Монголын тариаланчдын үндэсний холбоо/МТҮХ/-ны ээлжит бус чуулган гуравдугаар сарын 20-ны өдөр болж, холбооны шинэчилсэн дүрэм, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож таван нэр дэвшигчийн өрсөлдөөн дундаас олонхын саналаар холбооны тэргүүнээр Д.Нарантэмүүжинг сонгосон. Гэтэл бүрэн эрх нь дуусгавар болсон холбооны өмнөх тэргүүн асан Ц.Рэнчинсэнгээ нь тамгаа, чуулганыг амжилттай зохион байгуулах үүрэгтэй гүйцэтгэх захирал Д.Өнөржаргал нь холбогдох бичиг баримтуудаа авч зугтжээ. Ингэснээр холбооны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хяналтын зөвлөлөөр хянуулах болжгүй нөхцөл байдал үүсчээ. Шинээр сонгогдсон холбооны удирдлагууд мэдэгдэл гаргасан байна.
Бүрэн эрх нь дуусгавар болсон өмнөх удирдлагууд ч дахин хүчин төгөлдөр бус тогтоол гарган холбооны ээлжит бус чуулганыг өнөөдөр Дархан-Уул аймагт зохион байгуулах зарыг түгээгээд байгаа аж.
Өмнө нь улстөрчид албан тушаалаа өгөхгүй гэхдээ тамгаа аваад, өрөөгөө цоожлоод зугтдаг байсан бол энэ “өвчин” холбоодод халдварласан бололтой. Хаврын тариалалт хаяанд ирсэн энэ үед тариаланчдын холбоо тамга, тэмдэгний хэрүүлтэй байна. Гурилын үнэ, тариалалтын талаар хэрүүл өрнөж буй энэ үед тариаланчдын холбоо ч улстөржөөд буй бололтой.
Л.Халиу