Дэвшилтэт технологи, техник хангамжийн "Nvidia" компани цэнхэр гаригийн цаашдын хөгжил, тоглоомын дүрмийг өөрчлөх шидэт бүтээлээ танилцуулаад буй. Ердөө 15 сар хүрэхгүй хугацаанд компанийхаа үнэлгээг хоёр триллион ам.доллараар нэмсэн тэдэнтэй, бүтээгдэхүүнтэй нь өрсөлдөхөөр "Google", "Intel", "Qualcomm" зэрэг компаниуд нэгдэж байна. Тэгвэл "Nvidia" хэрхэн, яаж өнөө цагийн технологийн өнгийг тодорхойлогч компани болж чадсан бэ?
ТОГЛООМЫН ДҮРМИЙГ ӨӨРЧЛӨГЧ "BLACKWELL"
"Nvidia" компани өнгөрсөн сард "Blackwell" гэх нэртэй хиймэл оюун ухааны моделиудыг төгс дэмжих супер платформоо олон нийтэд танилцуулсан. Энэ платформын эхний чип нь "GB200". Сан Хосе хотод болсон "Nvidia"-ийн хөгжүүлэгчдийн чуулга уулзалтын үеэр үүнийгээ танилцуулсан бөгөөд дэлхий нийт яг одоо хиймэл оюун ухаанд бүрэн анхаарлаа хандуулж, энэ төрлийн компаниуд эрэлттэй байгаа билээ. Тэгвэл тэдний үйлчилгээ, программ хангамжийг төгс ажиллуулах, ачааллуулах чипийг "Nvidia" бүтээв.
2022 оны сүүлээр "OpenAI" компани "ChatGPT" гэх хиймэл оюун ухааны системийг танилцуулснаар салбартаа мөс хагалсан. Үүний дараа борооны дараах мөөг шиг олон ижил төрлийн үйлчилгээ, бүтээгдэхүүн санал болгож буй компаниуд гарч ирсэн. "Nvidia"-ийн хувьцааны үнэ ч тав дахин, нийт борлуулалт нь гурав дахин өссөн.
График боловсруулах процессор буюу "GPU"-ээрээ алдартай "Nivida"-ийн чип хиймэл оюуны технологи хөгжүүлэлтэд хамгийн тохиромжтой нь гэж компаниуд, хөгжүүлэгчид үздэг.
"Nvidia"-ийн мэдээлснээр "ChatGPT"-ийн үндсэн технологийн нэг болох трансформатор дээр суурилсан хиймэл оюун ухааныг ажиллуулахын тулд тусгайлан бүтээгдсэн дэвшилтэт трансформаторын хөдөлгүүрийг шинэ чипдээ зориулан бүтээжээ. Хиймэл оюун ухааны компаниудад илүү том, илүү төвөгтэй загваруудыг сургах боломжийг олгох аж.
ЧИП БОЛОН ХИЙМЭЛ ОЮУН УХААН ХОЁР ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
Юуны өмнө AI буюу хиймэл оюун ухааныг товчхон танилцуулахад компьютерийн программ эсвэл машины командаар тодорхой кодлогдоогүй сэтгэн бодох, суралцах, үйлдэл хийх чадвар юм. Хиймэл оюун ухаан нь бие даан үйлдэл хийх, гүйцэтгэх, шийдвэр гаргахын тулд асар их хэмжээний өгөгдлийг шингээж, түүн дээрээ дүн шинжилгээ хийн дараа нь тухайн өгөгдлийн хэв маягийг таних чадвартай компьютерийн систем гэж хэлж болно. Энэ системийн давуу тал нь шинэ оролт, өгөгдөл оруулах үед өөрөө өөртөө тохируулан, өмнөх туршлагаасаа суралцах эсвэл өгөгдлөөс хэв загварт нь суралцах чадвартай.
Харин энэхүү их өгөгдлийг маш хурдан давтаж, боловсруулж, сурахын тулд хүчирхэг тархи хэрэгтэй. Тэгвэл тэр тархи нь GPU чип юм. Эдгээр чип дээр хиймэл оюун ухааны моделиудыг маш хурдан, хүчирхэг нэгэн зэрэг боловсруулж болдог. Өмнө нь технологийн компаниуд хиймэл оюундаа зориулан "Nvidia"-ийн "Hopper H100" болон үүнтэй төстэй чипүүдийг олноор нь авч, зах зээлд хомсдол үүсгэж байсан байлаа. Харин одоо үүнээс хоёр дахин илүү хүчирхэг, хурдан "Blackwell GB200"-ийг танилцуулав.
"Nvidia" одоо ч эрэлтээ дийлэхгүй байгаа бөгөөд "Hopper H100" чипийн үнэ 40 мянган ам.долларт хүрээд байна.
"Blackwell" чип энэ оны сүүлээр худалдаанд гарах бөгөөд "OpenAI", "Facebook", "Microsoft" зэрэг компаниуд хэдийнэ захиалгаа өгчээ. "Nvidia"-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуан "Хоппер гайхалтай ч бидэнд илүү том GPU хэрэгтэй" гэжээ. Харин дэд захирал Манувир Дас "Хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийн гол талбар нь ‘Nvidia’ байх болно" гэв.
ӨРСӨЛДӨГДӨГЧИД ЗҮГЭЭР ХАРААД СУУСАНГҮЙ
"Nvidia"-ийн хувьцааны үнэ тэнгэрт хадаж, бүтээгдэхүүн нь эрэлтээ дийлэхгүй байгаа нь өрсөлдөгч компаниудад таалагдсангүй. "Reuters"-ийн мэдээлснээр "Qualcomm", "Google", "Intel" зэрэг компаниуд "UXL Foundation" гэх консорциумд нэгдэж, хиймэл оюун ухааныг тэжээх өөрсдийн чипийг бүтээх зорилгыг дэвшүүлжээ. "Intel"-ийн технологийг өрсөлдөхүйц болгохын тулд "Google" ч харамгүй хөрөнгө зарцуулж байгаа сурагтай. Тус консорциумын зүгээс энэ оны сүүлээр шинэ технологийнхоо талаар мэдээлэл өгөх гэнэ. Учир нь одоогоор "Nvidia"-аас олон зүйлээрээ дутуу байгаа аж. Мөн "AMD" компани "ROCm"-ийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахаар ээлжээ хүлээж байна.
Ердөө таван жилийн өмнө "Nvidia"-ийн хувьцааны үнэ 47.74 ам.доллар байсан бол өдгөө 859.05 ам.долларт хүрээд байна. Энэ өсөлтөөрөө "Bitcoin"-ийг ч ардаа хаяжээ.
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АМЬДРАЛД ЯМАР ХЭРЭГТЭЙ ВЭ?
Өнөө үед хиймэл оюун ухааныг салбар бүрт л ашиглах эхний ээлжийн суурь ажлууд хийгдэж байна. Юуны өмнө шийдвэрлэхэд төвөгтэй асуудлууд дээр AI-ийг ашиглаж байна. Эрүүл мэндийн салбарт л гэхэд эмч, эрдэмтдийн судалгааны ажил дээр туслаж, олон тооны өвчнийг ангилж, дүрс оношилгоог боловсруулж, өвчтөнд анхан шатны зөвлөгөө, зөвлөмжийг хүргэж байна. Харин жижиглэн худалдааны салбарт эрэлт, нийлүүлэлтийг нь таамаглаж, тайлан шинжилгээг нь хүргэн, дүрс таних системийг илүү боловсронгуй болгож худалдагчгүй дэлгүүр хүртэл нээхэд хүргэв. Тэгвэл харилцаа холбооны салбарт "5G" сүлжээг ашиглан ухаалаг үйлчилгээг илүү хүртээмжтэй болгож буй. Мөн банк, санхүүгийн салбарт ашиг, эрсдэл тооцоолох, залилан илрүүлэх, аж үйлдвэрийн салбарт цаг агаарын мэдээг урьдчилан таамгалахаас эхлээд үйлдвэрийн удирдлагад хүртэл нөлөө үзүүлж байна.
Холбоотой мэдээ