Ардчиллын партизан, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл намын даргаа сайшаав. Тэрбээр нүүр номоороо дамжуулан “Л.Гантөмөр ойрд үзэгдээгүй том лидер-манлайлагч болох бололтой! Үнэндээ би Л.Гантөмөрийг манай намын дарга болоход нь хулгайч төртэй тэмцэх тэмцэлд намаа нэгтгээд удирдаад авч явж чадах манлайлагч болж чадна гэдэгт итгэхгүй байсан. Тэр тусмаа япон боловсрол, хүмүүжил нь түүнийг хэтийдсэн аядуу, хүлээцтэй болгосондоо гэж хардаж байв. Гэтэл би эндүүрсэн бололтой. Тэр яван байж чангараад байна!
Сүүлийн үед түүний байр байдлыг харахад С.Зориг шиг тогтуун, Элбэгээ шиг ортол илтгэгч, Баабар шиг цараатай, Гончигдорж шиг нягт сэтгэлгээтэй жентэлмен болоод байна. Ямар ч байсан бидний эхэлсэн үйл хэргийг нэр төртэй аваад явах шинэ үеэр намаа сэлбэнэ гэсэн амандаа хүрчээ!” гэж сайшаав.
Өнөөгийн эрх баригч хүчнийг хянах хамгийн хүчтэй сөрөг хүчин Ардчилсан нам байх ёстой гэж иргэд үздэг. Эл зарчмаар сөрөг хүчнийг ажиллахыг олон нийт хүсч ирсэн. Гэвч хоёр ч удаагийн УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснээр дотроо хуваагдан, эвлэлдэн нэгдэхэд амаргүй байсан ч тус намын даргаар Л.Гантөмөр сонгогдон сайн муугаар олонтаа хэлүүлсэн ч эцэстээ намын гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөж эхлэв бололтой.
Г.ХОРОЛ