BCL буюу Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтууд Улаанбаатар хотод боллоо. Сингапур, Индонези, Хонгконг, Тайланд, Монгол, Малайзын лигийн аварга болон дэд аварга гэсэн нийт найман баг өрсөлдөж, дөрөв нь дараагийн шатанд оролцох эрхээ авав.
А ХЭСЭГ: ХОНГ КОНГИЙН АВАРГУУД ТЭРГҮҮЛЖ, БИШРЭЛТ МЕТАЛЛ СҮҮЛ МУШГИВ
А хэсэгт Хонгконгийн аварга Истерн, Индонезийн аварга Правира Бандунг, Малайзын аварга НС Матрикс Дирс, Монголын дэд аварга Бишрэлт Металл гэсэн дөрвөн баг өрсөлдөв. Энэ өрсөлдөөн дундаас Хонгконгийн аваргууд хоёр хожил, нэг хожигдолтой тэргүүлж, хоёрдугаар шатанд шууд оролцох эрхээ авсан бол Правира Бандунг, НС Матрикс Дирс багууд эрхийн төлөө нэмэлт тоглолт хийх болсон. Харин Бишрэлт Металл тэмцээнээ тааруу эхлүүлж, эхний хоёр тоглолтдоо Правира Бандунг болон НС Матрикс Дирс багуудад дараалан ялагдаж, тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Гэхдээ нэр төрийн нэг хожлын төлөө хэсгийн шатны сүүлийн өдөр Истерн багийн эсрэг талбайд гарч, эцсийн мөчид 83-80 гэсэн харьцаатай хүчирхэг өрсөлдөгчөө буулган авсан.
В ХЭСЭГ: ИНДОНЕЗИЙН ПЕЛИТА ЖАЯА ИЛТ ИЛҮҮРХЭЖ, ХАСЫН ХҮЛЭГҮҮД ГУРАВДУГААР БАЙРААР ШАЛГАРАВ
Индонезийн лигийн дэд аварга Пелита Жаяа, Тайландын аварга Хай-Тек, Монголын аварга Хасын Хүлэгүүд, Сингапурын аварга Адройт нар нэг хэсэгт өрсөлдөв. Энэ хэсгээс Пелита Жаяа нэг ч хожигдолгүй, бүх өрсөлдөгчөө буулган авч дараагийн шатанд шууд оролцох эрхээ авсан. Тус багаас Жакуори Маклафлин гэх 2021 оны NBA-ийн драфтад нэрээ өгч, Даллас Маврикстэй хоёр талт гэрээ байгуулж байсан 26 настай залуу гоц гойд тоглолтыг үзүүлж, гурван тоглолтод багаа манлайллаа. Харин Ханжоугийн Азийн наадмын гол дүр, Филиппиний шигшээ багийн од Жастин Браунли төсөөлснөөс даруухан тоглож, багтаа чухал үүргийг гүйцэтгэсэн.
Харин хэсгийн хоёр болон гуравдугаар байрт Тайландын Хай-Тек, Хасын Хүлэгүүд баг орж, Адройт ганц ч хожил байгуулж чадалгүй хомоол хамсан. Энэ хэсгийн хамгийн сонирхолтой тоглолт Хай-Тек болон Хасын Хүлэгүүд багуудын хооронд өрнөж, нэмэлт цаг сунгасны эцэст Тайландын аваргууд хүчирхэг өрсөлдөгчөө талбай дээр нь буулган авч, хоёрдугаар байрт шалгарсан.
НЭМЭЛТ ТОГЛОЛТ: ПРАВИРА БАНДУНГ БОЛОН НС МАТРИК ДИРС БАГУУД ДАРААГИЙН ШАТАНД
Ийнхүү хэсгээ тэргүүлсэн хоёр баг дараагийн шатны эрхээ шууд авсан бол хэсэгтээ хоёр болон гуравдугаар байрт орсон дөрвөн баг үлдсэн хоёр эрхийн төлөө нэмэлт тоглолт хийсэн. Эхлээд Правира Бандунг болон Хасын Хүлэгүүд багууд тоглосон. Тоглолтын эхнээс дөрвөн үе Правира Бандунг илүү явсаар 94-83 гэсэн харьцаатай хожжээ. Индонезийн багаас Брэндон Францис оноо авалтаар тэргүүлж, Жэймс Гист будагтай талбайд дийлдсэнгүй. Эсрэгээрээ Хүлэгүүдийн хамгаалалт, бөмбөг эзэмшилт, самбараас бөмбөг авалт тун тааруу байж, хожигдох гол шалтгаан нь боллоо. Багийн гол хүн Б.Билгүүн ч алдааны асуудалд эрт орж, багтаа бүрэн тусч болж чадсангүй. Мөн Т.Санчираас фэнүүд нь их зүйл хүлээж байсан ч олон хүчин зүйлсийн улмаас түүнийг төдийлөн ашиглаагүй. Правира Бандунг дараагийн шатны гурав дахь эрхийг авав.
Сүүлийн эрхийн төлөө Хай-Тек, НС Матрикс Дирс багууд тоглож, ширүүхэн тоглолтын эцэст 96-93 гэсэн харьцаатай Малайзын аваргууд хожжээ. Эхний үед Хай-Тек илт илүүрхсэн ч хоёрдугаар үеэс тэдний довтолгоо нурж, Дирсийн шидэлтүүд чамбайрсан. Улмаар онооны зөрүү 17 хүрч, Дирс илт илүүрхсэн. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед Хай-Тек эргэн ирж, онооны зөрүүг ердөө нэг болгосон ч хожиж чадсангүй. Тоглолтын эцсийн секундтай уралдан шидсэн Маркус Эллиоттын шидэлт оновчгүй болж, Дирс сүүлийн эрхийг өөрсдийн болгожээ.
Монголын багууд анх удаагаа олон улсын клубуудын тэмцээнд хүчээ сорьж, өөрсдийн түвшнээ харлаа, мэдэрлээ. Юу дутуу, юу илүү гэдгээ ч дасгалжуулагчид, тамирчид, арын албаныхан сайн ухаарсан биз. Биеийн хөгжил, тэсвэр хатуужлаас гадна шидэлт, хамгаалалт, довтолгооны хувилбар, тактикийн тоглолтууд, легионер сонголт, скаутын ажил гээд дутуу зүйлс их байв.
Цаашдаа Монголын дээд лигийн аварга болсон баг Азийн аваргууд лигийн урьдчилсан шатанд тогтмол өрсөлдөнө. Энэ удаад тэмцээнийг зохион байгуулагч гэдэг утгаараа хоёр баг оролцуулсан юм.
Эрхээ авсан Хонгконгийн Истерн, Индонезийн Пелита Жаяа, Правира Бандунг, Малайзын НС Матрикс Дирс багууд дөрөвдүгээр сарын 23-наас 26-ны өдрүүдэд Жакарта хотод хоёрдугаар шатны тоглолтоо хийн, хоёр баг нь үндсэн шатанд шалгарч, Япон, Өмнөд Солонгос, Хятад гээд Азийн тэргүүлэх сагсан бөмбөгийн лигийн аваргуудтай хүч үзнэ.
Нэргүй 2024-04-08 103.212.116.56
Металийн залуус өөрсөддөө итгэлтэй дайчин тогловол нөөц ихтэй харагдсан шүү
5 2024-04-08 66.181.190.248
Манай лигийн аваргууд азийн хэмжээнд ямархуу байгаа гэдэгт дүн тавиулсан тоглолт боллоо… Манай залуус өөрсдийн хэмжээнд маш сайн тоглосон. Өнгөрсөн хугацанд бидний дотоодын асуудлаас болоод FIFA-н албан ёсны арга хэмжээнүүдэд оролцолгүй удсан нь бидний хөгжилд маш том ухралт байсан. Алдаа нь дээрээ суралцаад цааш явах маш том боломж байна.