-Ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулна. /Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангаргийн үгнээс…/
-Ардчиллын дархлаагаа ард түмнээрээ хамгаалж байж бид Ардчилсан улс хэвээр үлдэнэ. / УИХ-ын дарга Г.Занданшатарын намрын чуулганы хаалтын үгнээс/
-Ардчилал бол нүдний цэцгий мэт хамгаалах ёстой үнэт зүйл юм. /Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн МАН-ын 30 дугаар их хуралд тавьсан илтгэлээс…/
Монголын төрийг найман жил удирдаж буй тэдний үгийг энд ийн онцолсон нь учир шалтгаантай. Нэгэн цагт Азийн баянбүрд гэж нэрлэгдэж асан Монголын ардчилал өнөөдөр асуултын олон тэмдэг дагуулах болсон нь бодит болоод гашуун үнэн. Тоо худлаа хэлдэггүй. Монгол бие даасан тусгаар улс хэвээр орших эс орших нь ардчилалтай нягт холбоотой, тиймээс Монголын ардчилал бүрэн бүтэн үлдэж чадах эсэх нь ҮАБЗ-ийн үгнээс илүүтэй үйлдлээс нь шалтгаалах юм. Товчхондоо, ардчиллыг хамгаална гэж “тоглоомоор” хэлдэг үг ч биш, цаг ч биш. Цаг үеийн нөхцөл байдал, Царь, Хуанди талаас үзүүлж буй шахалт дарамтаа тооцсон ч Монголын улс төрд олон намын оролцоог нэмэгдүүлэх нь нийгмийн нэг захиалга болсон.
Монголыг өнгөц харахад улс төрийн намын олон тогтолцоотой, парламентын засаглалтай, хэвлэлийн эрх чөлөөтэй ардчилсан улс мэт. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн намтай, хэвлэлийн зах зээлд нь хэдэн зуун сайт, сонин, телевиз ажиллаж байна. Гэвиг авлига, ардчиллын индексүүд арай өөрийг өгүүлж байна. Дашрамд хэлэхэд, Ардын намын авлигатай тэмцсэн он жилүүдэд ардчилал хумигдаж, авлига нэмэгджээ. Авлигад холбогдсон хүний тоо болон авлигын хэмжээ нь урьд өмнө байгаагүй өндөр "үзүүлэлттэй" гарах болсон. МАН засгийн эрхийг дангаараа барьсан 2016-2024 онд Монголын гадаад рейтинг улам урууджээ. Жишээлбэл,
- Авлигын индексээр /2016-2020 онуудад/ 50 байраар,
- Ардчиллын индексээр /сүүлийн хоёр жилд/ 20 байраар,
- Хэвлэлийн эрх чөлөө нь 22 байраар ухарсан.
Эдгээр тоонууд Монголын ардчилалд аюулын харанга хэдийнэ дэлдээд эхэлсний том ДОХИО юм. Одоо л сэхээрэхгүй бол оройтож мэдэхийн АНХААРУУЛГА.
Үндсэндээ МАН ялж, Монгол ялагдаж, авлига ялж, ардчилал ялагдаж байна. Иргэд нь үгээ хэлэхээс эмээдэг болсон байна, эрх баригчид нь худлаа хэлэхээс ичихээ больсон байна. Өөрсдөөс нь өөр үзэл бодолтнуудаа хууль, шүүхээр айлгадаг болсон байна. Ард иргэд нь бүсээ чангалаж, авлигачид нь бүсээ сулласан байна. Бизнесийнхэн нь эрх чөлөөгүй болсон байна. Бид ингэхэд хаашаа яваад байна вэ?!
Газар зүйн байрлалаараа хоёр хөршийнхөө “хориг”-т амьдардаг Монголын тусгаар тогтнолын туг сүлд нь эрх чөлөө, амин сүнс нь ардчилал юм. Ардчиллыг утга уянгаар хамгаалдаггүй, улс төрийн бодлого шийдвэрээр үнэт зүйл, үзэл бодлыг үргэлж тордож, амин сүнсийг нь арчлах ёстой юм, уг нь. Үүнийг МАН хийж чадсангүй, харамсалтай нь. Ардчилал амьд байх нь АН-д төдийгүй МАН-д хэрэгтэй. АН-ын Монгол, МАН-ын Монгол гэж дэлхий дээр байхгүй. Тэр утгаараа АН-ын ардчилал, МАН-ын ардчилал ч гэж байдаггүй. Ардчилал нэг намын өмч биш нийт ард түмний өмч байх ёстой. Өнөөдрийн хувьд Монголын ардчилал МАН-ын бодлогоос АН-ын “эргэн ирэлт”-ээс шалтгаалж байна. Төрийн эрх мэдлийн хүндийн төв дээр хүчний тэнцвэр хангагдаж байж ардчилал аврагдана, Монгол амьд үлдэнэ. Юун үнэн гэвэл энэ л үнэн.
Ийм шалтгаанаар АН зөвхөн ардчиллаар овоглодог нам төдий биш байгаасай гэсэн асар их хүлээлт нийгэмд үүссэн. Энэ хүлээлт 2024 онд АН-д эргэн ирэх ёстойн мотиваци болох ёстой. Ахин дахин ялагдах эрх байхгүйн анхааруулга, сануулга ч байх учиртай.
Хэрэв 2024 онд АН ялагдах юм бол Монголын ардчилал саарлаас хар жагсаалт руу гулсана. Үүнийг АН хүсээ гэж үү?!
Өнөөдөр Ардчилсан намын төрсөн өдөр. Тэд 34 нас хүрч байна. Хүнээр зүйрлэвэл жинхэнэ хийж бүтээдэг ид насан дээрээ АН ирж байна. Тиймээс тэднээс асуух нэг асуулт байна. Сонгуулийн хуудсанд хоёрдугаарт бичигддэг шигээ улс төрийн хоёрдугаарх, өлгийдөө өтөлсөн нам байх юм уу. МАН-ын далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг нам хэвээр үлдэх үү?!. Ардчилал гэх үг АН-ын хувьд албан тушаалын гишгүүр төдий биш ард олондоо өгөх эрх чөлөө нь болоосой. Иргэд ингэж хүсч, хүлээж суугаа. Иймээс ахиад сануулахад ардчиллыг үгээр хамгаалдаггүй, үйлдээрээ баталгаажуулдаг юм.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ