"Сумын сурагчид хотын сурагчдаас 2 жилийн хоцрогдолтой байна"

Live"Сумын сурагчид хотын сурагчдаас 2 жилийн хоцрогдолтой байна"

"Сумын сурагчид хотын сурагчдаас 2 жилийн хоцрогдолтой байна"

Улсын Их Хурлын өнөөдрийн /2024.04.05/ ээлжит чуулган эхэлж байна.

16 : 08
2024-4-5

Сумын сурагчид хотын сурагчдаас даруй хоёр жилийн хоцрогдолтой байна

Боловсролшинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх "PISA-2022" үнэлгээний үр дүнг танилцуулъя. Монгол Улс 2050 онд Азидаа тэргүүлэх орон болох зорилготой хөгжлийн бодлогыг дэвшүүлсэн. Энэ утгаараа Монгол Улс боловсролын хүртэмжээрээ өндөр орлоготой улсуудтай эн зэрэгцэхээр хичээж байна. 

"PISA-2022" үнэлгээнд 81 улс оролцлоо. Монгол Улсын хэмжээнд түүврийн аргаар сонгогдсон 196 сургуулийн 7276 сурагчид математик, байгалийн ухаан, унших, бүтээлч сэтгэлгээ зэрэг даалгаврыг гүйцэтгэлээ. Өөр, өөр бүс нутгийн төр болон хувийн сургуулийн сурагчид оролцлоо. Дараах дүгнэлтэд хүрлээ. 

1. Математик – Оролцогч 81 орноос Монгол 47-рт жагсч байна. Тайланд, Гүрж, Узбекистан, Камбож зэрэг харьцуулагдсан орнуудаасаа хамаагүй өндөр оноо авсан төдийгүй жишиг улс Казахстанаас гүйцэтгэл өндөр байна. Гэхдээ Монголын 15 настай суралцагч бусад улсын үе тэнгийнхнээсээ хоцорч байна. Монгол сурагчид математикийн хоёрдугаарт түвшинд хүрэхгүй байна. Монголын хоёр сурагч тутмын нэг нь математикийн суурь түвшинд хүрээгүй гэсэн үг. Монгол Улсын 2.3 хувь нь топ үнэлгээнд хүрч байна. 

2. Унших чадвар ба байгалийн ухаан – Монголын 15 настай сурагчид унших чадварын гүйцэтгэлээр 378, байгалийн ухааны гүйцэтгэлээр 412 оноо авсан нь Азийн дундаж түвшнээс хамаагүй доогуур байна. Монголд унших чиглэлээр гурван сурагч тутмын нэг, байгалийн ухааны чиглэлээр хоёр сурагч тутмын нэг анхан шатны мэдлэг эзэмшсэн байна. Бусад улстай харьцуулахад хамаагүй доогуур байна. Дөрвөн хүүхэд тутмын гурав нь унших эсвэл байгалийн ухааны үндсэн мэдлэгийг эзэмшсэн байна. Бусад орнуудтай харьцуулахад Монголын сурагчид унших чадвараар топ түвшинд хүрээгүй бөгөөд байгалийн ухаанаар цөөн сурагчид энэ түвшинд үнэлэгджээ. 

3. Сурагчдын сайн, сайхан байдлын үнэлгээ – Монголын 15 настай хүүхдүүд амьдралдаа сэтгэл хангалуун байна. Бусад улсын сурагчидтай харьцуулахад амьдралдаа сэтгэл хангалуун байна. Гэхдээ бусад улсын үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад Монголын сурагчдын 9.7 нь гадуурхагддаг, 21.3 ямар нэгэн байдлаар гадуурхагддаг гэжээ. 

4. Боловсрол дахь тэгш байдал – Нийслэлийн сурагчид аймгийн төвийн сурагчдаас, аймгийн төвийн сурагчид сумын төвийн сурагчдаас гурван чиглэл тус бүрээр дээгүүр үзүүлэлт үзүүлжээ. Сумын сурагчид хотын сурагчдаас даруй хоёр жилийн хоцрогдолтой байна. Энэ нь нийгэм, эдийн засгийн ялгаатай байдлаас гарч байна. Хувийн сургуулийн сурагчид төрийн өмчийн сурагчдаас математик, байгалийн ухаан, унших чадвараараа 10-аас дээш оноогоор илүү байсан ч статистикийн хувьд чухал биш байлаа. Гэхдээ төрийн өмчийн сургуулийн сурагчид хувийн сургуулийн сурагчдаас унших чадвараараа хамаагүй илүү байна. 

14 : 38
2024-4-5

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Миний бие энэ хуулийг санаачлагчдын нэг. Сая хүнд өвөл, хавар боллоо. Мал аж ахуйг яаж өөрчлөх вэ гэдэг бид нарын нэн тэргүүний асуудал боллоо. Мал бол хувийнх. Хувийн малтай ярих юм байхгүй гэх хандлагатай явж ирлээ. Мал аж ахуйг хөгжүүлэх талаар бодлого орж ирсэн. Дэмжээгүй унагаасан. Одоо бүгд л малчиддаа хайртай болчихлоо. Энэ бол цаагуураа хүнсний аюулгүй байдалтай холбоотой. Магадгүй хавар махны үнэ нэмэгдэнэ. Нийлүүлэлт алга. Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль гэж орж ирлээ. Энийг дэмжих хэрэгтэй. Монголын мал аж ахуйг би зэрлэг гэж нэрлээд буруудсан. Гэхдээ зэрлэг ш дээ. Мал аж ахуйн шинэчлэлтэй холбоотой асуудлууд орж ирнэ. Засгийн газраас бас асуудлууд орж ирнэ. Яг энэ хүнд нөхцөл дээр тодорхой асуудлуудыг шийдээд явах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Өнөөдрийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн байдал дээр төрийн зохицуулалт, бодлого шаардлагатай. Бид хүрсэн түвшнээсээ буурсан. Ашигтай байгаа зүйлүүдээ хөгжүүлж, шинэ зүйлүүдийг санаачлах хэрэгтэй. Бидэнд тийм зүйл алга. Скандинавын орнуудын, Шведийн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд ирээд манай нэгдлийн зохион байгуулалтыг зөв байсан ч татан буулгажээ гэсэн. Хүмүүст нэгдэл гэдэг нэр нь таалагдаагүй ч нэрийг нь солиод малчид хоршоод явах боломж байсан. Төр ерөөсөө оролцоогүй. Энэ дээр бодолтой байх хэрэгтэй. Хамжихгүй бол амжихгүй гэдэг. Төрийн оновчтой бодлого, зохицуулалт хэрэгтэй байна. Би энэ хуулийг санаачлагч гишүүний нэг мөн. Хоршооны хуулинд өөрчлөлт оруулахаар яригдаж байна. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Байгалийн гамшиг нэг л өдөр малчин өрхийн олон жилийн хөдөлмөр, амьжиргааг үгүй хийдгийг харлаа. Ажлын хэсэг гишүүдийн хэлж буй саналыг тусгаасай гэж хүсч байна. Малчдыг зохион байгуулалтад орохыг хэн ч эсэргүүцээгүй. Гол нь хэрхэн зохион байгуулах вэ? Үүнийг малчид өөрсдөө хүсч байна уу? Монголын малын тоо их байгаа учир фермийн аж ахуй руу шилжье гэж ярьж байна. Малчид иргэдийг махаар хангаж байна. Мөн өргөн уудам нутгаа эзэнтэй байлгах төрийн ажлыг хийж байна. Үүн дээр хууль санаачлагчид юу гэж үзэж байна. Эрсдлээс хамгаалах зохион байгуулалт чухал харагдаад байна. Энэ сургалтууд хэрэгтэй байгаа юм биш үү. Цас, зуд гэнэт бий болоогүй. Яагаад өмнө нь урьдчилан сэргийлээгүй юм бэ? Энэ талаар хуулиндаа оруулж байгаа юу? 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Энэ үйл ажиллагаа хуулиар зохицуулагдсан. Бэлчээрээ бид дундаа ашиглаж байгаа. Тиймээс амь, санаагаа нэгтгэх хэрэгтэй. Үүн дээр нь энэ хуулийн үзэл санаа бууж байгаа. Бүс нутгуудад янз бүрийн зүйлс байгаа. Үүнд анхаарах ёстой. Ер нь цаг үе өөрчлөгдөж байна. Үр ашиг, бүтээмжийн талаар ярих ёстой. Гэхдээ хэт туйлширч боломгүй. Тодорхой газар тариалангийн бүс нутагтаа суурин мал аж ахуйгаа хөгжүүлж болно. Бусад нутагтаа дасан зохицох, ашиг шимтэй шилмэл омгууд дээр мал үржлийн үйл явц явах хэрэгтэй. Энэ бол бидний өв соёлоо, амьдралын хэв маягаа өвлүүлэх юм. Гамшиг гэнэт ирэхгүй. Жилээс жилд хадлан хумигдаж байна. Хадлан хадах бололцоогүй болж байна. Тиймээс таримал тэжээлээр малынхаа тэжээлийн бааз суурийг хангах талаар ярьж байна. Ингэхийн тулд хүн бүр дуртай газраа тарьж болохгүй. 

14 : 06
2024-4-5

"Төр малчдыг малын тооны араас явуулж байна"

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Малчин өрхийн нэгдсэн холбоо гэж PR-ийн шинжтэй. Үүн дээр ул суурьтай хандмаар байна. Яам, Засгийн газар хаана байна вэ? Хуулийн танилцуулга дээр малчид малын тооны араас явж байна гэнэ. Төр араас нь гүйлгээд байгаа юм. Үүнийг болимоор байна. Төрийн үйлчилгээний албан хаагчдын тэтгэврийг нэмсэн ч бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд залгигдана. Хөдөө орон нутагт борц гараад ирсэн тулдаа л амьдрал тогтож байна. Сумын төвийн иргэд яах вэ? Энэ хүмүүсийн эрх ашиг хаана орох вэ? Мал аж ахуйг эрчимжүүлнэ гэдэг хүнд шүү. Зудтай байгаа энэ үед малыг эрчимжүүлж яаж чадах юм бэ? Малын ам руу мөнгө хийвэл улам л ядуурна. Тэгэхээр амьдралтай, судалгаатай хандъя. Яамыг нь оруулъя. Малчид махаа үүрээд Эрээн орж чадахгүй. Ноолуураа Итали хүргэж чадахгүй. Тиймээс үүнийг хүргэдэг дэд бүтцийг нь байгуулаад үнийг нь чөлөөлчих.

Дараагийн асуудал нь бидний өргөн барьсан асуудал яасан бэ? Ардчилсан намын гишүүдийн санаачилсан асуудал яасан бэ? Малчуулах хөдөлгөөнийг яах вэ?

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Ц.Туваан гишүүнээ сөрөг хүчин бол сөрөхийн нэр биш. Ган, зудын дараа матрын нулимс гоожуулж сонгуулийн улс төр хийхээ боль. Урт хугацааны шийдлийг эрдэмтэд боловсруулаад төсөл боловсруулж байхад ингэж болохгүй. Малын тоо нэмэгдүүлнэ гэсэн үг байхгүй ш дээ. Малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрүүдийг дампууруулчихсан. Түүхий эд худалдаа, бэлтгэлийн бүх тогтолцоог нураасан. Арьс шир, ноолуур ченжээр л дамжиж байна. Их захгүй бодлогын алдаа болохоос биш хуулийн алдаа биш. Хууль, тогтоол санаачилсан бол ажил хэрэгч хандах хэрэгтэй. Дунд хугацааны шийдэл гаргахгүй бол ган зуд болохоор ингэе, тэгье гэдэг боллоо. Түүхий эдийн борлуулалтын систем, зохион байгуулалт, малчдын зээл санхүүжилтийг зохицуулах хэрэгтэй. Та буруу ярьж байна. Малчдыг үл тоомсорлож, муу хэлж болохгүй. Ховдын хоршоо Италид ноолуураа гаргаж байна. Үүнийг үз, судал. Италид гаргаж байна. Махны том үйлдвэрүүд гадагшаа экспорт гаргаж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Ц.Туваан гишүүний асуултад хариулъя. Малын тооны хойноос хөөцөлдөж буй шалтгааныг бичсэн. Малын үнэ цэн буурч байна. Тиймээс малын тоогоо өсгөхөөс өөр арга алга. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх ёстой. Уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа нутгийн шилэгдмэл омог дээр нь тулгуурлан явуулна. Газар тариалангийн бүс нутагтаа өндөр ашиг шимтэй малаа хөгжүүлнэ. Энэ хоёрын хослолоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, хүнсний хангамж аюулгүй байдал үүснэ. Экспорт, тэлэлт бий болно. Ингэж харж явна.

Цалин хөлс нэмэгдсэний үр дүн юу вэ гэнэ. Энүүгээр бүх асуудлыг харж байгаа юм биш. Хөгжлийг тогтвортой хангах үүднээс олон арга хэмжээг авсан. Эдийн засгийн өсөлт 7 хувьтай, инфляци 8 хувьтай, валютын нөөц 5.2 тэрбум байна. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Уудам газар нутагтай бэлчээрийн уламжлалт мал аж ахуйгаа эрхэлж буй айл өрхүүдээ хэрхэн зохион байгуулалтад оруулах вэ? Ганц, нэгээрээ байгаа нь малчдын ган зуданд орох үндэс суурь болоод байна. Тиймээс малчдыг 5-10-аар нь суурин байлгаснаар хоршооны утга агуулга гарна гэж ойлгож байна. Одоогийнх шиг ганц нэгээрээ буугаад хоршоо байгуулна гэвэл амьдрал дээр буухгүй байна. Хагас суурин бүгдээрээ хамт байж малын угаалга, тарилга, өвс тэжээл бэлдэх, хадлан бэлдэх, нэгийгээ эмчлүүлэх зэргийг шийднэ. Малчин айлд эхнэр, нөхөр хоёр л байгаа учраас хүчин мөхөсдөөд байна. Хагас суурин хэлбэртэй байж болдоггүй юм уу? Ингэж л хүн хүчтэй болж, малын ашиг шимээ эргэлтэд оруулна. Тиймээс хориороо хоршино гэдэг ихдэнэ. 5-10 байвал болно. Малчдын хандлагыг өөрчлөх асуудал чухал. Хүчээ хамтарч нэгтгье.

Ажлын хэсэг Д.Лүндээжанцан:

-Бид хоршооны хууль хэлэлцээгүй. Сайн ажиллаж байгаа хоршоо их бий. Сая Ховдын хоршоог ярилаа. Энэ бол хоршоо биш. Зохион байгуулалт, холбоо юм. Монголын цаг уур бүс бүсээрээ өөр байна. Өнөөдөр айлуудыг нэгтгэх тухай асуудал энэ хуульд байхгүй. Говьд 20 айл зохион байгуулалтад орох нь хүндрэлтэй. Малчид өөрсдөө зохион байгуулалтад орох хэрэгтэй. Ахлагч нь хоршоогоо тэргүүлээд хадлан, өвөлжилтийн асуудалдаа анхаарах хэрэгтэй. Өнөөдөр зохион байгуулалтад орсон нөхөрлөл дээр малын өвчин эмгэг гарахгүй байна. Нэг нэгэндээ шаардлага тавих зүг рүүгээ зохион байгуулалтад орж байна. 

 

10 : 55
2024-4-5

Ам ажил хоёр нэг байх ёстой

УИХ-ын дарга Ш.ЗАНДАНШАТАР:

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хуулийн төслийг танилцуулна. 

УИХ-ын гишүүн Ц.ЦЭРЭНПУНЦАГ:

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын нэр бүхий гишүүд 2024 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр УИХ-д өргөн мэдлүүлсэн. Хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэл шаардлага, төслийн зохицуулах харилцааны талаар товч танилцуулъя.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-ийн нэг дэх заалтад газрыг 60 хүртэлх жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 жилээр сунгах татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг хөрөнгө оруулагчдад үзүүлж болохоор заасан байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн тав дахь хэсэгт заасан төрөөс гадаадын иргэн хуулийн этгээд, харьяалалгүй этгээд газрыг төлбөргүй хугацаатайгаар болон хуульд заасан бусад зохицуулалт болзол журмаар ашиглаж болно гэсэн болон зөвхөн ашиглуулж болно гэсэн зүйлтэй зөрчилдөж байна. Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээд дэх газрыг тодорхой хугацаагаар түрээслэх төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах тухай шийдвэр гаргах асуудал нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал гэж заасан бөгөөд мөн хуулийн 18.1.6-д ашиглах газрын зааг, Засгийн газрын тогтоолын дагуу заана гэж тогтоосон байдаг. 

Түүнчлэн Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т газрыг болзолтойгоор ашиглуулах тухай заасан. 

10 : 33
2024-4-5

Зүүн дөрвөн аймгийн малчдын амьдрал маш хүнд байна

 УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Хоёр жилийн турш өвөлжилт хүнд байгаа. Энэ өвөл онцгой хүнд байна. Тэр дундаа зүүн дөрвөн аймагт нөхцөл байдал маш хүнд байна. УИХ-ын долдугаар тогтоолын дагуу Монгол Улс 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласантай холбогдуулан хөгжлийн талаарх танилцуулга хэлэлцүүлгийг зохион байгуулж, гурван аймгийн 20 гаруй сумаар явж 3000 гаруй иргэнтэй уулзлаа. Малчдын хэлж байгаагаар нөхцөл байдал маш хүнд байна. 

Малынхаа 50-иас дээш хувийг алдсан сумын төө өссөөр байгаа. 

Засгийн газраас өвөлжилтийн нөхцөл байдалд шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн ч нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Иргэдийг малжуулах, орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх гээд цогц зохицуулалтуудыг хийнэ. 

Сүүлийн хоёр хуралдаанаар баялгийн сантай холбоотой шинэчлэлийг хийх тухай хэлэлцсэн. Монгол Улсын төсөв давж биелсэн. Зөвхөн Тавантолгой, Эрдэнэтээс гэхэд их наядаар хөрөнгө цугларч байгаа ийм бололцоо байгаа талаар өчигдөр Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцолсон. УИХ-д таван удаагийн бүрэн эрхийн хугацаанд сууж байхад өмнө нь нөхдүүд баялгийн реформтой холбоотой асуудал дээр дуугарч байсан нь ховор. 

УИХ-д сууж байгаа хүмүүсийн нэг хэсэг ерөөсөө дарга юу гэж хэлнэ яг тэр үгээр байдаг. 

Нэг хэсэг нөхөд нь ашиг сонирхлын асуудалтай холбоотой ажилладаг. Оюутолгой, Тавантолгой компаниудыг үндэстэн дамнасан компаниудад өгч суугаа хүмүүс ч байсан. 

Баялгийн сангийн тухай хууль бол маш чухал хууль. Ард иргэдийн амьдрал хүнд байна. Монгол Улсын 300 мянган өрх, цаана байгаа иргэдийн амьдрал хүнд байгаа учир цаг хугацаатай уралдаж асуудлыг шийдэх хэрэгтэй. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МАН 2024-04-05 103.212.119.229

МАН хөдөө сумын сурлага хоцрогдолтой хүүхдэд нөгөө тэтгэмжээ өг

Avatar

Нэргүй 2024-04-05 66.181.161.61

Тийм байж л энэ багш нар чинь өч төчнөөн саяар нь мөнгө нэхэх юм байна шүү дээ. Бүүр хүн дарамтлаад сурцан гарууд. Нэг тийш харж эцэг эхийг, нөгөө тийш харж төрийг дарамталдаг. 1000 доллар өгч аль аа гээл. Ажлаа хийж чадахгүй л байгаа биз дээ? Сум нь аймгаасаа 1 жилээр, аймаг нь нийслэлээсээ 1 жил, улс нь тивээсээ 1 жилээр хоцорцон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж