Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн гуравдугаар сард Канадын Монреаль хотод боллоо. Оросын Украинд хэрэгжүүлж буй цэргийн ажиллагааны улмаас Орос, Беларусийн тамирчдыг уран гулгалт тэргүүтэй олон спортын тэмцээн уралдаанд оролцохыг хориглосон билээ.
Тэгвэл энэ нь ч зарим тамирчдад боломж болж байна. Тодруулбал, Японы уран гулгагч Каори Сакамотод. Бээжингийн олимпод Оросын Анна Щербакова, Александра Трусова нарын араас хүрэл медаль хүртэж байсан тэрбээр 2022 оноос хойш 2024 он хүртэл олдсон боломжоо ашиглаж, дэлхийн аваргаар гурван жил дараалан тодорчээ.
Өдгөө 23 настай тэрбээр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нийт 222.96 оноо авч түрүүлсэн бол АНУ-ын Исабью Левито 212.16 оноотой мөнгөн медаль, Өмнөд Солонгосын Ким Чэ Ён 203.59 оноотой хүрэл медаль хүртжээ.
Дэлхийн аваргын цолоо хамгаасан Каори Сакамото "Богино үзүүлбэрийн дүнгээр дөрөвдүгээрт бичигдэж байхдаа бага зэрэг сандарсан. Гэхдээ сэтгэл санаагаа тайван байлгаж, алхам алхмаар анхаарлаа төвлөрүүлж чадсан. Үр дүндээ сэтгэл хангалуун байна. Цаашдаа улам хичээнэ" гэв.
Харин эрэтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд АНУ-ын Илья Малинин түрүүлж, Японы Юма Кагияама мөнгөн медаль, Францын Адам Шиао Хим Фа хүрэл медаль хүртжээ. Тэгвэл хосын төрөлд Канад алтан медаль, Япон мөнгөн медаль, Герман хүрэл медалийн эзэд болов.
Бүжгийн төрөлд АНУ-ын хосууд алтан медаль, Канадын хос мөнгөн медаль, Их Британийн хос хүрэл медаль тус тус хүртжээ.
