Эмэгтэйчүүд өмд өмсөх боломжтой болсон түүх

Эмэгтэйчүүд өмд өмсөх боломжтой болсон түүх

Эмэгтэйчүүд өмд өмсөх боломжтой болсон түүх

Бүсгүйчүүдийн өдөр тутмын хувцаслалтад тав тух болоод хүчирхэг байдлыг авчирсан хүн бол Холливудын хойморт залрах алдартан хэмээгддэг байсан жүжигчин Кэтрин Хепбёрн. Тэрбээр эмэгтэйчүүд өмд өмсөх нь үгээр хэлэхийн аргагүй үзэмжгүй, зохимжгүй гэж үздэг байсан 1930-аад онд анхлан өмд өмссөн бүсгүй юм. Кэтрин Хепбёрн ийнхүү зоригтойгоор загварын ертөнцөд шуугиан дэгдээж, салхи хагалснаар өнөөдөр эмэгтэйчүүд бид заавал даашинз, банзалд баригдалгүй өмд өмсөх болжээ.

“Оны эмэгтэй” гэх 1942 оны Америкийн романтик инээдмийн кинонд Кэтрин Хепбёрн тоглосон. Энэ кинонд түүний өмссөн байдаг үзмэн ягаан костюм, өмдний хослолыг загвар сонирхогчид хэрхэн мартах билээ. “Life” сэтгүүлд зориулан 1938 онд авхуулсан сандлын түшлэг сандайлан суусан хослолтой зураг нь ч бас байдаг.

Дэлгэцийн урлагийн бүх цаг үеийн домог, Холливудын хойморт залрах алдартан гэх мэтээр хүндлэгддэг байсан түүний хувьд ийн тогтсон хэв маягийг эвдэх амар байгаагүй. Тухайн үед студийн ажилчид түүний өмдийг тайзны ард зориудаар нуух энүүхэнд байв.

Эрэгтэй хувцас өмсөхийг сонгосон Холливудын бүсгүйчүүдийн тухай хэвлэл мэдээллийнхэн тэр үед олон ч нийтлэл гаргаж байсан. Тухайлбал, 1933 онд “Movie classic” сэтгүүлд жүжигчин Констанс Беннетт энэ талаар “Эмэгтэйчүүд өмд өмсөнө гэдэг үгээр хэлэхийн аргагүй инээдэмтэй, этгээд үйлдэл. Би төсөөлж ч чадахгүй байна” гэж хэлж байв.

Хепбёрн дэлгэцээр гарахдаа ч, өдөр тутамдаа ч өмдийг байнга өмсдөг байсан. Түүний хувцасны сонголт олон нийтийн шүүмжлэлийг мэдээж дагуулсан. Зөвхөн шүүмжлээд зогсохгүй зарим хүн түүнийг сэжиглэж, дайсагнах хандлага хүртэл гаргадаг байсныг Холливудын түүхч Уильям Ж.Манны 2006 онд бичсэн “Kate: The Woman Who Was Hepburn” номд дурдсан байдаг.

Олны шүүмжлэл, хэл ам хэрээс хэтэрсэн тул Хепбёрн 1934 онд найз Сюзан Стилийн хамт Парис руу зугтжээ. Хүмүүс тэр үед түүний хүйс, бэлгийн амьдрал зэрэг олон зүйлийн талаар хэлэлцэж байсан. Хепбёрн өмд өмсөж, нүүрээ буддаггүй, эрчүүдтэй романтик харилцаа бараг үүсгэдэггүй байснаас үүдээд ижил хүйстэн гэсэн хүртэл яриа гарсан аж.

Энэ цаг үеэс хойш гарсан Хепбёрний кинонууд шуугиан тарьж эхэлсэн. Тэр эгдүүтэй, ер бусын, ганц бие эмэгтэйчүүдийн дүрийг гаргах болжээ. 1933 онд гарсан “Christopher Strong” киног эргэн санацгаая. Энэ кинонд Хепбёрн нисгэгч эмэгтэйн дүрд тоглосон бөгөөд гэр бүлтэй эрэгтэйтэй харилцаа үүсгэж буйгаар гардаг. Гэрлэж, үр хүүхэдтэй болох нь эмэгтэйчүүдийг хуучинсаг хэв маягтай болгож орхидог гэсэн санааг энэ кинонд илэрхийлсэн гэж үзэх нь ч бий.

Үүнийд дараа 1933 онд “Morning Glory”, 1967 онд “Guess Who’s Coming to Dinner”, 1968 онд “The Lion in Winter”, 1981 онд “On Golden Pond” зэрэг олон кинонд тэр амжилттай дүр бүтээсэн. Энэ дөрвөн киногоор тэр Оскараас “Шилдэг эмэгтэй гол дүр” шагнал хүртсэн юм.

Дээр өгүүлсэн бүхэн бол Хепбёрний эмэгтэйчүүдэд өмд өмсөх эрх олгосон түүхийн багахан хэсэг. Олон нийтийн хэвшмэл ойлголтыг эвдэж, шинэ дүр төрхийг бий болгоход нь түүнд хамгийн ихээр тусалсан хүн бол “MGM”-ийн ахлах загвар зохион бүтээгч Гилберт Адриан байжээ. Гилберт Адриан 1924-1941 оны хооронд “MGM”-ийн ахлах загвар зохион бүтээгчээр ажилласан. Хепбёрн цаг үеэсээ түрүүлж алхаж буйг соргогоор олж харсан анхны хүн бол Гилберт Адриан гэхэд болно. “Оны эмэгтэй” кинонд Хепбёрний өмссөн үзмэн ягаан костюм Адрианы бүтээл байжээ.

Энэ үеэс Грета Гарбо, Марлен Дитрих зэрэг цөөн алдартан өмд өмсөж эхэлжээ. Улмаар 1966 онд “Yves Saint Laurent” брэнд намар өвлийн цуглуулгаараа эмэгтэй өмд танилцуулсан нь салбартаа цахиур хагалж, энэ загварын хэв маягаа 2002 оныг хүртэл бүх цуглуулгадаа шингээжээ.

Ийнхүү Хепбёрний өмдтэй загварууд Америк эмэгтэйчүүдийн нийтлэг дүр төрх болжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ха ха ха 2024-04-03 103.212.119.219

За даа ертөнцөд хүн үүссэнээс л эр эмгүй өмд өмссөн байх шүү. Холливүүддээ л анх өмд өмссөн гэвэл арай өөр байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж