Металл эхний тоглолтдоо бүдэрч, ’89 оныхон багаа хожилд хөтлөв

Металл эхний тоглолтдоо бүдэрч, ’89 оныхон багаа хожилд хөтлөв

Металл эхний тоглолтдоо бүдэрч, ’89 оныхон багаа хожилд хөтлөв

Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтууд Улаанбаатар хотод өчигдөр/2024.04.03/ эхэллээ. Сингапур, Индонези, Хонг Конг, Тайланд, Монгол, Малайзын нийт найман баг өрсөлдөж байгаа бөгөөд дөрвөн баг нь хоёрдугаар шатны эрхээ авч, үүнээс хоёр баг нь үндсэн шатанд шалгарах юм. Өчигдөр тэмцээний эхний өдөр сонирхолтой, гал гарсан тоглолтууд болов.

ИСТЕРН АВАРГУУДЫН ЛИГИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ ХОЖЛОО БАЙГУУЛАВ

Малайзын НС Матрикс Дирс багийн Куэк Тиан Юан урьдчилсан шатны анхны түүхэн оноог авч, тоглолтыг эхлүүлсэн. Харамсалтай нь тоглолтын ялагч нь Хонг Конгийн Истерн баг байв. Анх удаагаа Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатанд өрсөлдөж буй Истерн баг өрсөлдөгчөө 80-73 гэсэн харьцаатай буулган авчээ.

Дирс тоглолтыг сайн эхлүүлж, Жордан Толберт 19 оноо, 14 удаа самбараас бөмбөг авсан ч Малайзын аваргууд тоглолтыг төгсгөж чадсангүй. Истерн багаас Доминик Гилберт гэх залуу 26 оноо, 10 самбар, таван ашигтай дамжуулалт толилуулж, багаа хожилд хөтөлжээ.

Истерн баг 16 оноо дараалан авсан нь хожих гол шалтгаан байв.

ПЕЛИТА ЖАЯА БОЛ ГОЛ ФАВОРИТ

Монголын сагсан бөмбөг сонирхогчид Лиш, Морган нарыг ямар сайн тоглогч вэ гэдгийг Тайландын шигшээг Улаанбаатарт тоглоход хангалттай харсан. Энэ ч утгаараа тэдний тоглодог Хай-Тек багийг энэ тэмцээний гол фаворитоор нэрлэж байв. Гэтэл үгүй байжээ.

Индонезийн лигийн аман хүзүү Пелита Жаяа баг Лиш, Морган тэргүүтэй Хай-Тек багийг илт илүүрхэв. Ялангуяа Жакуори Маклафлин 20 оноо авч багаа тэргүүлжээ. Өдгөө 28 настай тэрбээр зургаан удаа алсын зайн шидэлтийг гүйцэтгэж, тавыг нь амжилттай болгосон. Түүний ачаар баг нь богино хугацаанд 18 оноо авч, ердөө хоёрхон оноо алдсанаар онооны тэргүүллийг авч, эцэст нь 99-81 гэсэн харьцаатай ялалт байгуулав.

Пелита Жаяагийн довтолгооны гол хүн, Ханжоугийн Азийн наадмын гол дүр Жастин Браунли даруухан тоглож, 11 оноо, есөн самбар, зургаан ашигтай дамжуулалт үзүүлжээ. Эргэн сануулахад, Жастин Браунли Филиппиний шигшээ багийг манлайлан Азийн наадамд түрүүлсэн билээ.

Гэхдээ хожим нь допингийн шинжилгээнд бүдэрсэн ч шийтгэлээ бүрэн дуусгаад эргэн талбайдаа иржээ.

Хай-Тек багаас Фредди Лиш 25 оноо авсан ч баг нь хүчтэй өрсөлдөгчөө давж гарсангүй.

’89 ОНЫХОН АЗИЙН АВАРГУУДЫН ЛИГТ

Хэдэн жилийн дараа түүх домог мэт яригдах Монголын сагсан бөмбөгийн 1989 оны төлөөллүүд хамтдаа Хасын Хүлэгүүд багийн өмсгөлтэй талбайд гарав. Баг нь ч Сингапурын аваргуудыг 98-74 гэсэн харьцаатай төвөггүй буулган авлаа.

Б.Билгүүн, Дивайн Майлес тэргүүтэй нийт зургаан тоглогч арав болон түүнээс дээш оноо авчээ. Тэдний шидэлтийн гүйцэтгэл ч тун сайн байж, багаараа 57 хувьтай шидсэн гэнэ. Ингэхдээ 23 ашигтай дамжуулалт бие биедээ өгчээ.

Тэгвэл нөгөө талд нь Дональд Келли 21 оноо, Ханбин 18 оноог Монголын аваргуудын эсрэг авчээ.

Тоглолтын оргил хэсэг Б.Билгүүн, Д.Мөнхтүвшин, Т.Санчир, О.Сэргэлэн 1989 оны могой жилтнүүд хамтдаа талбайд гарсан нь байв. "UG" аренад чуулсан хөгжөөн дэмжигчид ч тэднийг халуун алга ташилтаар угтан авсан.

Авьяас чадвар, ид хаваа оргил үедээ олон улсад гайхуулж чадаагүй тэд эцэст нь Азийн аваргуудын лигт тоглож явна.

БИШРЭЛТ МЕТАЛЛ ИНДОНЕЗИЙН АВАРГУУДАД ТАХИМ БУУЛГАЛАА

Г.Болор-Эрдэнэ, О.Тулга, NCAA-ийн аварга Очефу нарыг нэгтгэсэн ч ахлах дасгалжуулагчаа алдсан Бишрэлт Металл хэсгийн эхний тоглолтоо Индонезийн аварга Правира Харум Бандунг багийн эсрэг хийж, 66-83 гэсэн харьцаатай хожигдов.

Өнгөрсөн улирлын эхэнд Налайх Бизонд тоглож явсан Антонио Хестер Монголд эргэн ирснээ зарлаж, 21 оноо, найман самбар авч Металлыг хожиход гол үүрэг гүйцэтгэв. Тоглолт эн тэнцүүхэн эхэлсэн ч гурван улирал дараалан Индонезийн дээд лигийн шилдэг дасгалжуулагчаар тодорсон Дэвид Синглетон нэг нүүдэл илүү харж, Металлын шинэхэн ахлах Б.Тамжидыг тактикийн хувьд илүүрхлээ.

Хестерээс гадна Доминиканы шигшээ багийн тамирчин Брэндон Францис, Индонезийн шигшээ багийн тамирчин Юдха Сапутера хоёр тус бүр 19 оноо авчээ.

Бишрэлт Металл нийт 22 бөмбөг алдсан нь хожигдох гол шалтгаануудын нэг нь байлаа.

Металлаас төвийн тоглогч Очефу олигтой тоглоогүй ч Жеантал Силла 23 оноо, Т.Ууганбаяр 14 оноо авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Онино 2024-04-04 202.126.91.138

Манай сагс гэж юу бгиын ониго шаасан хэдэн юм бдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж