Украин дахь дайныг зогсоохын тулд Хятадын санал болгосон энхийн төлөвлөгөөг хамгийн үндэслэлтэй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Хятад улс нэг жил гаруйн өмнө 12 зүйл бүхий энхийн төлөвлөгөөг санал болгосон. Уг төлөвлөгөөг ОХУ, Украины аль аль нь талархалтайгаар хүлээж авсан. Харин АНУ-ын хувьд "Хятад өөрийгөө энхийг сахиулагч гэж хэлж буй ч Оросын түрэмгийллийг буруушаадаггүй" гэж мэдэгджээ.
"Хятадын энхийн төлөвлөгөө нь болж буй үйл явдлын шалтгаан болоод үүнийг үндсээр нь үгүй хийхэд чиглэсэн дүн шинжилгээнд үндэслэсэн байгаа нь бидний хувьд хамгийн чухал. Уг төлөвлөгөөнд ерөнхий зүйлээс эхлээд нарийн зүйлс хүртэл логиктойгоор багтсан байсан. Энэ төлөвлөгөөг тодорхой бус байна гэж шүүмжилж байсан. Гэхдээ энэ бол Хятадын агуу соёл иргэншлийн санал болгосон боломжийн төлөвлөгөө" гэж Лавров хэлжээ.
Сергей Лавров удахгүй Хятадын талын түнштэйгээ уулзах төлөвтэй байна. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Путин дахин сонгогдсоны дараах анхны гадаад айлчлалаараа Хятадыг зорих талаар өнгөрсөн сард мэдээлсэн билээ.
ОХУ-ын эрх баригчид Украины асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч хэлэлцээнд газар нутгийн "шинэ бодит байдал"-ын талаар тусгасан байхыг шаардаж буй. Харин Украины ерөнхийлөгч Зеленский байлдааны ажиллагааг зогсоож, бүх газар нутгаас цэргээ гаргахыг ОХУ-д уриалсан төлөвлөгөөг дэвшүүлсэн билээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ