Прогноз: X тойрогт Х.Ганхуяг, С.Наранбат нарын нэрс яригдаж байна

Хуучирсан мэдээ: 2024.04.09-нд нийтлэгдсэн

сонгууль-2024

Прогноз: X тойрогт Х.Ганхуяг, С.Наранбат нарын нэрс яригдаж байна

Прогноз: X тойрогт Х.Ганхуяг, С.Наранбат нарын нэрс яригдаж байна

УИХ-ын X тойрог буюу Баянгол дүүрэг энэ удаад 3 мандаттай байхаар хуульчилсан. Баянгол дүүргийн хувьд өнгөрсөн 2020 оны сонгуульд ч мөн 3 мандаттай байсан бөгөөд МАН-аас УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ж.Ганбаатар, АН-аас УИХ-ын гишүүн, дэд дарга С.Одонтуяа нар сонгогдож байсан юм. Тус тойрогт энэ удаагийн сонгуульд МАН-аас сонгогдсон гишүүд нь тойргоо зорьж байгаа бол Ардчилсан намаас С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан, Нарантуулын эзэн Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат нарыг нэр дэвшүүлэхээр яригдаж байна.

X тойрог буюу Баянгол дүүрэг-3 мандаттай.

МАН: Х.ГАНХУЯГ, Ж.ГАНБААТАР НАР ТОЙРГОО ЗОРИНО

УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулж, баянголчуудаас итгэл хүлээсэн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ж.Ганбаатар нар энэ удаад тойргоо зорьж, дахин нэр дэвшинэ. Баянгол дүүрэг гурван мандаттай ч тус дүүргийн МАН-ын дарга Ж.Ганбаатар өөрийнхөө хүмүүсийг нэр дэвшүүлэхээр зүтгүүлж буй. Тухайлбал, улс төрийн хүрээнд Ж.Ганбаатарын хүн гэгддэг Ө.Сумъяабаатарыг зүтгүүлж буй. Түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Баянгол дүүргийн Засаг даргаар сонгогдсон ч хэд хэдэн удаа төлөөлөгч нар нь огцруулахаар бичиг хүргэж, огцорсон, огцроогүй асуудалтай тулж байв. Мөн түүний хувьд Боловсролын зээлийн сангаас зээл авч, суралцсан асуудал нь дуулиан тарьж байсан удаатай.

Мөн Ж.Ганбаатарын хувьд төлөөлөгч Б.Сэмжидмааг эмэгтэйчүүдийн квотоор нэр дэвшүүлэхээр зүтгүүлж буй. Б.Сэмжидмаагийн хувьд Баянгол дүүргийн МАН-ын дэд даргаар ажилладаг бөгөөд тус дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж буй.

Өөрөөр хэлбэл, Ж.Ганбаатар Баянгол дүүрэгт “эзэн” суухаас гадна УИХ-д ч өөрийн хүмүүсээ оруулж ирэхээр зүтгэж буй бололтой. Түүнээс гадна УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Баянгол дүүрэгтээ нэр дэвшинэ. Х.Ганхуягийн хувьд өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд тус дүүргээс нэр дэвшсэн бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хөгжлийн банкны асуудлыг эс тооцвол улс төрийн “гал”-тай хэд хэдэн чухал хуулийн төслийг боловсруулж, санаачилж байсан. Тус тойрог гурван мандаттай учраас Ж.Ганбаатар, Х.Ганхуяг, эмэгтэйчүүдийн квотоор Б.Сэмжидмаа нар нэр дэвших болов уу гэсэн таамаг бий.

АН: С.ОДОНТУЯА ЖАГСААЛТАД ОРЖ, Ш.САЙХАНСАМБУУГИЙН ХҮҮ С.НАРАНБАТ ГОРИЛЖ БАЙНА

2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас С.Одонтуяа, С.Эрдэнэ, Д.Батцогт нар нэр дэвшиж, өвдөг шороодсон байдаг. Харин энэ удаад С.Эрдэнэ, Д.Энхтуяа нар дэвших нь. Нэгэн цагт Баянгол дүүргийг С.Эрдэнэ “вангийн хошуу” хэмээн тодорхойлдог байв. Тиймээс ч энэ удаад Ардчилсан намаас С.Эрдэнийг тус дүүрэгт нэр дэвшүүлэхээр тохирч, С.Эрдэнэ ч тойргоо эргэж тойрох болсон.

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хувьд  энэ удаагийн сонгуульд намын жагсаалтад орохоор тохироо хийсэн гэсэн мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, тэрбээр Баянгол дүүрэгт нэр дэвшихгүй, намын эмэгтэйчүүдийн квотоор жагсаалтад орно гэсэн үг.

Тиймээс С.Эрдэнэтэй НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нэр дэвшихээр бэлтгэж буй. Харин тэдэнтэй хамт Ардчилсан намаас Баянгол дүүргийн ардчилсан намын дарга асан, Баянгол Дүүргийн хурлын төлөөлөгч Н.Болдбаатар нэр дэвшихээр бэлтгэж буй. Түүнээс гадна УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат нэр дэвшихээр тохиролцсон гэх мэдээлэл байна. С.Наранбат нь эрх зүйч мэргэжилтэй, Герман, Англи хэлтэй, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгчөөр 2023 онд сонгогдожээ. Түүний хувьд 2023 оноос “Нарантуул трейд” ХХК-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж