ОХУ-д тагнуул хийсэн хэргээр баривчлагдсан АНУ-ын иргэн Эван Гершковичийг буцаан авах тохиролцоонд хүрэхийн тулд Цагаан ордон Владимир Путины саналыг бодолцож үзэх хэрэгтэй гэж АНУ-ын дипломатч мэдээлжээ. АНУ-ын барьцааны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Рожер Карстенс "Батлан хамгаалахын зохиолчдын бүлэг"-ийн хуралдааны үеэр "Владимир Путин бидэнд Такер Карлсонтой хийсэн ярилцлагаараа дамжуулж дохио өгсөн гэж бодож байна. Тэрбээр Эванс Гершковичийг суллахад юу шаардлагатай байгааг энгийн үгсээр тодорхойлсон" гэж "ТАСС" агентлагт ярьжээ.Түүний үзэж буйгаар АНУ-ын засгийн газар одоо Гершковичийг суллуулахын тулд юу санал болгоход бэлэн байгааг олж тогтоохыг оролдож байна.
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) -ны гаргасан мэдэгдэлд "Wall Street Journal сэтгүүлийн сурвалжлагч Эван Гершкович нь Америкийн талын төлөөлөгчөөр ажиллаж, Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааны талаар маш нууц мэдээлэл цуглуулсан" гэж онцолсон байна. Үүнтэй холбогдуулан сэтгүүлчийг 2023 оны гуравдугаар сарын сүүлчээр Екатеринбургт саатуулсан. Түүнд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйл ("Тагнуул")-ын дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 20 жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Гершкович өөрийгөө буруугүй гэж үзэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сард АНУ-ын сэтгүүлч Такер Карлсонд өгсөн ярилцлагадаа "АНУ-ын эрх баригчид зарим болзлыг биелүүлэх ёстой. Ингэснээр Москва, Вашингтоноос Гершковичийн хэргийн талаар тохиролцох ёстой бөгөөд Оросын иргэнийг аль нэг улсад суллахыг АНУ-ын төлөөлөгчид баталгаажуулах ёстой" гэж мэдэгджээ.
Эх сурвалж:ТАСС