Улаанбаатарт стандартын дагуу бүтээн байгуулалт хийгдэхгүй байгаагаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрх зөрчигдөж буй. Тиймээс Хотын дарга Х.Нямбаатар үүрэг өгч, өчигдрөөс хотын стандартыг мөрдүүлэх ажлын хэсэг байгуулав. Үүнийг иргэд ихэд сайшааж, стандартад оруулах шаардлагатай зүйлсийг зарчмын дагуу болгохыг хүсчээ.
Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ, 2024 оны дөрөвдүгээр сарын 5-наас Улаанбаатарын стандартыг мөрдүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Зургаан баг болон хотын гол магистраль зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажлыг өчигдрөөс эхлүүллээ. Нийтийн эзэмшлийн зам талбай бол иргэд чөлөөтэй зорчих боломжтой байх ёстой. Гэтэл харамсалтай нь техник хэрэгсэл байрлуулах, бетонон барилгыг түр байршуулах, худалдаа наймаа эрхлэх зэрэг цаашлаад хоёрдогч түүхий эд авч байгаа тохиолдол их байна. Тиймээс эхний ээлжид энэ ажлаас эхэлж стандартыг хэвшүүлнэ.
Үүний дараагаар Улаанбаатарын хаягжилтын нэгдсэн стандарттай болно.
Шаардлага хангаагүй, нийтийн эрх ашгийг зөрчсөн барилга байгууламжид мэдэгдэл хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоож, буулгах арга хэмжээ авна гэсэн юм.
Иргэд ч үүнийг дэмжиж нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж байгаа нь зүйтэй хэмээн сайшааж байна.