Метан ялгаруулагч хамгийн том далд эх үүсвэрүүд

Метан ялгаруулагч хамгийн том далд эх үүсвэрүүд

Метан ялгаруулагч хамгийн том далд эх үүсвэрүүд

Хөдөө аж ахуйн салбар бол дэлхий дээрх метан хийн хамгийн том антропоген эх үүсвэр юм. Үүний араас газрын тос, байгалийн хийн ордууд орно. Энэ бүхэн нийлээд уур амьсгалын өөрчлөлтийн эмзэг цэг болсон хэвээр байна. Дэлхий дээрх метан хийн ялгаруулалтын 60 хувь нь антропоген эх үүсвэр буюу хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй бол үлдсэн 40 хувь нь байгалийн эх үүсвэрээс гаралтай аж.

Дэлхийн дулаарлын 20-30 хувь нь метанаас бүрэн хамааралтай. Урт хугацаандаа метан нь дэлхийн дулааралд нүүрстөрөгчийн давхар ислээс илүү нөлөө үзүүлдэг гэсэн үг. Нарийн хэлбэл, 20 жилийн хугацаанд нүүрстөрөгчийн давхар ислээс даруй 80 дахин их нөлөө үзүүлдэг ажээ.

Метаныг хянах шинэ хиймэл дагуулын тусламжтайгаар дэлхий дээрх хамгийн том далд эх сурвалжуудыг нэрлэжээ. Эндээс онцлох наймыг нь доор дурдаж байна.

Мөнх цэвдэг

ОХУ-ын Ямал болон Гыда хойг дахь Сибирийн мөнх цэвдэгт нууцлаг аварга том тогоонууд үзэгдэх болсон. Тэдгээр тогооны ёроолд байгаа усан дахь метаны хэмжээ ихэссэн нь тогтоогджээ. Мөнх цэвдэг гэсэх үзэгдлээс, метан үүсгэгч нянгаас эсвэл мөснөөс метан ялгарч байж болзошгүйг тогтоосон онол байдаг. Метан хий мөсөн бүрхүүл дор хуримтлагдаж, улмаар тэсэрч, хагардаг. Ингэхдээ мөс, шороог хэдэн зуун метрийн зайд шидэж, том тогоо үүсгэдэг байж болзошгүй. Оросын Арктикт эдгээр тогоо яагаад гарч ирснийг бүрэн тогтоосон зүйл үгүй. Гэхдээ дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр мөнх цэвдэг гэсч буй нь метан хийн асар том эх үүсвэр болсон байх магадлалтай.

Мөсөн голын хайлсан ус

Температурын өсөлтийн улмаас дэлхийн өнцөг булан бүрт мөсөн голууд хурдацтай хайлж эхэлсэн. Энэ нь олон мянган жил далд оршсон үл мэдэгдэх ертөнц, далд метаны нөөцийг илрүүлэх болов. Тухайлбал, Канадын баруун хойд хэсгийн Юконы нутаг дэвсгэрт орших гурван мөсөн голын хайлсан ус дахь метан хийн агууламж агаар мандлаас 250 дахин их байгааг Копенгагены их сургуулийн 2023 онд хийсэн судалгаагаар тогтоожээ. Мөстлөгийн метан ялгаруулалтад хүчилтөрөгчгүй орчин шаардагдана гэж үздэг байсан тул энэ судалгааны дүн эрдэмтдийг ихээхэн гайхашруулсан аж. Гэтэл мөсөн доорх метан ялгаралт бидний бодож байгаагаас ч илүү өргөн цар хүрээтэй байжээ. Энэ хайлах үйл явц цаашид дэлхийн хэмжээнд ямар үр нөлөө үзүүлэх нь тодорхойгүй.

Усан цахилгаан станц

Усан цахилгаан станцууд болон тэдгээрийн усан сангууд нь метан хийн хамгийн том эх үүсвэрүүдийн нэг мөн. Тэдгээрээс жил бүр бараг нэг тэрбум тонн нүүрсхүчлийн давхар исэл ялгардаг. Метан нь усан сангийн ёроолд байгаа задралын бодисоос гардаг бөгөөд цахилгаан үүсгэдэг турбинаар дамжин ус урсах үед ялгардаг. Их Британийн "Bluemethane" компани эдгээр метан хөөсийг анх удаа цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, халаах био хий, тээврийн хэрэгслийн түлш болгон ашиглахаар ажиллаж байна.

Бохирдсон гол мөрөн

Гол мөрөн, нуур зэрэг цэнгэг усны экосистемүүд дэлхийн метан хийн ялгаралтын бараг тал хувийг бүрдүүлдэг. Хонгконгийн хамгийн намгархаг газруудын нэг болох "New Territories"-ийн нутаг дэвсгэрээр урсаж буй гол мөрөнд 2020 онд шинжилгээ хийжээ. Уг шинжилгээгээр тэдгээр гол мөрний ус метан, нүүрстөрөгчийн давхар исэл, азотын ислийн өндөр агууламжаар хэт ханасан болохыг тогтоосон байна. Эндээс улбаалаад голын бохирдол хэдий чинээ их байна, утаа төдий чинээ их байгааг эрдэмтэд тогтоосон. Пестицидээр дамжин их хэмжээний нүүрстөрөгч, азот дэлхий даяарх гол мөрөнд цутгадаг аж. Эдгээр нь яваандаа задарч, нүүрстөрөгчийн давхар исэл, метан, азотын ислийг ялгаруулдаг.

Үхэр

Үхрийн хоол боловсруулах явцад ялгардаг метаны тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр үргэлж бичдэг боловч бууруулах арга зам нь тодорхойгүй хэвээр байна. Цагаан будааны талбайгаас эхлээд мал аж ахуй хүртэлх газар тариалангийн талбар тэр чигтээ манай дэлхийн метан хийн ялгаруулалтын хамгийн том эх үүсвэр гэдгийг Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлсэн. Калифорни дахь бэлчээр дангаараа л мужийн газрын тос, байгалийн хийн ордуудаас илүү их метан ялгаруулж байгаа юм.

Ус намгархаг газар

Ус намгархаг газар бол метан хийн хамгийн том байгалийн эх үүсвэр юм. Уур амьсгалын өөрчлөлт нь температурын өсөлт, тогтворгүй хур тунадасыг дагуулдаг. Эндээс үүсэлтэй усархаг хөрс нь метаныг агаар мандалд илүү хурдан гаргаж байгаа аж. Бореал-Арктикийн бүс нутагт намгархаг газрын метан хийн ялгаруулалт сүүлийн хорин жилийн хугацаанд есөн хувиар нэмэгдсэн болохыг 2024 оны судалгаагаар тогтоожээ. Эрдэмтдийн тооцоолсноор 2002-2021 оны хооронд эдгээр бүс нутгийн намгархаг газар жилд дунджаар 20 их наяд кг метан ялгаруулсан байна. Энэ нь ойролцоогоор 55 "Empire State Building"-ийн жинтэй тэнцэх аж.

Хогийн цэгүүд

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр хог хаягдал нь дэлхийн хэмжээнд метаны гурав дахь том эх үүсвэр юм. Энэ нь хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын дараа орно. Хогийн цэгт ялзарсан органик бодис их хэмжээний метан ялгаруулдаг. Мумбай дахь хогийн цэгээс цагт 9.8 тонн буюу жилд 85 мянган тонн метан ялгардаг болохыг 2022 оны судалгаагаар тогтоожээ. Хог хаягдлыг хогийн цэг рүү илгээхийн оронд бордоо болгох нь агаар мандалд ялгарах метаны хэмжээг багасгахад тусална.

Ой хээрийн түймэр

Дэлхий даяар ой хээрийн түймрийн давтамж нэмэгдэхийн хэрээр тэндээс гарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг, тэр дундаа метаныг хянах улам чухал болж байна. Ой хээрийн түймэр бол метан хийн бохирдуулагчийн гол эх үүсвэр. АНУ-д зөвхөн 2020 онд гарсан хамгийн том 20 гал түймрийг авч үзье. Эндээс ялгарсан метаны хэмжээ сүүлийн 19 жилийн ойн түймрээс долоо дахин их байна. Тэр бүү хэл гал унтарсны дараа ч метан хий ялгарсаар байгааг НАСА-гийн Аляск дахь судлаачид тогтоожээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-08 103.212.162.85

УЦС метан хий ялгаруулж байгальд сөрөг нөлөө үзүүлдэг болж таарлаа. Иймд барихгүй байх нь зөв гэж ойлгов…

Avatar

Нэргүй 2024-04-08 139.5.216.27

мал аж ахуй бол гол тэтгэгч хүч нь

Avatar

у 2024-04-08 202.9.40.114

Махнаас татгалзах нь гол арга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж