2024 оны УИХ-ын сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр товлогдсон. Хуулийн дагуу сонгуульд оролцох намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн бөгөөд Монгол ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам, Үндэсний эвсэл зэрэг нийт 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлээд байгаа юм. Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан бол албан ёсоор сонгуульд нэр дэвших эрхээ баталгаажуулна гэсэн үг. Албан ёсоор нэр дэвшигчид тодроогүй байгаа ч нэр дэвших бэлтгэлээ базааж, сонгуулийн сурталчилгаандаа орсон олон нэр дэвшигчид бий. Нийслэлийн зургаан тойрогт нэр дэвшихээр горилж буй хүмүүсийг цувралаар танилцуулж байна. Нийслэлийн хувьд хамгийн их хүн амтай дүүргийн нэг нь Баянзүрх дүүрэг. УИХ-аас тойргийг томсгосноор Баянзүрх дүүрэг нь УИХ-ын VIII тойрог болж, 5 мандаттай болсон юм.
Баянзүрх дүүргийг өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд 2 тойрогт хувааж, нийт 5 мандат хуваарилж байсан. Харин энэ удаад нэг тойрог болгож, 5 мандаттай байхаар зохицуулсан.
МАН: СОНГОГДСОН ГИШҮҮДЭЭ ШИНЭ ДЭВШИГЧ НАРТАЙ СОЙНО
Баянзүрх дүүрэгт 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан, Б.Саранчимэг, Б.Энхбаяр нарыг нэр дэвшүүлсэн. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуульд баянзүрхчүүдээс итгэл хүлээсэн таван гишүүнээс тун цөөхөн хүн тойргоо зорих нь гэсэн мэдээлэл бий. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан нар тойргоо зорих нь тодорхой болсон бол бусад нь өөрчлөгдөж, шинэ кандитатууд орж ирэх магадлалтай байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хувьд энэ удаад тус дүүрэгт нэр дэвших эсэх нь тодорхойгүй байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг нэр дэвшүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Учир нь, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар гишүүнээсээ чөлөөлөгдөж, Хотын даргаар томилогдсон учраас Б.Энхбаяр түүний ажлыг авсан. Ажлаа авахдаа Засгийн газрын бодлогыг дагаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илд байхаа амлаж, ганцаарчилсан улс төрийн тоглолт хийхгүй хэмээн намын удирдлагадаа амлалт өгсөн. Гэвч одоо намын удирдлага болох намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай таарамжгүй харилцаатай болсон учраас энэ удаагийн сонгуульд нэр дэвших эсэх нь эргэлзээтэй болоод буй. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд говийн бүс буюу VII тойрогт нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй.
Шинээр тус тойрогт Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, НИТХ төлөөлөгч Д.Энхбаяр, П.Мөнхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд Б.Солонгоо, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын горилогчдын нэрс яригдаж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувьд Баянхонгор аймгийн гаралтай бөгөөд Ерөнхий сайд бүх сайд нараа тойрогт нэр дэвш гэсэн үүрэг өгсөн учраас түүний хувьд нутгаа зорих уу эсвэл Баянзүрх дүүрэгт нэр дэвших эсэх нь эцэслэгдээгүй байгаа юм.
АН: ХУУЧИН ГОРИЛОГЧИД ШИНЭ НЭР ДЭВШИГЧДИЙГ ИЛГЭЭНЭ
УИХ-ын 2020 оны сонгуульд Ардчилсан намаас З.Энхболд, Т.Батцогт, Ж.Баясгалан, Д.Пүрэвдаваа, Ц.Одонтунгалаг нар нэр дэвшиж, өвдөг шороодсон байдаг. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ардчилсан нам хуучин нэр дэвшигчдээ халж, шинэ бүрэлдэхүүн оруулж ирэхээр ярилцаж байгаа сурагтай.
Тухайлбал, Ардчилсан намаас НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт, Ардчилсан намын дэд дарга Ц.Жадамба, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга Л.Батдэлгэр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн орон тооны зөвлөх Т.Баясгалан, орон тооны бус зөвлөх Г.Ууганцэцэг нарын нэрс яригдаж байна. М.Тулгатын хувьд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, дэд дарга, НИТХ төлөөлөгч, НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар ажиллаж буй. Түүний хувьд өмнө нь Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөж байв. Харин Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт мөн л Баянзүрх дүүргээс хэд хэдэн удаа сонгогдож байсан нэгэн. Ц.Жадамбын хувьд өмнө нь Дорноговь аймагт, Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ