Хаврын чуулган хаалтаа хийхээс өмнө заавал баталсан байх хуулийн жагсаалтад Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл багтаж байна. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад уг хуулийн гол үзэл санаа оршиж байгаа гэдгийг хууль санаачилагчид тодотгож байгаа юм. Тиймээс энэ удаагийн “Хууль төрөхийн өмнө” буландаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг онцлон танилцуулж байна.
Сүүлийн 30 орчим жилийн хугацааны үзүүлэлтээс үзвэл Монгол Улсын нийгэм, эдийн засаг нь байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялаг, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц ашигласны үр өгөөжөөс бүрэн хараат байсан нь харагддаг.
Тухайлбал, эрдэс баялгийн салбарын орлого нь 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн 25.7 хувийг 2021 онд 28.9 хувийг, 2022 онд 35.1 хувийг, 2023 онд 33.3 хувийг бүрдүүлж байна.
Эрдэс баялгийн салбарын орлогыг өнөө ба ирээдүйн иргэдэд тэгш хүртээх, хуваарилах зорилгоор Хүний хөгжил сангийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль тогтоомжууд, мөн Улсын Их Хурал, Засгийн газраас олон тооны бодлого, хөтөлбөрүүдийг батлан, хэрэгжүүлж байгаа хэдий ч тэдгээр нь байгалийн баялгийн орлогоос өнөө ба ирээдүйн иргэдэд тэгш хүртээх зарчмыг зохистой хэрэгжүүлж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Гэсэн хэдий ч дээрх алдаагаа давтахгүйн тулд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тулгуурлан байгалийн баялгаа тэгш хуваарилах оролдлогыг өмнөх алдаа оноо, сургамж дээрээ үндэслэн боловсруулсан хэмээн хууль санаачилагчид тодотгож байгаа юм. Тиймээс Үндэсний баялгийн сангийн төрөл, зориулалт, эх үүсвэр, тогтвортой байдлын талаар хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар танилцуулъя.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Ирээдүй өв сан, Хөгжлийн болон Хуваарилалтын сантай байхаар боловсруулсан бөгөөд сан бүр өөр өөрийн гэсэн зориулалт, байршуулах данстай байхаар тусгасан байна.
9.1. Баялгийн сан нь дараах төрөлжсөн сангаас бүрдэнэ:
9.1.1. Ирээдүйн өв сан;
9.1.2. Хуримтлалын сан;
9.1.3. Хөгжлийн сан.
10 дугаар зүйл. Баялгийн сангийн хөрөнгийн зориулалт
10.1. Баялгийн сангийн хөрөнгийн зориулалт
10.1.1. Ирээдүйн өв сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах;
10.1.2. Хуримтлалын сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг суурь хэрэгцээг хангах;
10.1.3. Хөгжлийн сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан нийгэм, эдийн засгийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
Сангуудын мөнгө хаана байрших вэ?!
10.2. Ирээдүйн өв сангийн мөнгөн хөрөнгийг Монголбанк дахь Ирээдүйн өв сангийн валютын дансанд байршуулна.
10.3. Хуримтлалын болон Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулна.
10.4. Хуримтлалын сангийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг Монгол Улсын иргэн бүрийн Хуримтлалын нэрийн дансанд бүртгэнэ.
АМНАТ-ийн 65 хувийг Баялгийн санд төвлөрүүлнэ
11.1. Баялгийн сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
11.1.1. Ирээдүйн өв сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
11.1.1.а. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь;
11.1.1.б. Сангийн хөрөнгө оруулалтын орлого.
11.1.2. Хуримтлалын сан нь энэ хуулийн 12.9-т заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас дараах зарчмаар хуваарилсан эх үүсвэрээс бүрдэнэ:
11.1.2.а. Энэ хуулийн 12.4-т заасан хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгийг;
11.1.2.б. Энэ хуулийн 12.4-т заасан хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь ба түүнээс дээш бол түүний төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох ногдол ашгийг;
11.1.3. Хөгжлийн сангийн эх үүсвэр нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ.
Тогтвортой байдлын талаар ямар зохицуулалт тусгав
Өнгөрсөн хугацаанд олон сан байгуулсан боловч үр өгөөжөө өгсөн нь цөөн. Ашиг, орлоготой байж аривжин баяжиж байх ёстой сангууд алдагдал хүлээж, өр хуримтлуулж, эцэст нь татан буулгахаас өөр аргагүйд хүрдэг. Тухайлбал, Хүний хөгжил санг нэрлэж болно. Тус сан ажиллаж байх хугацаандаа ихээхэн хэмжээний алдагдал хуримтлуулахаас гадна, сонгуулийн өмнөх шоунд зориулсан мөнгө тараах бас нэгэн суваг болсон. Хүний хөгжил сангаас ирээдүй үеийн иргэдэд байгалийн баялгийн орлогоос хуримтлал бий болгож чадаагүйгээс гадна 1 их наяд гаруй төгрөгийн өр үлдээсэн байдаг. Тиймээс Үндэсний баялгийн сангийн тухай хуульд тогтвортой байдлын талаар ямар зохицуулалт тусгасан нь анхаарал татаж байна.
12 дугаар зүйл. Баялгийн сангийн хөрөнгийн тогтвортой байдал
12.1. Баялгийн сангийн төсөв нь нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.
12.2. Баялгийн сангийн хөрөнгийг энэ хуульд зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.
12.3. Төрөлжсөн сан хооронд хөрөнгө шилжилт хөдөлгөөн хийхийг хориглоно.
12.4. Уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын бүх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн харьяанд ажиллана.
12.5. Орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд нь 100 хувь төрийн өмчит компани байх бөгөөд хувьцааг Засгийн газар эзэмшинэ.
12.6. Орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд нь энэ хуулийн 12.4-т заасан хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, удирдлага зохион байгуулалтаар хангана.
12.7. Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувийг орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд эзэмшинэ.
12.8. Энэ хуулийн 12.4-т заасан хуулийн этгээд нь дүрэмд заасан үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, санхүүжүүлэхийг хориглоно.
12.9. Энэ хуулийн 12.4-т заасан хуулийн этгээдийн эзэмшлийн ногдол ашгийг энэ хуулийн орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдэд төвлөрүүлнэ.
12.10. Энэ хуулийн 12.9-т заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас энэ хуулийн 11.1.2-т зааснаар хуваарилаад үлдэх хэсгийг нэгдлийн стратеги төлөвлөгөөнд тусгасан, ирээдүйд орлого, үнэ цэнийг бий болгох бизнес хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
12.11. Уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн эзэмшлийн хувьцааг иргэдэд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэхийг хориглоно.
Эцэст нь Олон улс дахь Үндэсний баялгийн сангуудын нийтлэг шинж нь тухайн улсын Сангийн яам эсхүл төв банкнаас гаргасан хөгжлийн бодого болон хөрөнгө оруулалтын эрсдэлээс сэргийлэх ерөнхий бодлогын хүрээнд одоо ба ирээдүй иргэн бүрд тэгш хүртээхэд чиглэсэн тусгайлсан бодлого бүхий үйл ажиллагааг улсын нэгдсэн төсвөөс тусдаа байдлаар хэрэгжүүлдэг, хэрэгжүүлэгч нь ажлаа тухайн улсын Засгийн газар болон парламентад тайлагнадаг байна. Эдгээр сангууд нь хөгжлийнхөө явцад шинэчлэгдэн эдийн засгаа тогтворжуулах (Kuwait fund 1953), ханшийн зөрүүний шокоос хамгаалах бодлогын хэрэглэгдэхүүн болгох (China Investment Corporation, Ltd. 2007), өндөр үр ашигтай хөрөнгө оруулалт хийх (Singapore’s Temasek Holdings 1981), хойч үедээ өвлүүлэх (Norway Pension Fund 1990) улмаар улсынхаа дотоод хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэх (Saudi Arabia Public Investment Fund) зэргээр хөгжиж иржээ. Эдгээрээс хөгжиж буй орнуудын хувьд сангийн хөрөнгөөр байгалийн баялгийн орлогоос хараат бусаар эдийн засгаа тогтворжуулах зорилготой үйл ажиллагаа явуулахад нэн тэргүүнд анхаарч байна.
Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэлээс шууд хамааралтай бөгөөд хязгаарлагдмал нөөц бүхий газрын хэвлийн баялгаас олсон орлогыг уул уурхайгаас бусад эдийн засгийн салбарын орлогыг эрчимтэй нэмэгдүүлэх суурь бодлогод чиглүүлж, үүний үр дүнд бий болсон эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг хойч үедээ хүртээх үзэл орчин үед давамгайлах болсон.
Тиймээс Монгол Улсын хувьд ч Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан Үндэсний баялгийн санг байгуулах эрх зүйн орчныг бий болгох, үндэсний онцлогт тохирсон хөгжлийн хөдөлгүүрийг олон улсын тэргүүлэх жишгийг харгалзан үзэх байдлаар бүтээх нэн чухал, хариуцлагатай цаг үе ирээд байна. Цаашлаад Үндэсний баялгийн сангаар дамжуулан байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчим хангагдах эсэх асуудал ч хөндөгдөх юм. Түүнчлэн Үндэсний баялгийн санг гурван төрлийн санд хувааж байгаа нь улстөрчдийн гар хөл уг сан руу орох, захиран зарцуулах эрх мэдлийг олон хэсэг хуваасан нь сөрөг үр дагавартай гэх шүүмжлэх ч иргэд бий. Тиймээс уг хуулийн төслийг хэлэлцэх үйл явцад олон нийт анхаарал хандуулах зайлшгүй шаардлага тулгарч байна.
Zochin 2024-04-08 103.168.34.69
shou bish baigaasai
Зочин 2024-04-08 66.181.182.83
Хортой мөхөөлдөс долоолгохоо больчмоор байнаа. Өөрсдөө ч залхадгүйн байхдаа тэрний оронд гурилын гаалын татвараа чөлөөлөхөөс эхлэл дээ олигархжсан луйварчидаа дөнгөл монополийн хуулиа чангаруулаарай шударга өрсөлдөөн хүн бүхнийг нийгмийн баялагаас эрх тэгш хүртэх боломжийг аяандаа бүрдүүлэнэ авсан цалин нь хүрэлцдэг болно. Сэтгэл нь цадахгүй энэ нийгэмд хэдэн арван баялагын сан байсан ч ёроол нь цоорхой бол юу ч хүүгээд нэмэргүй
Иргэн 2024-04-08 202.126.89.216
Сайхан мэдээлэл байна. Харамсалтай нь энэ асуудлыг улс төрчид сонгуулийн өмнө л ярих юм. Чихэнд цэцэг ургуулах …