Хэлмэгдүүлэх вий

Хэлмэгдүүлэх вий

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг нарын ярилцсан "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэг өнгөрсөн долоо хоногт олон нийтэд хүрсэн. Энэ нэвтрүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөө үед тулгамдаад буй олон асуудлын үндсэн шалтгаан нь системийн авлига хэмээгээд түүнийг угсарсан автор нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэмээн нэр цохсон билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Улс төрийн шинжлэх ухааны доктор Р.Болдын нийтлэл бичсэнийг хүргэж байна. 


Өнөөдөр эрх баригчид иргэн Ц.Элбэгдоржийг яллаж байна. Шүүхийн танхимд биш шууд эфирт яллаж байна. Улсын яллагч бус улстөрч яллаж байна. Харин Москвад биш Монголд яллаж буй нь нааштай.

Түүнийг С.Зоригийн хэрэгтэй холбож, мөн Орос улсын өмчлөлд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг монголчууд Монголдоо авчирсантай холбогдуулан хууль шүүхгүйгээр яллаж байна. Ерөөс Орос улсын өмчлөлд байж "ах нар" ашиг хүртэж байх нь зөв гэж үзэж байгаа юм болов уу.

Ц.Элбэгдоржийг эрүүгийн олон хэрэг үйлдсэн хэмээн олон сар, жилийн турш гүтгэжээ гэж үзэх үндэслэл, хардлага маньд төрөөд байх боллоо. Өмнөх Ерөнхийлөгчөөс өөрийн биеэр прокурорт аваачиж өгсөн өнөөх Таван толгойн 160 хуудастай хэрэг хаачив аа, юу болов оо? Нотлогдоогүй юм уу. Түүний бүлэглэл АСЕМ-аас их идсэн нь тогтоогдлоо гээд Аудиторын орлогч нь шуугиулаад байсан нь бас юу болов оо. Таг чиг. Худлаа л байж дээ. Түүнийг Ачит Ихт гэх компаниас хувьцаа эзэмшдэг, хувь авдаг гэж Норов гуайн ууртай шар банди зарлаад нэг тэрбум төгрөг нэхэмжлээд байсан нь яачихваа? Хуулийн шаардлага хангаж нотлогдоогүй юм уу. Арт Галерейгаас уран зураг хуссан гэх хэрэг тохоод байсан нь юу болов оо. Худал дайралт, хоосон сүржигнэл байж дээ гэж үзэхээр боллоо. Улс даяар тунхаглан зарлаж тулгасан эдгээр “хэрэг” нь бүтэхгүй болмогц нэгэн дунд сургуулийн хувьцааны 10 хувь гэх арга ядсан наалтуур хэргийг захиалгаар босгож байсан.

Манайхан бүгд л хулгай хийдэг, энэ нөхөр бас л хулгайлсан байх учиртай. Ямар нэгэн юм хулгайлсан л байх ёстой, түүнийг нь л олох ёстой. Гэвч бариад авах олигтой юм олдохгүй байна аа. АСЕМ-д ч, Ачит Ихт ч, Арт Галерейд ч хайгаад олсонгүй. 49 хувьд ч байхгүй. Яая даа байз. “Монгол залуус эх орондоо шороо боловч атгаад ирэхэд би дэмжинэ ээ” гэж Их Хурлын индэр дээрээс ил тод, чангаар хэлсэн.

Түүгээр ч барахгүй “Монголд ороод ирсэн, Монголын талын эзэмшил болсон уг үйлдвэрийн хувьцааг төрд 34 хувь, хувийн хэвшилд 33 хувь, иргэдэд 33 хувиар тус тус эзэмшүүлбэл хамгийн боломжит хувилбар” болох бус уу гэдэг санаагаа хүртэл хэлсэн байдаг.

Ц.Элбэгдорж бол өөдрөг үзэлтэн, дэврүүн сэтгэлтэн билээ. Заримдаа энэ нь хэтрэх нь ч бий. Түүний дэврүүн сэтгэлээр хэлсэн үгийг улс төрийн хонжоо хайсан хүмүүс өөрсдийн ядмаг зорилгодоо ашиглах гэж оролдож байна. Эрдэнэтийн овооны талаар хэлсэн үгэнд нь зарим нэг буруу зөрүү ойлгогдохоор зүйл байсан л байх. Өрсөлдөгчид нь харин уг үг нь гэмт хэргийн шинжтэй биш биз дээ гээд түүнийг нь овойлгож товойлгож, яллаж байна. Өдгөө албан ёсны шүүхийн үүргийг улстөрчид, дарга нар гүйцэтгэх гээд байдаг болжээ. Хэрэгтний тэр үг нь, тэр харилцаа нь тогтоогдож байгаа гээд л бурж өгнө, нийтэд зарлана, нэр төрд халдана. Дарангуйлал ингэж эхэлдэг юм. Ардчилсан нийгэмд үгээ хэлснийх нь төлөө ялладаггүй юм аа. Гүтгэснийх нь төлөө ялладаг шүү дээ.

Таних, танихгүй баахан хүмүүсийн байгуулсан компанийг Ц.Элбэгдоржид хамаатуулах нь хэрэг тохох үндэслэл болохгүй биз ээ. Найз нь юм гэнээ гээд хэн нэгнийг яллаад байвал энэ улсад цэвэр хүн үлдэхгүй л болов уу. “Найз” хэмээх ойлголт нь ихээхэн хийсвэр, томьёолоход тодорхой бус, хувь хүний үзэмжээс хамаардаг субъектив ойлголт. Хуулинд “найз” гэх нарийн үг үсэг алга. Ер нь бол “Улстөр, бизнест найз байхгүй ээ” гэж 7 буудлын Должин эмээгээс эхлээд манай гудамжныхан бүгд л тэгэж ярьдаг шүү. Улс төр болоод бизнест бүхэлдээ ашиг сонирхлын харилцаа үйлчилж байдаг учраас тэнд найз гэх ойлголт байхгүй ээ гэдгийг ард олон мэддэг ажээ.

Харь гүрний өмчлөлд олон арван жилийн турш байсан Эрдэнэтийн 49 хувийг авчирсан талаарх шийдвэрээ Монгол Улсын Засгийн газар хуулийнхаа дагуу УИХ-аар хэлэлцүүлэх үүрэгтэй. Засгийн газар энэ үүргээ биелүүлээгүй гэнэ. Үүнд нь тухайн үед төрийн тэргүүн байсан хүнийг буруутгаад буй бололтой.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хуудсыг эргүүлж үзвээс, Засгийн газрын шийдвэрт Ерөнхийлөгчөөс нөлөөлөх, хориг тавих эрх үүрэг, боломж хуулиар байдаггүй юм байна. Түүнчлэн Засгийн газрын гаргасан шийдвэрийг Улсын Ерөнхийлөгч УИХ-д оруулж хэлэлцүүлдэггүй хуультай аж. Гэвч Ц.Элбэгдоржийг өөрт нь үүрэгжүүлээгүй, оролцоогүй асуудлаар нь яллаж байна. Түүний хувьд “Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөс хувьдаа авсан нэг хадаас ч байхгүй. Эзэмшдэг нэг ч хувь байхгүй. Гаднаас олж ирсэн 49 хувийн эзэмшлээс завшсан, тэр талаар бодсон хуйвалдсан, нэг ч үйлдэл, санаа, оролдлого надад байгаагүй. Одоо ч байхгүй. Тийм үйлдэл, үйл ажиллагаа надаас гарах боломжгүй. Энэ бол миний зарчим, үнэт зүйл, үйл хэргийн замналтай нийцэхгүй” гэж мэдэгдэж байсан билээ.

Ц.Элбэгдоржийг үнэндээ хамгийн адгийн этгээд, ардын дайсан болгож ард иргэдэд ойлгуулах, харуулахыг оролдсоор удлаа. Түүнд ямар нэгэн хэрэг яаж ийгээд тохохоор улайрч байна.

Сүүлдээ байгаад төрийн албан үүргийнхээ дагуу танилцсан материалыг нь ашиглаад энэ нөхөр ирээдүйд ийм тийм хэрэг хийх гэж байсан гэх үндэслэлээр гэмт хэрэгтэн болгохоор оролдож буй мэт. Хуулийнхан дээдсийн дарамт шахалтад байгаа нь мэдээж. Тэднийг улс төрийн бохир тоглоомд хэрэглээд хаядаг бээлий, бэлгэвч адил ашиглах гэж улайрч, дарамталж шахаж буй нь нууц биш. Ц.Элбэгдорж гэдэг этгээд энэ улсын чухам юуг нь хувьдаа авчихсан юм бол доо. Өнгөрөгч нийгмийн үйлдвэр, комбинат, өргөө буудал, өнчин цагаан ишиг энэ тэр гээд тодорхой нэр зааж, өчүүхэн ч улстөргүйгээр, үнэн мөнөөр нь нэг сайхан хэлээд өгөх хүн байна уу, Та минь ээ? Авсан идсэн хөрөнгийг нь яс тоо баримттайгаар хэлээд өгөөч. Тодорхой баримтгүйгээр нулиад, нулимаад байхад нэг л итгэж өгөхгүй юм аа.

Тэрбээр бусад улс төрчдийн адил төв талбайн хажууд байшин савтай болсонгүй, түмэн сүргээс нь таслаад авсангүй, ах дүү, хамаатан саднаа ажилд зуучилж оруулсангүй. Түүнд сэлгээд унах олигтой морь, машин байна уу.

Эдлэн газар, хаустай юм уу. Хувийн аж ахуй, компанитай юм бол тэр нь хуульд зааснаар улсын бүртгэлд байх ёстой, бүртгэлд нь байгаа бол нэр, хаягийг нь нийтэд дэлгээд өгөөч. Ер нь 0.07 га газартай юм болов уу. Уран зургийн цуглуулгаас өөр гавьтай хөрөнгө чинээ байна уу. Эрхбиш орох оромж, ойчих аягатай байлгүй дээ. Ерөнхийлөгч байсан хүн гээд тэр бүгдийг нь хязгаарладаг юм болов уу. Түүнчлэн оффшорын талаар олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас гаргадаг жагсаалтад нэр ус нь байгаа юм уу? Манай Монголын өдөр тутмын сонинуудын “эрэн сурвалжлагч” нэгдлээс гаргадаг баримт нотолгоонд Цахиагийн хүүгийн нэр байна уу. Тэрбээр “оффшорчдийг илчил, барь” гэж сөөнгөтөн орилоод оффшорт өөрийн байгуулсан олон компани, олсон хөрөнгө мөнгөө улайм цайм нуудаг ичих булчирхайгүй этгээд мөн үү. Уул уурхайгаар баяжсан 30 гэр бүл хэмээн тодорхой нэр усгүй ярьж ялладаг, улс төр хийдэг албан тушаалтнууд өөрсдөө бас уурхай, лицензийн асуудалд орооцолдоод байгааг юу гэж үзэх вэ?

Өрсөлдөгчид нь, түүнийг их баяжиж хөлжсөн гэж 1,000 дахин давтаж сурталчлаад худал зүйлийг үнэмлэхүй үнэн болгохоор улайрч байна. Тэд хүмүүсийн тархийг угаана, үг дуугүй аялдан дагалдагчдын хүрээг өргөжүүлнэ, хөөрцөглөгчдийг улам хөөргөнө гэнэ ээ. Үүндээ “Эрдэнэтийн 49 хувь”, “С.Зоригийн хэрэг”” гэх улиг домог болсон хоёр бороохойг ахин дахин ашиглаад нүдээд байх юм. Харин Ц.Элбэгдоржид Монголын баялгаас нэг грамм алт, нэг килограмм нүүрс, зэс идсэн баримт нотолгоо хэчнээн мачийж хайгаад ч олдохгүй байгаа бололтой. Ийнхүү улстөрийн хэнээтнүүд элдэв хуудуутай, хачир начир ихтэй, хууль зүйн үндэслэл хомс зүйл яриад сурталчлаад манийгаа чулуу хөөлгөөд байгаа юм биш биз дээ.

Ц.Элбэгдоржид “үүрүүлэх” гэж буй хэрэг, түүнийг үүсгэх болсон сэдэл, шалтгаан, үйл явц нь үндсэндээ улс төрийн хүрээнээс, улс төрчдийн өрсөлдөөн, өш хонзон, атаархал мөчөөрхлөөс үүдэлтэй гэж харагдаад байна. Өдгөө ам хамар болгон руу мөнгө чихэх аргатай, өс хонзондоо баригдсан эрхтэн дархтан болоод хуучинсаг коммунист-хуульч, авилгалын загалмайлсан эцэг, оноо очковын донтой попууд, шүүрхий улстөрчид нэгдэн 1990 оны ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг Ц.Элбэгдоржийг яллаж байна.

Яллах ажиллагааны урьтал, оршил болгож түүнийг түмэн олноор үзэн ядуулах улс төрийн компанит ажлыг зохион байгуулалттайгаар явуулаад удлаа. Улангассан ноход шиг тал талаас нь боорлолоо. “Муу л бол хойд талын хар овоохой” гэдэг шиг Ц.Элбэгдоржид энэ улсын хамаг муу муухайг хамаатуулах суртал ухуулга хүчтэй явагдсан.

Түүнийг жинхэнэ авлигачид, хулгайчид элдэн хөөж байна. Алдаагаа ардчилал руу чихдэг, амжилтаа өөрсдөдөө наадаг, авилга авч амьдралаа залгуулдаг, арга залиар хөрөнгөжиж баяжсан бэртэгчин улстөрчид дөвчигнөн балбадаг болжээ. Үүнд троллууд болоод хөлсний доромжлогсод, салхины аясаар намирагсад өөрсдийн хараал зүхлээ багагүй нэмэрлэж байна.

Ц.Элбэгдорж эгэл залуугаасаа л гүтгүүлж, элдвээр гоочлуулж доромжлуулж явсан даа. Тэрбээр 90-ээд онд эрх мэдлээ алдаж хорссон “дарга” ангийн тавьсан гутаан доромжлол, гүжир гүтгэлэг, дайралтын улаан гал дундуур явсан, даваад гарсан. Дарангуйлагч, захиран зандрагч коммунист дэглэмийн тархи угаагч, бас тархи базагч суртал нэвтрүүлгийн ширүүн дайралтаас ажралгүй гараад ирсэн байдаг. Тэрбээр хал үзэж, халуун чулуу долоосон этгээд мөн.

Ц.Элбэгдорж бол иргэний хувийн өмч, бизнес, хүсэл тэмүүллийг хатуу хориглодог, хүмүүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг боогдуулдаг тоталитар дэглэмийг мөхөөхөд, нэг нийгэм нөгөөгөөр солигдоход томоохон үүрэг гүйцэтгэсэн хүн гэдгийг монголчуудын олонх мэднэ, мартаагүй байгаа. Энэ түүхийг үгүйсгэхэд амаргүй ээ. Харамсалтай нь тэрбээр өнөөдөр хууль цааз, шүүхийг үл ойшоодог улстөрчдөөр, ховоор яллуулж байдаг. Хэрэв хууль ёсны шүүх дээр хэрэг үүсгэвэл түүний томилсон шүүгчид “шийдвэрлэхгүй” гэнэ ээ. Төр нь, түүний түшээ нь шүүхдээ итгэхгүй юм бол хэн шүүхэд итгэх юм бэ? Нөгөө улныхан чинь итгэх юм уу. Хууль ёсны шүүхийг үгүйсгэх нь дарангуйлалд хүргэх нэг зам, арга мэх мөн гэдгийг хүн төрөлхтөн мэдэхтэйгээ байгаа шүү.

Элбэгээ гундахгүй ээ. Ардчилалд алдсан зүйл бий, гэхдээ Монголын ард түмэнд өөртөө эзэн байх эрх чөлөөг авчирсан юм. Энэ бол хэнбугай ч маргашгүй, үгүйсгэшгүй үнэн. Эрх чөлөөгүй бол хүн байгаад ч яах юм, чёрт.

Тэрбээр иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өмчлөх эрх чөлөөг авчраад зогсоогүй Монголчууд өөртөө засаглах эрх чөлөөг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн. Өмнөх 70 жилд Монголыг Москва удирдаж, удирдлагыг томилж, засаглаж байсан билээ. Яахав тусгаар улс гэх нэртэй боловч яг үнэндээ өөртөө засаглах эрхгүй, өөрийн асуудлыг өөрсдөө шийдэх эрх чөлөөгүй байв. Харин тэрхүү эрх чөлөөг цагаан морин жилийн ардчилсан хувьсгал авчирсан юм аа. Өөртөө эзэн байх эрх чөлөө бол алив эрх чөлөөний дээд мөн. Энэ нь ямарваа субъектын оршин байх, оршин тогтнохын үндэс юм. Эх орондоо засаглах эрх чөлөөгүй бол тусгаар тогтносон улс гэж таахалзаад ч яах юм, Их Монгол оо.

Гадаад гүрнээс бидэнд тулгасан өмнөх нийгэмд сонголтгүй нэг удирдагч захирна, сонголтгүй хайрлуулах нэг нам засаглана, сонголтгүй сонгох нэг нэр дэвшигчийн төлөө санал өгнө, сонголтгүй нэг телевиз үзнэ, нэг радио сонсоно, нэг хэвэнд цутгаж шүүсэн мэдээлэл авна. Эдийн засгийн эрх чөлөө гэвэл мах сүү, масло талхаа маш урт дараалалд зогсож авдгаас хэтрэхгүй. Коммунизмд одоогийнх шиг олон долоон сонголт байгаагүй ээ. Хувийн өмч, хувь данс карт, хувийн компани түц, эмнэлэг, сургууль, мал сүрэг, машин тэрэг, эдлэн газар, хаус сууцны тухайд бол санасны гарз, бүтэхгүй. Бүтэшгүй төдийгүй аюултай. Тэр талаар өчүүхэн төдий л оролдлого хийх аваас мөрдөн байцаалт, шорон орон, цөллөг болоод явчихна даа. Олон ч хүмүүн хохирсон доо. Үүнийг өнөөгийн залуус яахан мэдэх билээ. Тэдний ихэнх нь энэ бүх эрх чөлөө, сонголт урьд өмнө нь байсан мэт бодно. Сонголтгүй нийгэм иргэдээ сохор дүлий хэмээн үзсэнтэй л адил юм билээ. Агаар хомс, салхивчгүй нийгэм. Ийм орчинд хүмүүн давчдаж бачимдах нь элбэг. Эрх чөлөөгүй нийгэмд “иргэн” хэмээх гуншингаар ч яах юм билээ.

Тэрбээр Монголын ард түмэнд төдийгүй жирийн коммунистуудад эрх чөлөө авчирсан. МАХН-ын жирийн гишүүд үнэндээ хамгийн эрх чөлөөгүй хүмүүс байсан юм. Тэр үед жирийн коммунистууд нь захиран тушаагч, залхаан цээрлүүлэгч дэглэмээсээ салсандаа битүүхэндээ баярлаж байсан билээ. Ямар сайндаа “яршигтай эхнэрээсээ намын батлахтайгаа салах” эрхтэй боллоо гэж ярьж байхав.

Өнөөдөр Монголчууд сайн, муу ч болов өөртөө эзэн болоод, үгээ хэлээд, үзэл бодлоо илэрхийлээд явж байна. Хүний эрхээр жаргахаар, өөрийн эрхээр зов хэмээн ярьдаг ард түмэн билээ бид. Ардчилал, эрх чөлөөний ач буяныг амсаагүй айл өрх, ард олон энэ улсад ховорхон биз ээ. “Ялтай мал”-аа буянтай мал болгож, эх орондоо “зам явах бичиг”-гүй чөлөөтэй зорчиж, гадаадад ганц удаа боловч явж үзээгүй ардыг олоход бэрх биз ээ.

Ц.Элбэгдорж эрх чөлөөг эрхэмлэгч, өөрийн үзэл бодолтой Монгол хүн бүрийн урд, бас ард нь ч явсан, явж байна, явах ч байх. Тэр бол гүтгүүлээд сурчихсан субъект. Намайг гүтгэлээ гээд өнгөрсөн 30 гаруй жилд нэг ч хүнийг шүүхэд өгч байгаагүй аж, гомдоод гоншигноод байсангүй. Тэр бол ард иргэдээ шүүхэд өгч үзээгүй Монголын цорын ганц Ерөнхийлөгч, Ерөнхий сайд билээ. Гомдоллохоос илүүтэй иргэдээ ойлгохыг илүүд үздэг. Ард иргэдийнхээ дэмжлэгээр сонгогдчихоод иргэдээ үгээ хэлснийх нь төлөө шүүх цагдаад өгч айлгадаг гоншигнуур Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг ямар юмныхан их удирдагч гэх вэ. Ард иргэд нь буруу зөрүү яриа л биз.

Сануулахад Монголын талаарх харь гүрний "хар хайрцагны" бодлого, стратеги, эрх ашгийн мөргөлдөөн урдын адил явагдсаар байгаа. Ц.Элбэгдоржийг нухчин дарах ажиллагаанд гадаад нөлөөлөл, төлөөлөл орж байхыг ч үгүйсгэхгүй. Энэ нь Монгол Улсын бие даасан, эрх чөлөөт байдал, өөрийнхөө хувь заяаг өөрөө шийддэг улс байх боломж руу хийж буй давхар цохилт биш биз, Та минь ээ.

Одоогоос 100 гаруй жилийн өмнө тусгаар улсын төлөө хувьсгал хийсэн эх орончдыг хэлмэгдүүлсэн гашуун түүх бидэнд бий. 1921 оны ардын хувьсгалын гол удирдагч Солийн Данзанг “Монгол орон капиталист нийгмийг алгасаж болохгүй, хүмүүн төрөлхтний хөгжлийн нийтлэг замаар л явах ёстой”, “Бидний улс үлгэрлэвэл Швейцар лугаа адил төвийг сахиж хөгжинө” гэсэн үзэл санаа, санаачилгыг гаргасных нь төлөө ялласан байдаг. С.Данзан нь тухайн үеийн бодлого тодорхойлогчдоос илүү холыг хардаг, либерал сэтгэлгээтэй хүн байж. Тэрбээр Монгол орноо бие даасан, үндэсний хөгжлийн зам бүхий Төвийг сахисан улс болгох, ард олноо малжуулж, хөрөнгөжүүлэх бодлого дэвшүүлж, үүндээ гуравдагч орнуудын дэмжлэг туслалцааг авах саналаа улсын бага хурлуудаар удаа дараалан оруулж тууштай хамгаалан тэмцсэн байдаг. Энэ нь Коминтерн хийгээд большевикуудын уур бухимдлыг төрүүлж түүнийг хэлмэгдүүлэхэд хүргэсэн аж. Цахиагийн Элбэгдорж ч мөн түүнтэй агаар нэг бодлого баримталж тэмцэж ирсэн түүхтэй нэгэн. Шанхайд элсэхийг эрс эсэргүүцдэг этгээд. Дайн түрэмгийллийг буруушаадаг зөрүүд нөхөр.

Эрх баригч хүчин Элбэгдоржийг суртал нэвтрүүлгээр ялласнаар ирэх сонгуулийнхаа суурь хөрсийг бэлдээд авна гэсэн тактик баримталж буй бололтой. Үүндээ “Эрдэнэтийн 49 хувь”, “С.Зоригийн хэрэг”” гэх сонгууль болгонд ашигладаг зэвэрсэн хоёр бороохойгоор нүдэхээр шийджээ. Улс төрийн цутгалттай хүйтэн жадны үзүүр түүн рүү чиглэж байна. Мөнгө зоос тоймгүй цацаж байна, баян цатгалан байна. Мэдээллийн бүх хэрэгсэл, суваг дэлгэцийг төлөвлөгөөтэйгөөр хөлсөлнө, эзэгнэнэ гэнэ. Аливаа сонгуулийн суурь хөрс улс төрд чухал аа. Суурь хөрс муутай бол олигтой ургац авахгүй. Тиймээс нэг хэсэгтээ улаан галзуу хүн мэт угсруулан нүдэх байх. Баахан балбаж байгаад л дараагийн сонгууль хүртэл мартана.

Ингэхэд эрх баригчдын эцсийн бай Элбэгдорж биш юм аа. Тэгээд ч хууль шүүхийн байгууллагад түүнд үүсгэсэн хэрэг төвөг алга. Эцсийн бай нь Ардчилсан нам юм. Ардчиллыг гутаах хамгийн тохиромжтой этгээд нь энэ Элбэгдорж. Учир нь тэр АН-ыг байгуулсан. Энэ нөхрийг элдэв зүйлээр нүдээд байхад л манайд ялалт ирнэ гэнэ. Ажиглаад байх нь шинэхэн, гэнэхэн улстөрчид Элбэгдоржийн “хэрэг-дело” гэгчийг гол хөзрөө болгон ирэх сонгуульд орох төлөвтэй. Энэ муу Элбэгээг муулаад, балбаад байвал их мундаг улстөрч болно хэмээн боддог бололтой. Өөртөө ургуулан бодож үлгэр зохиомжилно, хов зөөнө, хов живээр хавтаст хэрэг бүрдүүлэх санаатай, коммунист арга л даа. Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажив гэгч л болж байна.

Нөгөө талаар эрх баригчид маань улс төрийн амьдралаас хөндийрсөн Ц.Элбэгдоржийг улс төрд урин дуудаад байна гэлтэй. Тэгвэл өөр хэрэг. Тэрбээр баруун бүсэд баараггүй, нийслэлд бол ниргэх эрсдэлтэй байх шүү. Нас зүс нь ч улс төрд идэр насанд тооцогдмой. Тэд Эбийг Ардчилсан намын гол лидер гэж үзэж буй юм байна. Түүнийг бараг л АН гэж харж байгаа аж. Гол лидерийг нь нүдэж харлуулан, хууль бусаар ч хамаагүй яллаж чадвал удахгүй болох УИХ-ын сонгуульд амжилт үзүүлнэ хэмээн тооцож буй бололтой. Энэ нь улс төрийн амьдралд хуучирсан, өнөө цагт явуур муутай технологи л доо.

Ийнхүү улстөрчид элдэв, хачир начир ихтэй зүйл яриад сурталчлаад байх юм. Энэ их хийрхлээс түр зуур боловч амьсгаа авч эргэцүүлж нэг бодвол яасан юм бэ, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх их эрх чөлөөг эдлэн буй эрхэмсэг иргэд ээ. Хүний мууг үзэх гэж яараад яахав. Ятгах тусам нягталмаар даа.

Эцэст хэлэхэд эрх баригч намд авсан амлалт, ард иргэдийнх нь амьжиргааны асуудал, үнийн өсөлт, ядуурал хийгээд засаглах замдаа бий болгосон асар их авлига, хээл хахууль, хулгай луйвар нь хоёр гуравдугаар зэргийн асуудал байх нь. Тэр талаар эн түрүүнд ярихгүй байгаа нь тун харамсалтай.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж