Амьдралын төлөөх газрын гүн дэх тэмцэл

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Амьдралын төлөөх газрын гүн дэх тэмцэл

Кристина Нунец өнгөрсөн долоо хоногт гэрлэе гэсэн саналаа жижиг зурваст бичиж, доош дамжуулсан аж. Олон хоног ямар ч мэдээ сураггүй харанхуй нүхэнд байсан хүмүүст ах дүү, амраг садных нь бичсэн зурвасууд сэтгэлийн дэм өгч, хүч оруулсан нь дамжиггүй. Уурхайчдын олонхи нь сэтгэл өөдрөг байгаа нь харагдсан боловч тэднээс дөрөв нь ах дүү нартайгаа холбоо бариагүй тул гэрийнхэн нь тэдэнд санаа зовж эхэлжээ. Үүний урьд бичил камер доош буулгаж, харилцсаны үндсэн дээр тэднээс тав нь сэтгэл гутралд автсаныг тодорхойлсон аж. Аврах багийнхан тэдний төлөө түгшиж байгаагаа урьд нь мэдээлж байсан юм.

Уурхайн ойролцоо майхан хотхон бий болж, тэнд нь уурхайчдын гэр бүлийнхэн ойр дотныхоо хүмүүсийг аврахыг хүлээн өдөр хоногийг өнгөрүүлэх болжээ. Энэ жижиг сууринд өсвөр насны арваад хүүхэд аав, ахыгаа хүлээн хүүхэд зангаараа тоглож наадан цагийг өнгөрөөж байна.

АВРАХ АЖИЛ
Уурхайчдыг аврах зорилгоор тусгай хонгил гаргах ажлыг уржигдар шөнө эхлүүлсэн байна. Өрөмдлөгийг хэвлэлийнхэн болон уурхайчдын гэр бүлийнхнээс хаалттай хэсэгт эхлүүлсэн аж. Уг ажилд Австралид үйлдвэрлэсэн “Strata 950” гэх 30 орчим тонн жинтэй шингэн шахуургатай тусгай өрөм ашиглаж байгаа юм. Аврагчид эхний ээлжинд туршилтын журмаар 33 см диаметртэй жижиг нүх гаргахаар төлөвлөсөн байна. Дараа нь нүхийг өргөсгөөд түүндээ аврах тусгай бүхээг буулгаж, хүмүүсийг нэг нэгээр нь татаж гаргах юм. Өрөм өдөрт  20 м гүн ухах хүчин чадалтай бөгөөд уурхайчид 700 метрийн гүнд байгаа билээ. Тэднийг аврах тусгай хонгил гаргахад дөрвөн сар орчим хугацаа шаардлагатай гэж эрх баригчид мэдэгдсэн юм. Тиймээс уурхайчид газар дор Зул сарыг угтах магадлалтай бөгөөд тэд өөрсдийг нь аврах ажилд оролцох шаардлагатай гэнэ. Тэд хонгилын харалдаа нурж буй шороог байнга зайлуулах хэрэгтэй бөгөөд нийт 4000 тонн орчим шороо чулууг энгийн хүрз малтуур зэрэг хэрэгслээр зайлуулах ёстой. Өдөртөө хэдэн тонн шороо, чулуу хуримтлагдах магадлалтай бөгөөд газар доор байгаа уурхайчид тодорхой ажилтай болсноор тэдний сэтгэл гутралаас гарах аж.

Уурхайчдыг аврах төлөвлөгөө боловсруулагчид энэ ажлынхаа хажуугаар хоёр дахь хувилбарыг хэлэлцэж эхэлсэн аж. Уурхайчдын байрлаж байгаа хонгилтой ойрхон нүх гаргах шинэ хувилбарын дагуу ажиллавал аврах ажил 60 хоногт багтах боломжтой юм. Чилийн Уул уурхайн сайд Л.Голборне “Ерөнхийлөгч тэднийг аврах өөр боломж эрэлхийлэхийг бидэнд даалгасан” гэжээ. Чилийн Ерөнхийлөгч С.Пинера уурхайчидтай утсаар холбогдож ирэх аравдугаар сарын дундуур Боливид айлчлахдаа тэднийг авч явна гэж амласан байна.

ГАЗАР ДООРХ АМЬДРАЛ
Уурхайн ам нурсанаас хойш 33 уурхайчин 700 метрийн гүнд гацсан нь урьд өмнө тохиолдож байсан ослуудтай харьцуулахад маш хэцүү  байгаа юм. Уурхайчдад уржигдар ханиадны болон багтраа үүсгэдэг бактерийн эсрэг вакцин хийжээ. Уурхайчдын нэг нь сувилагчаас утсаар зөвлөгөө авсаны дараа тарилгыг хийсэн юм. Видео бичлэг дээр эрчүүд гэр бүлийнхэндээ халуун мэнд дамжуулж байгааг харахад үнэхээр сэтгэл хөдлөм байжээ. Газар доор байнга +34 хэмийн халуун, хонгилд агаар солилцоо муугаас бүгчим, чийгтэй байгаа тул байнга цээж нүцгэн явж байгаа аж. Мөн  ариун цэвэр, эрүүл ахуйн хувьд тун хүнд нөхцөлд байгаагаас мөөгөнцөр зэрэг элдэв халдварт өвчин тусах эрсдэл тун их аж. Мөөгөнцрийн улмаас тэдний арьс үхжих аюул хамгийн их болсон тул тэдэнд уланд нь зэс шингээсэн оймс, агаар сайн нэвтрүүлэх тусгай даавуугаар  хийсэн шоорт, футболк зэрэг эд зүйлсийг нарийн хонгилоор дамжуулжээ. Мөөгөнцөрөөс илүү сэтгэл гутрал хамгийн их аюултай гэж сэтгэлзүйчид үзсэн байна. Тиймээс тэдэнд сэтгэл гутралаас сэргийлэх эм, регетон хөгжмийн бичлэг бүхий олон тооны MP3 тоглуулагч, даалуу зэрэг цаг өнгөөрөхөд нь хэрэг болох эд зүйлс, тоглоом  дамжуулжээ.

Одоогоор уурхайчид бүгд багахан зайтай тусгай хоргодох хонгилд байгаа. Жижгэвтэр нэг өрөө байрны хэмжээтэй уг хонгилд бүгд  шахцалдан бүтэн дөрвөн сар амьдрах нь хүнд. Тиймээс тэд хоёр ээлж болон хуваагдаж, нэг хэсэг нь хоргодох байрандаа амарч байхад үлдсэн хэсэг нь гаднах хонгилд өөр ямар нэгэн ажил хийж, даалуу тоглох, дасгал хийх зэргээр цагийг өнгөрөөж байна. Хоргодох байранд байсан онцгой тохиолдолд ашиглах ёстой дамнуургууд уурхайчдын ор нь болжээ. +30 хэмийн халуунаас сэргийлж өдөрт дөрвөн литр ус уудаг байна. Ослын дараа тэднийг олох хүртэл 17 хоногийн турш уурхайчид хонгилд байсан машины дээр тунасан усаар ундаалж байж. Газрын гүнд халуун, хүчилтөрөгчөөр дутмаг орчинд байгаа хүмүүсийн хувьд нэг баг болж ажиллах нь тун чухал юм байна. Тиймээс тэд өдөр бүр хурал хийж, хоол унд, тухайн ээлжийн хийх ажил зэргийг хэлэлцэх зэргээр хоорондоо эв нэгдэлтэй байхыг чухалчилж байна.

Газар доор дөрвөн сар хоригдсоноос сэтгэхүйд нь гарах өөрчлөлт зарим нэгэнд нь хэт хүнд тусч болохыг мэргэжлийн хүмүүс бас сануулж байгаа юм. Энэ талаар тэдэнд тусламж үзүүлэх зорилгоор АНУ-ын НАСА-ийн мэргэжилтнүүд Чилид очихоор болжээ. Тэд удаан хугацаагаар тусгаарлагдсан сансрын нисгэгчидтэй ажиллах явцад хуримтлуулсан туршлагаасаа Чилийн мэргэжилтнүүдтэй хуваал-цаж, уурхайчдад туслах гэнэ.

ОСЛЫН ШАЛТГААН

Зарим уурхайчны гэр бүлийнхэн осол гарсан уурхайг хүний аминд хүрсэн цуврал ослын дараа 2007 хаасныг дахин сэргээсэн нь хууль бус шийдвэр байсан гэж үзжээ. Уурхайн хонгил нурсан энэ ослын шалтгааныг мөрдөн шалгах парламентын тусгай хэсгийн тэргүүн Г.Хуидобро уурхайд 2008 онд олборлолтыг дахин сэргээсэн нь  авлигатай холбоотой байж болзошгүй гэжээ. Сан Эстебан Примера компани нь уг уурхайд 2007 онд осол гарч, 16 хүн амь насаа алдсаны дараа тусгай зөвшөөрлөө алдсан аж. Үүнээс нэг жилийн дараа уурхайг нээх зөвшөөрөл авах боломжийг эрх бүхий албаны доод тушаалын ажилтан олгосон гэх мэдээлэл байгаа юм. Гэтэл уурхайн ажлыг сэргээхэд шаардлагатай хяналт шалгалтыг журмын дагуу хийгээгүй гэдгийг шалгалтын багийнханд холбогдох хүмүүс мэдээлжээ.

Парламентын тусгай хэсгийн ахлагч Г.Хуидобро уг уурхайн хувьд тун хачин зүйл болсныг ажлын хэсгийн гишүүд бүгд мэдэж байгааг хэлжээ. Мөн тэрбээр “Энэ уурхайд журам зөрчсөн зүйл олон байсан боловч эргээд ажиллаж эхэлсэн нь гаднаас ямар нэгэн дарамт үзүүлж, шийдвэр гаргуулсныг харуулж байна” гэжээ. Энэ уурхайд 1987-1999 онд ажиллаж байсан Ф.Санчек хэмээх 51 настай эр “Энд байнга л осол гарч, хэн нэгэн бэртдэг байсан.  Гэхдээ энэ талаар гомдол гаргавал тэр хүнийг халдаг байснаас хүн бүр л дуугүй байхыг хичээдэг байлаа” гэжээ. Харин энэ удаад түүний үеэл дүү уурхайн гүнд үлджээ. Сан Хосегийн уурхайг иргэд “Камикадзегийн уурхай” гэж нэрлэх болсноос удирдлагууд нь ажиллагсдад дунджаар 1500 орчим ам.долларын хөлс төлөх болсон юм. Энэ нь тус нутагт орших ижил төстэй уурхайд өгдөг хөлсөөс 30 орчим хувь илүү байжээ. 

Д.МӨНХБОЛД:

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж