыг зориллоо.

Нийслэл хүрээ өргөн чөлөө буюу хүмүүсийн сайн мэддэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд талын явган хүний зам болон замын хашлагыг шинэчилж буй газар дээр очлоо. Ажил хэдийн эхэлсэн байх бөгөөд "И-Март", "Оргил"-ын уулзвараас эхлэн явган хүний замыг хуулж, солихоор бэлтгэсэн шинэ бордюроо жирийтэл өрөөд тавьчихсан, ажилчид нь хэмжилтээ хийж, бэлтгэл ажлаа базааж, газар шороогоо ухаж байв. Харин явган хүний замгүй болсон иргэд эвдэрсэн дугуйн замаар уначихгүйг хичээж, арга эвээ олж яваа харагдсан.

ХАШЛАГЫГ ЗААВАЛ ӨНДӨРЛӨХ, СОЛИХ ШААРДЛАГА ГАРЧ БАЙНА

Юуны түрүүнд энэ асуудлыг хариуцдаг нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатараас дараах тодруулгыг авлаа.

Түүний хэлснээр Засварын хучилтын хийц, хөдөлгөөний ангилал зэргээс хамаарч автозамын ээлжит засварыг 4-6 жил тутам хийдэг. Их засварыг 12-16 жилийн хооронд хийдэг. Энэ хүрээнд хучилтын хийцийг хүчитгэж, хашилтыг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор тэр хэмжээгээр өндөрлөдөг гэнэ.

Тэрбээр ярихдаа "Хучилтыг хүчитгэж, долоон см ухах шаардлага гарч байгаа. Тиймээс хашлагыг заавал өндөрлөх, солих шаардлага гарч байна. Хашлагын стандартаар зорчих хэсгээс дугуй болон явган зам 15 см өндөр байх ёстой. Бид нар хучилтын хийцийг хүчитгэж, долоон см зузаан болгож байгаа. Тиймээс учраас хашлагаа өргөх шаардлага гарсан" гэлээ.

Энэ жилийн тухайд дөрөвдүгээр сарын 5-наас зам засварын ажлыг эрчимжүүлжээ. Үүний хүрээнд Намъянжүгийн гудамж, Зүүн дөрвөн замаас Нарантуулын уулзварыг засч эхэлсэн аж.

Мөн түүнээс хуучин бордюрыг дахин ашиглах уу гэхэд "Зарим хэсгийн хашлагуудыг хэрэглэх боломжгүй. Хэрэглэх боломжтойг нь дүүрэгт нь хүлээлгэн өгч, шаардлагатай хэсгүүдийг солино" гэж хариулав.

35 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛТ ХИЙНЭ

Бордюр солих ажлаас гадна үүний төсөв анхаарал татаж буй. Энэ жил л гэхэд нийт 35 тэрбум төгрөгийг замын хашлага, явган хүн, дугуйн замд төсөвлөжээ.

Дээрх ажлын төсөв, мөнгөтэй холбоотой тодруулгыг Улаанбаатар хотын захирагчийн албаны дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүнээс авлаа. Түүнээс 35 тэрбум төгрөгөөр дээрх ажлыг гүйцэтгэж байгаа нь үнэн үү гэж асуухад "Үнэн. Нийт зургаан магистраль шугамд 35 тэрбум төгрөгөөр засвар, шинэчлэлт хийнэ. Тухайлбал, Их тойруу, Бага тойруу, Олимпийн гудамж тэргүүтэй байршлуудад дугуйн болон явган хүний зам засвар, замын хашлага солих ажлыг гүйцэтгэнэ. Зуны хугацаанд бүрэн хийж дуусна" гэв.

АРАЙ ИХ МӨНГӨ

Тэгвэл иргэд энэ ажил дээр ямар байр суурьтай байна вэ? Тэдний хувьд солих нь зүйтэй ч 35 тэрбум төгрөг гэдэг бол дэндүү өндөр үнийн дүн болохыг хэлж байлаа. Нэгэн залуу ярихдаа "35 тэрбум төгрөгөөр сольж байгаа гэх бичлэгийг өчигдөр харсан. Солихгүй юмыг нь сольж байгаа харагдана лээ. Гайгүй харагдсан. Гэхдээ зарим нь ч бас солих шаардлагатай байсан. Тэр ажил ийм үнэтэй байхгүй л байх. 35 тэрбум төгрөг гэдэг арай л үнэтэй байна" гэлээ.

Харин ээж, охин хоёрын хувьд 35 тэрбум төгрөгийг арай өөр зүйлд зарцуулсан бол гэж халаглангуй ярьсан. Ээж нь ярихдаа "Уг нь солих шаардлагагүй л байсан гэж бодож байна. Эхний ээлжинд түгжрэл, утаа, барааны үнэ зэрэг дээрээ анхаармаар байна. Хашлага, бордюр яг нэн тэргүүний ажил мөн үү? Монголд асуудал бишгүй л байна. Тэд нарыгаа л анхаарах хэрэгтэй" гэсэн бол охин нь "Арай их мөнгө гэж бодож байна. Зөвхөн явган хүний хашлагад 35 тэрбум төгрөг зарцуулж байснаас өөр зүйлд зарцуулсан нь дээр байсан биз" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
БурууБуруу
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж