Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хурлаар “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” 2022 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсч байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Тогтоолын хэрэгжилт хангалтгүй байна. Би байнгын хорооны дарга байхдаа энэ тогтоолыг гаргасан. Өнөөдөр та бүхний ярьж байгааг сонсоход ямар ч үр дүн алга. Ийм л байдалтай байна. 1990-ээд онд биднийг гадна жагсч байхад хэрэгтэй юмсыг нь гадаадын баахан хүмүүс худалдаад авчихсан байдаг. Оюутолгой гэж яригдаж байдаг. Жишээлбэл, "Митакопль" компани Монголын зэсийн 60 илэрцийг авсан. Тэрний нэг нь Оюутолгой. Энэ оны төсвийг хэлэлцэхэд "Оюутолгой" төсөл улсын төсөвт 748 тэрбум төгрөг өгнө. Гэтэл Монгол Улсын нэгдсэн төсөв 27 их наяд төгрөг. Улсын төсвийн 2.7 хувийг дэлхийн дөрөв дэх том алт, зэсний компани эзэлж байна. Монголд ямар ч ашиг алга. Одоо 1.3 их наяд төгрөгийн маргаантай. Татвар дээр зохицоно гэдэг асуудал байхгүй. Хоёрт, "Петрочайна дачин тамсаг" ХХК байна.
Социализмын үед "Соко интернэйшнл ЛЛС" гэдэг компани Хятадын "Петрочайна дачин тамсаг" ХХК-д худалдчихсан. Энэ худалдаа хэр зохицуулалттай, татвар төлдөг юм уу. Энэ мэтчилэн Монголын хоёр том төсөл үр дүн байхгүй. Татвар төлөхгүй, эдийн засагт хувь нэмэр оруулахгүй төсөл хэрэггүй.
Дарга нарын ярьж байгааг сонсоход жил бүр 500-600 мянган тонноор төлөвлөж, багассаар байгаа газрын тосны үйлдвэр 2027 онд ашиглалтад орох үед 300 мянган тонн газрын тос олборлох юм байна. Үүний 24 хувь гэхээр газрын тосны хэрэгцээнийхээ таван хувийг хангах юм байна. Үлдэж байгаа 95 хувийг хаанаас хангах вэ. Тэр газрын тосны үйлдвэр нь 2021 онд ашиглалтад орно гэсэн. Одоо 2027 он болж хойшилоод байна. Өнөөдөр Монголын бүх ажил ингэж л явж байна. Усны асуудлаа шийдэх хэрэгтэй. Мэнэнгийн тал бол там болно шүү. Зарим газар нэг литр тосноос нэг литр ус нь илүү үнэтэй байгаа юм биш үү. Тэр байгалийн цэнгэг усыг хамгаалахад дорвитой ажил хийсэнгүй. Менежментийн гэрээ хийсэн байна. Аливаа гэрээ хоёр талдаа үр ашигтай байх хэрэгтэй. Үр ашиггүй, татвар төлдөггүй ийм гэрээ байх ёсгүй" гэв.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:
-Манай яамтай хамаарал бүхий асуудлыг танилцуулъя. "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн байгаль орчны менежментийн 2020 оны төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, мөн 2021 болон 2022 оны төлөвлөгөөг батлах үүргийг хариуцуулсан. Ажлын хэсэг гарч ажилласан боловч дүгнүүлж чадаагүй. Салбар яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан баг гарган, Дорнод аймагт газар дээр нь хугацаатай есөн асуудлаар үүрэг даалгавар өгч ажилласан. Химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашиглаж, зориулалтын бус ил задгай газар хадгалж байсныг тогтоосон. Гэмт хэргийн шинжтэй хэргийг нийслэлийн прокурор болон Экологийн цагдаагийн албанд шилжүүлж, шалгуулж байна.
АМГТГ-ын Газрын тос бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал:
-Энэ гэрээг 1991 оны Газрын тосны тухай хуулийг үндэслэн анх 1993, 1995 онд "Соко интернэйшнл ЛЛС" ХХК байгуулсан. Тэгээд 2005 онд лицензээ "Петрочайна дачин тамсаг" ХХК руу шилжүүлсэн. Үүнээс хойш үйл ажиллагаагаа "Петрочайна дачин тамсаг" ХХК хариуцан ажиллаж байгаа. Анх гэрээ байгуулахад тухайн үеийн хуулийн дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээн дээрх 10 дугаар зүйл заалт тэр чигээрээ татварын зохицуулалтыг тусгасан. Туслан гүйцэтгэгч компаниудыг бүх татвараас чөлөөлсөн. Ер нь 2012 онд анх нөөцөө оруулж, орд ашиглах төлөвлөгөөгөө 2012 онд батлуулж, үүнээс хойш 2022 онд дахин орд ашиглах төлөвлөгөөгөө шинэчлэн баталж, тодотголоо хийх шаардлагыг тавьсан. Энэ дагуу манайд төслөө ирүүлчихсэн байгаа.
Өнгөрсөн 2012 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу бол жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос олборлоно гэсэн. Үүн дээр үндэслэн манай газрын тосны үйлдвэр ТЭЗҮ-гээ хийж, жилдээ 1.5 сая тонн түүхий тос үйлдвэрлэж, шатахуун нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн.
Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа. Үүнээс хойш 2015 онд хамгийн их буюу жилдээ 1.1 сая тонн тосыг олборлож, үүнээс хойш байнга буурсан. Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотойгоор олборлолт байнга буурч байгаа. Дөрвөн үндсэн шалтгаан байгаа. Засгийн газар төрийн байгууллагуудаас бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ нэмэлт өөрчлөлтийг хийх шаардлагыг тавьж байгаа. Татварын ерөнхий газраас актуудыг тавьж, өнөөдрийн байдлаар 436 тэрбум төгрөгийн акт тавиад байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 4.7 тэрбум төгрөгийн акт тавьж, хүчээр биелүүлсэн. Мөн Үндэсний аудитын газраас 66.5 тэрбум төгрөгийн акт тавьсан. Дорнод аймгийн Аудитын газраас акт тавьсан. Хоёрт, АМНАТ-ын асуудал байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр АМНАТ нь Монголын Засгийн газарт хуваах бүтээгдэхүүнд орсон гэж тусгасан. Гэтэл 2014 оны Газрын тосны тухай хуулиараа АМНАТ-ыг ногдуул гэдэг шаардлагыг тавьж байгаа. Тэрийг "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн удирдлага хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гуравт, орон нутгийн болон төрийн бус байгууллагын эсэргүүцэл маш их байгаа. Жишээлбэл, 2022 оны долдугаар сард газрын тосны үнэ 100 ам.доллараас дээш байхад өдөрт хоёр мянган тонн тос олборлож, экспортолсноор бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу нэг тэрбум төгрөг авдаг байсан.
Холбоотой мэдээ