Цахим банкаар тэргүүлэгч ХААН Банк мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулан “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө зургаа дахь жилдээ зарлалаа. Уг хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнуудад цоггц мэдээлэл өгөх “DIGI X” өдөрлөг өнөөдөр/2024.04.06/ ХААН Банк цамхагт боллоо.
Хөтөлбөрийн талаар ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба ярихдаа “ХААН Банк банк санхүүгийн байгууллага боловч сүүлийн жилүүдэд технологийн компани шиг ажиллаж байна. Учир нь банк, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цахим байдлаар харилцагчдадаа хүргэдэг болсон. Банкны үйлчилгээг цахимжуулахад мэдээлэл технологийн баг, шийдэл чухал. Тиймээс манай банкны ажилтнуудын ихэнх хувийг мэдээлэл технологийн ажилчид бүрдүүлдэг. Бид долоон баг бүхий 400 орчим ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Монголд энэ чиглэлийн хүний нөөц дутагдаж байна. Тиймээс оюутнуудыг сурч байх хугацаанд нь байгууллагатай танилцуулах, төсөлд хамруулахаар цалинтай дадлагажих хөтөлбөрийг хэрэгжүүлж байна” гэв.
Энэ жилийн тухайд тус банкны цалинтай дадлагын хөтөлбөрт 500 гаруй оюутнууд хүсэлтээ илгээжээ. Эдгээр оюутнуудаас зөвхөн 30 нь ХААН Банкны хөтөлбөрт хамрагдаж, зуны амралтаараа дадлагажих, ажиллах боломж нь бүрдэнэ.
Цалинтай дадлагын хөтөлбөрт хамрагдсанаар дараах боломжууд нээгдэх аж.
- ХААН Банкнаас хэрэгжүүлж буй томоохон дижитал төслүүдэд оролцох
- Ирээдүйд ажиллах салбар, мэргэжлийн чиглэлээ биелчлэн таньж мэдэх, цаашид банканд үргэлжлүүлэн ажиллах
- Дадлагын хугацаанд өгөгдсөн даалгаврын дагуу бие даан судалгаа хийж, шийдэл боловсруулан бодитоор хэрэгжүүлэх
- Банкны салбарын мэдээллийн технологийн систем, программ хангамж, ажиллах зарчим болон практик хэрэглээг ойлгож, мэдэж авах
- ХААН Банкны чадварлаг, туршлагатай мэдээллийн технологи, бизнесийн удирдлагууд, менторуудтай уулзаж, зөвлөгөө авах
Тэгвэл ХААН Банкны Мэдээллийн технологийн энтерпрайз платформ удирдлагын газрын захирал Г.Хуягбаатар дадлагад хамрагдах оюутнуудад ямар боломж нээгдэж буй талаар ярив. Тэрбээр “Хөтөлбөрийн онцлог нь гэвэл оюутнууд хичээл дээр олж авсан онолын мэдлэгээ практик дээр турших, олон жилийн туршлагатай ах эгч нараасаа суралцах зэрэг боломжтой. Шинэ технологийн тухайд ХААН Банк AI буюу хиймэл оюун ухаан, Cloud Computing буюу үүлэн тооцооллын технологийг туршиж, үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Оюутнууд энэ хөтөлбөрт хамрагдсанаар уг технологиудтай танилцах, ажиллах, туршлагажих боломж нээгдэж байна” гэв.
Түүний хувьд оюутан залуустаа хандан “Мэргэжлээ сонгохдоо өөрийн хүсэл эрмэлзлээ таньж мэдэн мэдээллийн технологийн өргөн салбарын аль чиглэлээр явахаа шийдэх хэрэгтэй. Үүний дараа сонирхож буй, ажиллахыг хүсч буй байгууллагынхаа стратегитай, алсын хараатай танилцаж, бүтээмж, үр өгөөжөө тооцох хэрэгтэй” гэж зөвлөлөө.
Дээр дурдсанчлан ХААН Банк нь зургаа дахь жилдээ энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт шалгарч, дадлагаа үр бүтээлтэй өнгөрүүлсэн оюутнууд ХААН Банканд үргэлжлүүлэн ажиллаж буй тохиолдлууд цөөнгүй. Тэдний төлөөлөл болох Б.Хонгорзултай танилцсан юм. Түүний тухайд гуравдугаар дамжааны оюутан байхдаа “Цалинтай дадлагын хөтөлбөр”-ийн мэдээллийг анх фейсбүүк дээрээс олж харан өөрийгөө сорихоор шийджээ.
Б.Хонгорзул ХААН Банкны нэг хэсэг болсон анхны мөчөө эргэн дурсахдаа “Дадлагажигч гэдэг утгаараа биш шинэ хүн гэдэг утгаар хүн бүр л эелдэг найрсаг хандаж, мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж, “Энэ ажлыг ингэж хийдэг. Ийм асуудал тулгарвал ингэж шийднэ шүү” гэж их халуун дотно угтан авсан” гэв.
Мөн дан ганц мэргэжлийн мэдлэг , туршлагаас гадна хувь хүн талаасаа ч компанийн соёлд суралцжээ. Энэ талаараа тэрбээр “Би анх их хаалттай, дотогшоогоо хүн байсан. Хүмүүстэй хэрхэн харилцахаа мэддэггүй, мэндэлж ч чаддаггүй байсан. Харин энд орсноор танилын хүрээгээ тэлж, таарах бүртээ мэндчилж, ядаж л мэндлэх ёс сурсан” гэв.
Түүний адилаар Б.Нямбаяр ч энэ хөтөлбөрт шалгарч, одоо ХААН Банкны ажилтан болжээ. Б.Нямбаярын тухайд анх хөтөлбөрт шалгарсан 30 оюутны нэг болохдоо ганцаараа Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан байсан аж. Тэр ч утгаараа хүмүүсээс санаа зовж, өөрийг нь юу гэж бодож байгаа бол, даалгасан ажлыг нь гүйцэтгэж чадаж байна уу гэх зэргээр санаа зовох асуудал бишгүй л тулгарсан гэнэ. Гэхдээ дадлагажих хөтөлбөр учир хүн бүр зааж, зөвлөн сурах үйл явцад нь дэм болжээ.
Б.Нямбаяр “Анх орж ирэхэд миний төсөөллөөс давж, намайг угтаж авсан. Анх банкыг мөнгөтэй холбоотой газар л гэж бодсон. Гэтэл мэдээллийн технологийн компани шиг, бүтэн хоёр давхар дүүрэн том газар байсан. Үйл ажиллагаанууд нь ч ойлгомжтой, хэн юу хийх нь тодорхой байсан” гэлээ.
Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оюутан залууст энэ удаагийн хөтөлбөрийн ерөнхий мэдээллийг өгч, шинэ дэвшилтэт технологиудын талаарх танилцуулгыг хийж байлаа. Мөн ХААН Банкны мэдээллийн технологийн салбар нэгжүүд өөрсдийн хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, оюутнуудын сонирхсон асуултад хариулж, мэдлэгээ хуваалцаж байгаад олон хүүхэд залуус талархан хүлээн авч байв.
Энэ үеэр хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ШУТИС-ийн Хиймэл оюун ухааны ангийн гуравдугаар дамжааны оюутан н.Эрхэмхүүтэй ярилцлаа. Тэрбээр хөтөлбөрийг сонирхсон шалтгаанаа тайлбарлахдаа “ХААН Банк “AIOps” буюу автоматжуулалт болон хиймэл оюуны ажлын байр байдаг. Тиймээс энэ байгууллагад мэдлэг, туршлага хуримтлуулахаар ирсэн. Олон зүйлийг сурна гэж хүлээж байна. Өнөөдрийн орчин бол тав тухтай, хүмүүсийн харилцаа найрсаг байна. Мөн харилцааны ур чадварт суралцана гэж бодож байна” гэв.
Түүний хувьд өмнө нь 2-3 компанийн дадлагын хөтөлбөрийг сонирхож байсан ч ХААН Банк нь салбартаа хэдийн байр сууриа тодорхойлчихсон, ажлын орчин, тоног төхөөрөмж нь дэвшилтэт, ажилтнаа үнэлж чаддаг учир энэхүү хөтөлбөрт хамрагдахаар хүрэлцэн иржээ.
Холбоотой мэдээ