Хятад: 300 сая ахмад тэтгэврийн шинэчлэлийг хүлээж байна

Хятад: 300 сая ахмад тэтгэврийн шинэчлэлийг хүлээж байна

Хятад: 300 сая ахмад тэтгэврийн шинэчлэлийг хүлээж байна

72 настай хятад тариачин Хуанчун Цао тэтгэвэрийн насанд хэдийнэ хүрсэн ч улсаас нэг ч юань авдаггүй. Түүнтэй адил Хятадын олон сая өндөр настан баяжиж амжилгүй тэтгэвэртээ гарчээ. Хуанчун Цао тэтгэвэр тогтоолгож чадаагүй учир хэдий өндөр насалсан ч зогсолтгүй ажиллахаас өөр аргагүй байна.

Удааширч буй эдийн засаг, олон арван жил үргэлжилсэн нэг хүүхдийн бодлого нь Хятад улсад хүн ам зүйн томоохон асуудал болоод буй. Хятадын хүн амын тоо буурч байгаа тул төрөх эмнэлгүүдийн эрэлт ч багассан.

Үүнтэй холбоотойгоор Хятад даяар төрөх эмнэлгүүд хаалгаа барьж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Гэтэл өдгөө тэтгэврийн сан улайсч, настайчуулаа асарч тэтгэх сан бүрдүүлэхэд цаг хугацаа, боломж нь хүрэлцэхгүй болжээ. Хятад улс нь ахмадууддаа тэтгэвэр өгдөггүй гэхэд болох цөөн хэдэн улсын нэг аж. Тодруулбал, тус улсын тэтгэврийн систем үндсэн гурван бүрэлдэхүүнтэй. Эдгээр нь төрөөс хариуцдаг үндсэн тэтгэврийн систем, ажил эрхлэгчдэд зориулсан сайн дурын тэтгэврийн систем, хувийн сайн дурын тэтгэврийн систем юм. Эндээс сүүлийн хоёр систем нь сайн хөгжөөгүй. Харин төрөөс хариуцдаг үндсэн тэтгэврийн систем нь доройтож, санхүүгийн ихээхэн дарамтад оржээ.

Ирэх 10 жилийн хугацаанд 300 сая орчим хүн Хятадын ажиллах хүчний зах зээлээс хасагдах төлөвтэй байна. Өнөөдөр 50-60 настай байгаа тэдгээр хүмүүс насны бүлгээрээ Хятадын хүн амын хамгийн томоохон хувийг эзэлнэ. Тэднийг АНУ-ын хүн амтай жишин зүйрлэж болох юм. Википедиа хуудаснаа мэдээлснээр АНУ 313 сая хүн амтай.

Тэтгэвэр тогтоолгож чадахгүй бол тэр олон ахмадыг хэн харж хандах вэ гэдэг асуудал үүсч буй.

Дээр дурдсан Хуанчун Цао хуучнаар Хятадын аж үйлдвэрийн төв байсан Ляонин мужид амьдардаг. Эндхийн хүн амын дөрөвний нэг нь 65 ба түүнээс дээш настай. Тэрбээр эхнэртэйгээ модны наймаа эрхэлдэг ба жилд ойролцоогоор 20 мянган юанийн орлого олдог. Энэ байдлаараа тэд дахин дөрөв, таван жил л ажиллах боломжтойгоо хэлж буй. Таван жилийн дараа бие нь хүчрэхгүй бол ажилгүй болж, үр хүүхдүүддээ өөрийгөө даатгахаас өөр аргагүйд хүрнэ.

Хятад улс үеийн үед ахмад настнаа асарч халамжлах үүргийг үр хойчдоо найдаж ирсэн. Хөгширсөн эцэг эхээ харах нь хүү, охины үүрэг байв. Гэвч нэг хүүхдийн бодлогоос болоод өнөөгийн ахмад настнуудад нь найдах хүү, охин үгүй болжээ. 1980-2015 оны хооронд Хятад улс “Нэг өрх нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлсэн.

Өдгөө улс орны хөгжлийг дагаад залуус ч эцэг эхээсээ холдож, өөрсдөдөө анхаарал халамж тавих, аль эсвэл засгийн газраас олгодог тэтгэвэрт найдах нь элбэг болжээ.

Гэвч Хятадын тэтгэврийн сан 2035 он гэхэд ямар ч мөнгөгүй болж магадгүй байгааг Хятадын төрийн мэдлийн Шинжлэх ухааны академи мэдэгджээ. Энэ нь Хятадын эдийн засагт хүнд цохилт болсон тахлын зогсолтоос өмнөх буюу 2019 оны тооцоолол юм. Тус улс сүүлийн жилүүдэд тэтгэврийн насыг нэмэгдүүлэх тухай өргөн хүрээнд хэлэлцэх болсон. Хятад эрчүүд 60, эмэгтэйчүүд 55, ажилчин ангийн эмэгтэйчүүд 50 настай тэтгэвэртээ гардаг. Энэ нь дэлхийн хамгийн залуу тэтгэврийн насанд тооцогддог.

Хятадын хүн ам нас ахих тусам цагаач ажилчид ч хөгширч байна. 2022 онд 85 сая орчим цагаач ажилчин 50-иас дээш настай байсан. Энэ нь нийт цагаач ажилчдын 29 хувь юм. Тэдний тэтгэвэр нэг бол хязгаарлагдмал хэмжээтэй, нэг бол огт тэтгэвэр тогтоолгох боломжгүй байна.

Тус улсын дундаж наслалт 1960 онд 44 байсан бол 2021 онд гэхэд 78 болж нэмэгджээ. Энэ тоо 2050 он гэхэд 80 давах төлөвтэй байна. Өдгөө Хятадын нэг тэрбум 409 сая хүн амын 20 гаруй хувь нь 60-аас дээш насныхан байна.

Тэтгэврийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Хятадын төрөөс хариуцдаг тэтгэврийн зардал дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас давсан байна.

Хятадын Төрийн зөвлөл 2022 онд өндөр настай хүн амыг дэмжих төлөвлөгөөгөө танилцуулсан. Үүнд өндөр настны асрамжийн газрыг нэмэгдүүлэх, хувийн тэтгэврийн шинэ тогтолцоог нэвтрүүлэх зэрэг багтжээ. Гэвч тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн ажил удаашралтай байгаа ажээ. Тиймээс ирэх 10 жилд 300 сая хятад ахмад тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн үр шимийг хүртэх эсэхээ хүлээж байна.

Эх сурвалж: BBC, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж