Олуулаа идсэн оготно таргална!

Хуучирсан мэдээ: 2024.04.04-нд нийтлэгдсэн

Олуулаа идсэн оготно таргална!

Олуулаа идсэн оготно таргална!

“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг иргэдийн дансанд орохтой зэрэгцээд УИХ дээр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн нь санамсаргүй тохиолдол, санаатай үйлдэл болохыг мэдэхгүй. Өмнө нь энэ мөнгөөрөө эрчим хүчний эх үүсвэр барья гэхээ иргэд больсон нь “Эрдэнэс Тавантолгой” компани дээр нүүрлэсэн 40 их наядын хулгай, луйвраас болсон нь ойлгомжтой.  “Эрдэнэс Тавантолгой”-н засаглалыг ил тод болгосноор өнгөрсөн онд 9.6 их наядын орлого олсноос гурван их наяд нь цэвэр ашиг гэхээр өнгөрсөн жилүүдэд нүүрсний бүлэглэлийн халаасаар хэчнээн хэмжээний мөнгө угаагдсаныг бурхан ч таашгүй. Наян их наяд төгрөгийг салхинд хийсгэсэн нь  наад захын хохирол байж…?!

Ганц “Эрдэнэс Тавантолгой” ч биш “Эрдэнэт” үйлдвэр  орлого 962 тэрбум төгрөгөөс хоёр их наяд болтлоо өсчээ. Энэ нь “Эрдэнэт”-ийг Д.Эрдэнэбилэгээс авсны үр дүн гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзэж байгаа юм байна. Үүнийгээ ч УИХ-ын чуулганы хуралдаан дээр ил тод хэлнэ лээ. Монголын уул уурхайн салбарт асар том далд эдийн засаг бий болсон, тэнд хэдэн арван их наяд бүртгэлгүй эргэлддэг байсан нь нүүрсний хулгайгаар ч, нүүрсний орлогоор ч ил болж байна. Зөвхөн хоёрхон орд, хоёр төрийн өмч дээр нүүрлэсэн хулгайг цэгцлэхэд улсын төсвийн орлого анх удаа 4.6 их наядаар давж,  валютын нөөц 5 тэрбум ам.доллар болж  нэмэгдсэн байна. Ийм их мөнгө урьд нь хувь хүмүүсийн халаасанд ордог байж л дээ…

Т.Аюурсайханы гэрээс алтан толгой олдсон нь худлаа цуурхал биш байх, Б.Ганхуягийн өрөөний үүдийг УИХ-ын гишүүд өдөр шөнөгүй сахьдаг байсан нь бас учир шалтгаантай байсан юм байна.

Цаашдаа тэгээд яах вэ, олсноо бэлэн мөнгөөр нь тараагаад дуусгах юм уу?! Вэнэсуэль, Аргентин гэсэн бэлээхэн жишээ бидний өмнө байна. Бэлэн мөнгө тараагаад байвал тэдний дайрсан зовлонг Монгол туулахгүй гэсэн баталгаагүй. Тэгэхээр байгалийн баялгаас олсон мөнгөө хуримтлуулдаг “авдар савтай” болохоос аргагүй. Тэр нь Үндэсний баялгийн сан байх нь нэгэнтэй тодорхой болсон.

Парламентад суудалтай улс төрийн гурван намын зөвшилцөл дээр үндэслэж боловсруулсан, өчигдөр УИХ-ын даргад Ерөнхий сайд өөрийн биеэрээ гардуулж өгсөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн гол концепци нь товчдоо ганцаараа хөлжих биш олуулаа хүртээмжтэй хүртэх тухай реформ.  Гэхдээ дараагийн алхамууд нь өмнөх алдаагаа мэдээж давтахгүй байх ёстой.  Хүний хөгжлийн сан, Ирээдүйн өв сан гэх мэтчилэн өмнөх байгуулагдсан сангийн мөнгө  шиг эрх баригчид дуртай цагтаа гар дүрээд дуусгачихвал нийлбэр дүнд өөрчлөлт гарахгүй. Үндэсний баялгийн санг үндэсний хулгайчид нь Хөгжлийн банк, ЖДҮХС, БЗС, МААДС шиг тонохгүй гэсэн баталгаа нь юу вэ. Хаширсан хүн гэж хаширсан хүнийг л хэлдэг.

Тэгвэл үүнд өгсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хариулт:  Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын  сангаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах Норвегийн баялгийн сан болон Сингапурын хуримтлалын сангийн жишиг загварт тулгуурласан болно. Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс төсвийн тогтворжуулалтын сан болон бүс ба орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувиас бүрдэх бөгөөд олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах боломжийг энэхүү хуулийн хүрээнд нээж байна.

Хуримтлалын сан нь “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюутолгой болон цаашид ашиглах стратегийн ордуудын ашиг Монголбанканд иргэдийн нэрийн дансанд ШУУД төвлөрч, иргэдийн орон сууцжуулалт, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдахаар хуулийн төсөлд тусгалаа. Хөгжлийн сан нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ. Хөгжлийн сан нь Монгол Улсын нийгмийн хөгжилд тулгамдаж буй томоохон төслүүдийг санхүүжүүлэх үндсэн зорилготой бөгөөд метро, гүүрэн байгууламж, шинэ хотууд, орон нутгийн хурдны зам зэрэг улсын төсвөөс шууд санхүүжүүлэхэд хүндрэлтэй томоохон төслүүдийн үржүүлэхийн хүрдийн үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг юм. Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжихэд стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь заавал нээлттэй хувьцаат компани байх, нийт хувьцааны 20-оос дээш хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх, өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах эрхзүйн орчин зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.

Газрын доорх баялгийг гартаа атгаад төрчихсөн мэт загнадаг цөөн гэр бүлд таатай санагдахгүй байж мэднэ. Гэхдээ цөөхүүлээ ялгарч хөлждөг биш олуулаа баян болцгооё л доо. Олуулаа идсэн оготно таргална гэж…!

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж