Газар хөдлөлт тайваньчуудын бэлэн байдлыг онцлов

Газар хөдлөлт тайваньчуудын бэлэн байдлыг онцлов

Газар хөдлөлт тайваньчуудын бэлэн байдлыг онцлов

Тайваньд дөрөвдүгээр сарын 3-ны өглөө 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Газар хөдлөлтийн хүчийг Тайванийн Газар хөдлөлтийн хяналтын агентлаг 7.2 магнитуд гэж мэдэгдсэн бол АНУ-ын Геологийн алба 7.4 гэжээ. Газар хөдлөлтийн голомт нийслэл Тайпэйгээс 150 гаруй км зайд орших уулархаг Хуалиень мужид байсан.

Тайвань нь Номхон далайг тойрсон газар хөдлөлтийн хагарлын шугам болох "Галын цагираг"-ын дагуу оршдог. Энэ бүсэд дэлхийн ихэнх газар хөдлөлт болдог. Тайваньд ч газар хөдлөлт ойр ойрхон болдог тул иргэд нь харьцангуй бэлтгэл сайтай байдаг. Гэхдээ энэ удаагийнх төсөөлснөөс илүү хүчтэй байсныг иргэд хэлж байна.

"Associated Press" агентлагаас саяхан мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо ес хүрчээ. Нас барагсдын тоо ойрын өдрүүдэд нэмэгдэж магадгүй гэж Тайванийн албаныхан мэдэгдсэн. 1000 гаруй хүн гэмтэж бэртэж, 100 гаруй хүн нуранги дор гацсан, хавчуулагдсан байх магадлалтай байна.

Газар хөдлөлт судалдаг мэргэжилтнүүдийн хэлснээр шигүү суурьшсан арал атлаа тайваньчууд 7.4 магнитудад харьцангуй тэсвэртэй, бэлэн байж чадсан гэв. Гэхдээ энэ нь санамсаргүй зүйл биш юм.

Тайвань нь газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх найдвартай системтийг ашигладаг бөгөөд орчин үеийн нөхцөлд тохирсон газар хөдлөлтийн дүрэм журамтай. Хүн ам нь ч газар хөдлөлтийн идэвхжилд дассан аж. 1999 онд болсон аймшигт “Чи-Чи”-ийн газар хөдлөлтийн дараа Тайвань дэд бүтцээ ихээхэн шинэчилсэн.

Тухайн үед 2400 хүн нас барсан бол энэ удаад есөн хүн нас барсан гэсэн тоо баримттай байна. Эндээс ахиц дэвшил харагдаж буйг Тайваньд өсч торнисон судлаач, Вашингтоны их сургуулийн геологич Ларри Сю-Хен Лай хэллээ.

АНУ-ын баруун эрэг дагуух хотууд газар хөдлөлтөд өртөмтгий байдаг. Тус хотууд газар хөдлөлтөд бэлтгэлтэй байхын тулд ахиц дэвшил гаргаж байгаа ч Тайваньтай дүйцэхгүй байгааг мэргэжилтнүүд онцолжээ.

Тайванийн албаны хүмүүс болон судлаачид ч газар хөдлөлтийн шинж чанар, нөлөөлөл, хохирогчдын талаар дүгнэлт хийсээр байна. Газар хөдлөлтөд хамгийн их өртөж хохирсон барилгуудыг харвал ихэвчлэн хуучны 5-10 давхар барилгууд байжээ. Тэр дундаа нэгдүгээр давхартаа худалдаа үйлчилгээ эрхэлдэг барилгууд байсан. Гэтэл инженерчлэлийн өндөр түвшинд баригдсан барилгууд гайхалтай үр дүн үзүүлжээ.

Үүнд арлын хамгийн өндөр барилга болох Тайпэй 101 багтжээ. Тус барилгын дээд давхарт кабелиар дүүжилсэн хүнд ган бөмбөлөг байдаг. Энэ нь хүчтэй салхи болон газар хөдлөлтийн чичиргээнийг сааруулах зорилготой систем аж.

25 жилийн өмнө болсон “Чи-Чи”-ийн газар хөдлөлт Тайванийг бэлтгэлтэй байхад томоохон түлхэц болсон. Тухайн үед 11 настай байсан Лай гэрийнх нь хамаг эд хогшил чичирхийлж, өөрөө орноосоо унах дөхөж байснаа санадаг гэнэ. Үүнээс хойш эрсдэл бууруулах арга хэмжээ шат дараатай авч эхэлснийг тэр анзаарсан аж. Тухайлбал, сургуулиудад газар хөдлөлтийн үеийн аюулгүй байдлын талаар сургалт явуулж, ач холбогдол өгөх болсон. Дараагийн 10 жилд эрх баригчид барилгын шинэ дүрэм журам гаргаж, газар хөдлөлтийн бүсүүдийг дахин ангилах, хөдөө орон нутагт яаралтай тусламжийн төвүүдийг томилох зэрэг арга хэмжээ авчээ.

Ийм санаачлагуудыг Өмнөд Калифорнид ч бас гаргасан. Гэхдээ Тайваньд газар хөдлөлтийн давтамж илүү ойр байдаг тул илүү хурдан ахиц дэвшил гаргажээ.

АНУ-ын баруун эргийн бусад муж Калифорнийг бодвол хүчин чармайлт бага гаргаж байна. Вашингтон сүүлийн 10 жилд л сургуулийн барилгуудыг системтэйгээр үнэлж эхэлжээ. Мөн Сиэтлийн хуучин тоосгон барилгууд ихэнх нь шинэчлэгдээгүй бөгөөд газар хөдлөлтөд нурах магадлал өндөр.

Тайванийн эрт сэрэмжлүүлэх систем нь аюулгүй байдлын дэд бүтцийн чухал хэсэг юм. Тус систем нь газар хөдлөлтийн үеэр хүмүүсийн утсанд мессеж илгээдэг. Мөн хэдхэн секундыг ч алдахгүйн тулд телевизийн нэвтрүүлгүүдийг автоматаар тасалж, дохио өгдөг аж. Калифорниа, Орегон, Вашингтонд мөн ижил төстэй системийг ашиглаж байна.

Газар хөдлөлтийн чичиргээ хэлэхийн өмнөхөн телевизийн дэлгэцээр анхааруулга гарч буй бичлэг цахим сүлжээнд тавигджээ. Тиймээс Тайваньд илүү өргөн хүрээтэй сэрэмжлүүлэх чадвар бий гэж үзэж байна.

Тайвань болон АНУ-ын энэ системүүд нь газар хөдлөлтийн "P-долгион"-ыг илрүүлж, интернет сүлжээгээр дохио илгээхийн өмнө хүчийг нь тооцоолох замаар ажилладаг. Газар хөдлөлтийн голомтоос янз бүрийн дохио илгээдэг. Эндээс хамгийн хурдан тархдаг долгион нь "P-долгион" аж.

Тайвань газар хөдлөлтийн бэлтгэл сайтай байхад олон хүчин зүйл нөлөөлсөн. Үүнд олон нийтийн боловсрол, засгийн газартаа итгэх итгэл, эрдэмтдэдээ итгэх итгэл зэргийг нэрлэж байна. Мэдээж ийм хэмжээний бэлтгэлтэй байхын тулд 25 жил зарцуулсан гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.

Эх сурвалж: NBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bat 2024-04-05 202.55.188.86

Япон Тайвань хоёроос газар хөдлөлтийн зөвөлгөө мэдээлэл авах юмсан.Хэдэн жилийн өмнө Япончууд танай Энэ бөхийн өргөөний тойрсон хэсэг газар хөдлөхөд нурж зам бөглөх аврах ямар ч боломжгүй байна. Мөн энэ 100-н айл орчим суулт өгөх өндөр магадлалтай байна. хэрэв барилгын суурийг нь гадсан биш цул хийвэл гулзаайлт өгөх нь бага гээд л яриад байсан манайхан гадсан суурь шаагаад байсан. газар хөдлөхөд энэ хамгийн бага нэрвэгдэх хэсэг бол гэр хороолол. хамгийн хүнд хэсэг нь схд-н 21 хороолол орчим

Avatar

Др 2024-04-05 203.98.76.176

Тайванууд яг япон стандартыг дагаж мөрддөг улс тул газар хөдлөлт үер усны гамшигийг хохирол багатай давж гардаг.

Avatar

Баяр 2024-04-05 202.21.120.62

Тайванаас мэргэжилтнүүд урьж газар хөдлөлтийн талаар сургалт авах хэрэгтэй юм байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж