Аляскын байнгын сангийн ногдол ашиг 1312 доллар байна

Аляскын байнгын сангийн ногдол ашиг 1312 доллар байна

Аляскын байнгын сангийн ногдол ашиг 1312 доллар байна

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийхээс өмнө заавал баталсан байх хуулийн жагсаалтад Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл багтаж байна. Сүүлийн 30 орчим жилийн хугацааны үзүүлэлтээс үзвэл, Монгол Улсын нийгэм, эдийн засаг нь байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялаг, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц ашигласны үр өгөөжөөс бүрэн хараат байжээ. Тухайлбал, эрдэс баялгийн салбарын орлого 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн 25.7 хувийг, 2021 онд 28.9 хувийг, 2022 онд 35.1 хувийг, 2023 онд 33.3 хувийг бүрдүүлсэн.

Бид өмнө нь Дэлхийн эдийн засаг булангаараа  Баялгийн сангийн хуультай гадаад улс орнуудын туршлагаас хуваалцсан. Харин энэ удаад Үндэсний баялгийн сангийн ашгаа иргэддээ шууд хуваарилдаг улс орны жишгийг хуваалцаж байна.

Дэлхийн 70 гаруй улс 100 гаруй баялгийн сан ажиллуулдаг тухай “Alt Assets” цахми хуудас мэдээлжээ. Эдгээр сан нь нийлээд 10 их наяд гаруй ам.долларын хөрөнгийг хянадаг бөгөөд энэ нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 11.4 хувийг эзэлдэг.

Харин “Springer nature” хэвлэлд мэдээлснээр дэлхийн 60 гаруй улс Үндэсний баялгийн сантай. Эндээс зөвхөн Аляскын байнгын сан л ногдол ашгийг иргэдэд шууд хуваарилдаг гэжээ. Дэлхий дээрх бие даасан сангуудын гуравны хоёроос илүү хувь нь 2000 оноос хойш байгуулагдсан. Гэхдээ ногдол ашгийн системийг нэвтрүүлсэн нь Аляскын байнгын сан ажээ.

Аляска нь байгалийн баялаг ихтэй гэдгээрээ эртнээс алдартай бөгөөд эдгээр нөөц нь муж улсын дийлэнх орлогыг бүрдүүлсээр ирсэн түүхтэй. Муж улс болоод 10 жилийн дараа газрын тос олборлож, улмаар 1969 оны есдүгээр сард Прудхоу Бэйгийн газрын тос, хийн түрээсийн худалдааг зохион байгуулж, 900 сая долларын орлого олжээ. Түрээсийн худалдаанаас олсон мөнгийн хэрхэн зарцуулах талаар тухайн үед багагүй маргаан өрнөсөн. Эцэст нь орлогыг муж улс даяарх дэд бүтэц, нийгмийн хөтөлбөрүүдийг дэмжихэд зарцуулах шийдвэр гарчээ.

Транс Аляскийн хоолойн барилгын ажил дуусах дөхөх үеэр буюу 1974 онд Аляскын иргэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэрхэн хамгийн зөв зохистой ашиглаж болохыг хэлэлцэж эхэлсэн. Мужийн шийдвэр гаргах эрх мэдэлтнүүдийн дийлэнх нь хүлээгдэж буй орлогын тодорхой хэсгийг байнгын санд төвлөрүүлэхийг дэмжжээ. Энэ нь засгийн газрын өдөр тутмын зарцуулалтаас тусдаа байх аж.

Газрын тосны орлогыг байнгын санд төвлөрүүлэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Үүний тулд бүх нийтийн санал хураалт шаардлагатай. Тиймээс 1976 оны муж улсын бүх нийтийн сонгуулийн санал хураалтад энэ талаар шингээснээр эцэст нь байнгын сан байгуулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталжээ.

Ийнхүү Аляскын байнгын сан 1977 оны хоёрдугаар сарын 28-нд газрын тосны анхны орлого 734 мянган ам.долларыг хүлээн авав. Байнгын санг хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр удирдах уу, эдийн засгийн хөгжлийн банк байх уу гэдгийг дөрвөн жилийн турш олон нийтийн дунд хэлэлцүүжээ. Ингээд хөрөнгө оруулалтыг удирдах зорилгоор Аляскын байнгын сангийн корпораци байгуулах тухай хуулийн төсөлд 1980 онд гарын үсэг зурсан байна. Тухайн жилдээ ногдол ашгийн хөтөлбөрийг баталж, хоёр жилийн дарааа иргэдэд анх удаа 1000 ам.долларын чекийг тараажээ.

Тэгвэл Аляскын байнгын сангийн ногдол ашгийн хэмжээ өнгөрсөн онд 1312 ам.доллар болжээ.

Аляскын байнгын сангийн 24 жилийн түүхэнд нэг иргэн тутамд тус бүр 24,775.45 ам.доллар олгожээ. Аляск муж улс АНУ-ын бусад мужтай харьцуулахад тэгш бус байдал багатай, ядуурлын түвшин доогуур байдгийн нэг шалтгаан нь тус сангийн ногдол ашиг гэж зарим хүн үздэг.

Гадаадын бусад улс оронд байгалийн баялгаас олсон орлогоор хуримтлал үүсгэж, болзошгүй эрсдэл тулгарсан үед ашиглах зэргээр баялгийн сангийн зорилгыг тодорхойлсон байдаг. Тэр болтол хуримтлуулсан хөрөнгөө дэлхийн хөрөнгийн зах зээлд эргэлдүүлж, сангийн хөрөнгөө арвижуулдаг нь ч бий аж. Ямартай ч мөнгө тараахын тулд баялгийн сан байгуулдаггүй гэх ойлголт бий.

Баялгийн сангийн нийт хөрөнгийн хэмжээгээрээ Норвеги улс дэлхийд тэргүүлдэг. Эхний 100-д ордог улсуудыг “Sovereign Wealth Fund Institute” цахим хуудаснаа жагсаажээ. Эндээс харвал, Норвегийн араас Хятад, Арабын нэгдсэн Эмират, Кувейт, Саудын Араб, Сингапур, Хонгконг, Катар удаалж байна.

Норвегийн тухайд нийт хөрөнгийн хэмжээ нь 1 их наяд 548 тэрбум 145 сая 71 мянган ам.доллар буюу нэг иргэнд ойролцоогоор 270 мянган ам.доллар ногдож байна.

Баялгийн санг анхлан байгуулсан орон бол баян чинээлэг Арабын нэгдсэн Эмират юм. Тус улс 1953 онд баялгийн сан байгуулснаас хойш энэ ойлголт дэлхий нийтийн анхаарлыг татсаар иржээ. Хэрвээ танд сар бүр илүүдэл хөрөнгө гардаг бол түүнийгээ боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, дэд бүтэц, нийгэм, урлаг гээд олон нийтийн сайн сайхны төлөө яагаад зарцуулж болохгүй гэж гэсэн үндсэн санааг тус улс баримталдаг.

Эх сурвалж:  APFC, SPRINGER NATURE, SWF Institute, Alt Assets

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-09 103.168.34.33

manai baylag sang MAH tonoson

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж