ХЗБХ: Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав

ХЗБХ: Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав

ХЗБХ: Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.04.02) хуралдаан 15 цаг 01 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүний 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр хуралдаан эхэллээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулав.

Улсын Их Хурлаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдол гаргах хугацааг 2018 онд хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 4 дэх удаагаа сунгасан байна. Энэ өөрчлөлтөөр улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг; улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөгийн нөхөх олговор олгохоор хуульчилсан. Хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд энэ хугацаанд маш олон иргэн гомдол гарган, материал бүрдүүлэн өгч, цагаатгагдаж нөхөх олговрыг авсан хэмээн С.Одонтуяа гишүүн танилцууллаа. Хуулийн төслөөр цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр  болгохоор тусгасан бөгөөд  бусад оронд энэ төрлийн төрлийн хууль хугацаагүй байдгийг нэмж хэлэв.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа Ц.Мөнхцэцэг гишүүн илэрхийлээд нөхөх олговор олгосон талаарх, цаашид хэр олон тооны иргэн нөхөх олговор авах магадлалтай талаар тодруулсан. Хуулийн үйлчлэх хүрээ нь 1922-1990 оны хугацааг хамардаг гэдгийг С.Одонтуяа гишүүн онцлон тайлбарлаад 2023 оны жилийн эцсийн байдлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн нь тогтоогдож, цагаатгагдсан иргэдийн тоо 31635 байгаа бол гомдлоо ирүүлсэн ч хуулийн хугацаанаас хамааран шийдэгдэх боломжгүй болсон 167 иргэний асуудал хүлээгдэж байгааг хэлэв. Үүний зэрэгцээ манай улсад 1990 оноос хойш улс төрийн ямар нэгэн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох эрх зүйн зохицуулалт байхгүй байгааг дурдаад энэ талаар эрдэмтэн, мэргэжилтнүүд зөвлөлдөөд, олон улсын холбогдох конвенцод Монгол Улс нэгдэн орох нь зүйтэй гэдэг шийдэлд хүрснийг дуулгалаа.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль нь хугацаагүй үйлчилдэг олон улсын жишгийн дагуу төсөлд тусгах саналыг хэлээд, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэн нь шүүхээр тогтоогдсон иргэдийн нөхөх олговрыг хэр хугацаанд олгодог болохыг тодруулсан. Нөхөх олговрыг нөхөх олговор гаргуулах тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор бэлэн мөнгөөр нэг удаа олгох хуулийн зохицуулалттай хэмээн С.Одонтуяа гишүүн хариуллаа. Нөхөх олговор олгох тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн хүнд олгох нөхөх олговрыг өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор сум, дүүргийн санхүүгийн хэлтэс, тасаг олгох бөгөөд тэргүүн ээлжинд 60 буюу түүнээс дээш настай болон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой хүмүүс, мөн шүүхийн шийдвэрийн огноо зэргээр нарийвчлан эрэмбэлэн олгодог байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга нь Улсын Их Хурлын дэд дарга байх хуулийн дагуу Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа 2020 оноос хойш тус комиссын даргаар ажиллаж байгаагаа хэлээд “Ажлаа хүлээн авснаас хойш Комисс 44 тэрбум төгрөгийн нөхөх олговор олгоод байна. Ихэнх тохиолдолд нөхөх олговрын асуудалд анхаарлаа хандуулдаг бол миний хувьд соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд анхаарч, 10 баримтат кино, цуврал нэвтрүүлэг, анимейшн зэргийг бүтээлгэн олон нийтэд хүргээд байна” гэлээ. Ажлын хэсгээс гишүүний асуултад нэмж хариулахдаа “2024 оны улсын төсөвт нөхөх олговорт зориулан 7.4 тэрбум төгрөг тусгасан. Энэ сарын 01-ний өдрийн байдлаар төсөв дууссан учир 5 хүнд нөхөх олговор олгох боломжгүй болоод байна. Хуулийн үйлчлэл дууссан 2020 оноос хойш гомдол нь шийдвэрлэгдэн, цагаатгагдсан 258 иргэн байна. Өнөөдрийн байдлаар ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтэс дээр 450 хэргийг шалгаж байна. Эдгээрийн шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг тооцоолох боломжгүй” гэдэг мэдээллийг өгсөн.

Д.Цогтбаатар гишүүн, өнөөдөр Монгол Улсад хэрэгжиж буй хууль тогтоомжид иргэнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэхтэй холбоотой зохицуулалт бий эсэхийг тодруулахад С.Одонтуяа гишүүн “Төр иргэнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүлээх хариуцлага, нөхөх олговор олгохтой холбоотой эрх зүйн зохицуулалт огт байхгүй. Тиймээс НҮБ-ын 60 дугаар чуулганаас гаргасан төрийн одоо буруутай үйл ажиллагаанаас хохирсон иргэдийн асуудлыг зохицуулах агуулга бүхий конвенцод манай улс нэгдэн орох нь зүйтэй” гэлээ. Ийнхүү гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авсны дараа төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Д.Цогтбаатар гишүүн үг хэлэв. Тэрбээр, төр иргэнээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэх эрсдэл өнөөдрийг хүртэл байсаар байгаа учраас холбогдох хууль тогтоомжийг баталж, эрсдэлээс сэргийлэх, асуудал үүссэн тохиолдолд тухай бүр шийдвэрлэж, холбогдох талуудад хариуцлага тооцдог байх нь чухал. Улс төрийн хилс хэрэг гэдэг нь цаад агуулгаараа хууль бус аргаар төрийн эрхийг авах оролдлого учраас энэ төрлийн гэмт хэргийг хуульчлан, хариуцлага хүлээлгэдэг байх нь зүйтэй. Авлигын гэмт хэрэгтэнд оногдуулж байгаа ялын бодлоготой дүйхүйц шийтгэл оногдуулах нь оновчтой бөгөөд шийдвэрлэлтэд цаг хугацааны хязгаарлалт байх нь зохисгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Ийнхүү төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүн үг хэлсний дараа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийнг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 10 гишүүний олонх буюу 70 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь “Хөрөнгө, орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хянах, хадгалах журмыг шинэчлэн батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Ц.Мөнх-Оргил нар тодруулга хийж, тодорхой саналуудыг хэллээ.

Хил хамгаалах ерөнхий газрын ТТ-1-ээс ТТ-10 зэрэглэлтэй албан тушаалтнууд ХАСХОМэдүүлэг гаргадаг бөгөөд төслөөр удирдах офицер бүрэлдэхүүн буюу ТТ-1-ээс ТТ-5 зэрэглэлийн, гүйцэтгэх чиг үүрэгтэй албан тушаалтнуудыг ХАСХОМэдүүлэг гаргах шаардлагагүй хэмээн үзэж, хасахаар зохицуулж буйг ажлын хэсэг тайлбарласан. Түүнчлэн виртуал хөрөнгө, нийтийн албан тушаалтнуудын хуулиар зөвшөөрөгдсөн давхар ажил эрхлэлтийн талаарх хуулийн зохицуулалт гэх зэрэг нөхцөл байдал, эрх зүйн орчны өөрчлөлтүүдтэй уялдуулан 2012 онд батлагдсан энэхүү маягтыг өөрчлөх шаардлага үүссэн, үүний зэрэгцээ шаардлагагүй мэдээллийг хасах зэргээр өөрчилж байгааг гишүүдийн тодруулсны дагуу ажлын хэсгээс тайлбарласан.

Ц.Мөнх-Оргил гишүүн төслийн хавсарлт дахь томьёоллыг тодруулах, хүснэгт дэх зааварчилгааг илүү ойлгомжтой болгохтой холбоотой санал хэлэв. Ийнхүү төслийг хэлэлцсэний дараа нь “Хөрөнгө, орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хянах, хадгалах журмыг шинэчлэн батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжснээр  “Хөрөнгө, орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хянах, хадгалах журмыг шинэчлэн батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан юм. Ийнхүү тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин томилогдов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-02 126.205.200.197

shuuhruu dairaad baisan IIM uchirtail bsan bna uursduu Hun yallana tged uursduu shuhees gaduur shuune IIM ih eej medel uguj bolkue edniig zogsoo hiuy

Avatar

Зочин 2024-04-02 103.57.93.62

Юун шүүх байгуулах төсөл, та нарт суухаас өмнө үүнээс өөр хийх ажил алга уу, дараагийн шинээр сонгогдох гишүүдээр хэлэлцүүлнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж