Мариуполь хотыг сэргээн босгох ажилд Германы хоёр компани оролцож байна. Эдгээр нь Баварийн цемент үйлдвэрлэгч "Knauf" болон Рейн бүс нутгийн бетон үйлдвэрлэгч "WKB Systems" компани юм. ОХУ хууль бусаар эзэлсэн нутаг дэвсгэрээ өөрийн болгох зорилгоор Мариуполийг сэргээн босгох төсөл хэрэгжүүлж буй.
"Knauf" компани аль 2022 онд Мариупольд цемент нийлүүлсэн байсныг гэрэл зургаар нотолжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны гэрээгээр ажилладаг барилгын компани ч сурталчилгааны материалдаа "Knauf"-ын цемент ашиглаж байгаагаа дурдсан байна. Дайн эхэлсний дараа Германы зарим компани ОХУ-тай бизнесийн харилцаагаа тасалсан. Гэсэн хэдий ч "Knauf"-ын үйлдвэр ОХУ-д үйл ажиллагаа эрхэлсээр байгаа бөгөөд 4000 орчим хүн ажилладаг.
Компанийн тэргүүн Николаус Науф ОХУ-д өргөмжит консулаар ажилладаг.
Цемент нийлүүлсэн тухайд "Компани зөвхөн Оросын зах зээлд л зориулж цемент үйлдвэрлэдэг. Бид Украин дахь дайныг буруушаадаг. Европын холбооноос Оросын эсрэг авсан бүх хориг арга хэмжээг дагаж мөрддөг" гэж мэдэгджээ.
Мөн Оросын олигархи Виктор Бударины эзэмшлийн герман компани болох "WKB Systems" бетон блокуудыг Мариупольд нийлүүлсэн. Гаалийн мэдээллээс харахад тус компани ОХУ-д олон жил бүтээгдэхүүн нийлүүлжээ.
"B4Ukraine" бүлгээс мэдээлснээр дайн эхлэх үед Орост охин компанитай байсан Германы 248 компанийн ердөө найм нь л Москватай бизнесийн харилцаагаа тасалжээ.
Эх сурвалж: THE TELEGRAPH