Алсаа, аюулгүй байдлаа бодолцолгүйгээр авлигаар олгосон газар олголт зөвхөн зун ч биш, жилийн дөрвөн улиралд хотын асуудал болов. Өвөл нь “судсаа” боолгуулснаас хөрсний ус халиа үүсгэж, түүнийг нь өөр бусад гол руу зөөсөн ч мөнгийг нь хуваагаад идчихсэн учраас ус зайлуулагчгүй замаар тогтсон ус явган зорчигч, жолооч хоёрыг талцуулахад хүргэжээ. Ус цацсан жолоочийг торгохыг норсон иргэд шаардаж буй бол ус зайлуулах байгууламж хийгээгүйн хариуцлагыг жолоочид үүрүүлж байгаа нь утгагүй гэх өнцгөөс тайлбарлагсад олон байна. Өвлийн улиралд замын онгорхой, цоорхойг цас нөхөж байсан бол өдгөө хайлж урссанаас хорооллын дундах замын энхэл донхол ил гарч түүнийг нь тойрох гэж яваад явган хүн рүү ус цацах эсвэл машинаа эвдэх нь энүүхэнд болов.
Халдварт өвчний тархалт эрс нэмэгддэг хаврын улирал шар ус, хөрсний бохирдол аюул дагуулжээ. Хаа сайгүй ус соруулах ажил хийх болов.
УБЗАА болон НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн албан хаагчид шалгалт хийхэд цахилгааны утас ил гарсан 34, явган хүний замд эвдрэл гарсан 77, авто замын хашлагад эвдрэл гарсан 56, хог хаягдал ихтэй 64, хашаа хайс унаж, эвдрэл гарсан 31 зөрчил илэрчээ.
Энэ бүхнийг цэгцлэхээр хотын дарга Х.Нямбаатар хаврын их цэвэрлэгээний хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэх, эвдэрч гэмтсэн хайс хашаа, хаяг реклам самбар зэргийг засварлах, гадна фасадаа угаах ажлуудыг зохион байгуулах шийдвэр гаргасан байна.
Хэдийгээр ойр орчноо цэвэрлэх нь тухайн байгууллагын үүрэг ч хотын иргэд яах гэж хоёр дахин нэмэгдсэн хотын татварыг төлдөг, тохижилт үйлчилгээний компани юу хийдэг юм. Яах гэж хотын үйлчилгээний байгууллага байдаг юм гэх асуултыг эргүүлэн тавихад хүргэж байна. Учир нь, өнөөгийн зах зээлийн нийгэмд нийтийн гудамж, талбайг арчилж тордуулахын тулд хотын иргэд татвар төлж, төлсөн татвараас нь хотын тохижилт үйчилгээг хариуцсан байгууллага санхүүждэг. Тиймээс хот муухай байна гээд хотын иргэдийг нийтийн цэвэрлэгээнд гарахыг шаардах нь шударга бус явдал гэж бухимдах хүмүүс цөөнгүй байна.
Харин түүний оронд ус зайлуулах байгууламжгүй зам барьсан компани, түүнийг нь хүлээж авсан албан тушаалтнаас хариуцлага нэхэх нь зүйд нийцнэ гэж иргэд үзэж байна.
Л.Халиу
Холбоотой мэдээ