Хуучирсан мэдээ: 2024.04.02-нд нийтлэгдсэн

МАН-ын социопатууд!

МАН-ын социопатууд!

1.

Б.Бат-Эрдэнэ Монголын үндэсний бөхдөө амьд домог, босоо аварга мөн. Самбо бөхийн дэлхийн  дөрвөн удаагийн аварга, жүдогийн Азийн аваргаас мөнгөн медальтан гээд түүний спортын амжилт зөвхөн үндэсний бөхөөр тогтохгүй.

Харин улстөрчийн хувьд социопат нэгэн. Улсын баяр наадамд 11 удаа түрүүлсэн амжилтаараа тэрбээр УИХ-д таван удаа сонгогдсон. Энэ л түүнд хангалттай.

УИХ-д таван удаа сонгогдсон 20 жилийн хугацаанд улстөрч Б.Бат-Эрдэнэ Монголын хөгжлийн төлөө юу хийж бүтээв ээ?!. УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон хүнээс асуух ёстой асуулт мэдээж мөн.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, УИХ-ын 30 жил ойн хүндэт медаль бий болгох тухай тогтоол гэх мэтчилэн 2009-2024 оны хооронд ердөө 18 хуулийг боловсруулалцснаас урт нэртэй  /Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай/ хууль нь хэрэгжилтээрээ ч, үр дагавраараа ч хамгийн муу жишээ болж үлдсэн. Хувь улс төр хийж, “Хэрлэн говь” ус хангамжийн төслийг зогсоосон нь байгаль экологийн эсрэг бараг хар түүх болж үлдэх биз. Хамгийн сүүлд гэхэд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг гацаах гар хөл болоод явж байсан. Гэх мэтчилэн биологийн нас, улс төрийн карьер, улсын хөгжилд оруулсан хувь нэмэр зэргийг нь харвал тэрбээр тэтгэвэртээ суух нас нь, суулгах цаг нь болсон байна.

Бөх бол мэдээж төр биш. Бөх барилдахаас төр барих хэцүү. Үүний хамгийн том нотолгоо нь Б.Бат-Эрдэнэ. Улстөрд “Б.Бат-Эрдэнэ шиг хэрэггүй хүн алга. Үндэсний бөхийн холбоонд түүн шиг хэрэгтэй хүн алга” гэдэг үнэний ортой үг.

2.

Хоржоонтой нь өнгөрсөн 16 жил Хөвсгөл аймаг өрсөлдөх чадвараараа арагшаа ухарч, ялгаатай нь  тус аймгаас дөрвөн удаа УИХ-д сонгогдсон Ц.Даваасүрэнгийн хөрөнгө орлого жил ирэх тусам дээшээ өгсчээ. Төрийн ордонд орж суусан 16 жилд түүний Монголын хөгжилд учруулсан гай нь гавъяанаасаа их. Түүнд эх оронч үзэл байтугай эх орныхоо төлөө гэх сиймхий ч сэтгэл байхгүй. Байдагсан бол юу гэж улсынхаа хөгжлийн эсрэг үг-үйлдэл үргэлж гаргаж явах билээ.

Ц.Даваасүрэнгийн оролцоотойгоор гацсан, зогссон эрчим хүчний олон төсөл бий. Багануурын цахилгаан станцаас гадна Тавантолгойн цахилгаан станц баригдахгүй өнөөг хүрсэн гол буруутныг МАН-ын цагаан байрнаас, засгийн танхимаас  хайхад гарч ирэх нь тодорхой.

Эх оронч-эдийн засгийн алуурчин хоёр нэг арьсны ард нуугддагийн гол жишээ бол Ц.Даваасүрэн. Төрд түйрэн бол эдийн засагт тийрэн тавьж ирсэн жишээ цөөнгүй.

Нэгэн цагт намын дарга нь явсан, улс төрийн зам мөрийг нь засч өгсөн С.Баяр түүнийг товч тодорхойлохдоо “Даваасүрэнг  2008 онд нэр дэвшихийг зөвшөөрч намын даргын хувьд би алдсан. Улсаа хөгжүүлэх ярианд нь итгэсэн. Одоо байнга гэмшдэг. Зальжин ярианаас цаашгүй энэ этгээд УИХ-д 16 жил суулаа” гэсэн нь ёстой аргаа барсан даргын үг байх.  Эрх ашгийн төлөө чөтгөртэй нөхцөж, эрх мэдлийн төлөө улсаа хорлохоос даанч сийхгүй. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн ухаан болоод зориг нь хүрдэг бол улсынхаа төлөө урвагчдаасаа салах хэрэгтэй. Ц.Даваасүрэн парламентад удах нь МАН-д ч, Монголд ч хортой.

3.

Хүнийг хөгшин залуугаар нь ялгаварлаж байгаа юм биш. Гэхдээ дал гарсан хүн далан гарах тэнхээгүй гэж  үг байдаг. Товчдоо бол улс төрд ачаа үүрэлцэхээс илүү гэртээ ачаа харах нас гэх утгатай хэлц биз. Монгол бол харьцангуй залуучуудын орон. Хүн ам цөөхөн нь нэг шалтгаан нь болдог биз. Хүссэн ч эс хүссэн ч Монголын улс төр, нийгэмд үе солигдож байна. Нүүрсний хэргийн 17 сэжигтний нэгээр нэр цохогдсон УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн ачаа үүрдэг нас аль хэдийнэ өнгөрсөн. Нас бол тоо байж болох ч үнэт зүйл, үзэл бодлын хувьд “өвгөрсөн” нь үг-үйлдлээс нь уншигддаг. Залуу коммунист хөгшрөхөөрөө өвгөн коммунист болдог гэдэг нь муухай ч гэсэн гашуун үг.

Үе солигдох нь дан ганц нас, зүс солигдохын нэр биш. Үзэл бодол, үнэт зүйл, үзэл бодлын тухай ч хөндөгдөх ёстой. Б.Баттөмөр ялгарах үзэл бодол, гоёх үнэт зүйл алга.

4.

Гурван жилийн өмнө Ц.Нямдоржийг ЗГХЭГ-т томилогдох үед тэрбээр засгийн эмзэг цэг болсныг шүүмжилж асан тэрбээр өдгөө өөрөө жинхэнээсээ Л.Оюун-Эрдэнийн танхимын эмзэг цэг болжээ. Хүнс, хөдөө аж ахуйн сайд болсноосоо хойш Монголын эдийн засагт ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн. Өнөөдрийн гурил тойрсон хэрүүлийн эхлэл Х.Болорчулуун сайд болсны дараагаас тавигдсан нь үнэн. Гурилын бүлэглэлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг өгснөөрөө Ардын нам өөрөө ч буруудна. Парламентын гишүүн болсноосоо хойш Монголыг хорлосон уу гэхээс монголчуудын амьдралд хэрэгтэй, нэмэртэй нэг ч зүйл хийгээгүй. Хэлж байгаа үгээ ч өөрөө ойлгодог эсэх нь эргэлзээтэй, хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монголд гурилын үнэ Оросоос үнэтэй байна, харин Оросод гурилын үнэ дэлхийгээс үнэтэй байна” гэсэн нь МАН-ын рейтингт сөрөг оноо цуглуулсан.  МАН-д Х.Болорчулууны мөнгө хэрэгтэй байж болох ч Монголд Х.Болорчулууны кноп хэрэггүй.

Жич: Монголын парламентаас заналтайгаар зайлуулах ёстой улстөрчид МАН-д олон байна, АН-д цөөнгүй байна. Жидүү, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төмөр замын авлига, хүчин, хүчирхийллийн хэрэгт нэр холбогдсон  сэжигтнүүд, мөн тэтгэврийн хөгшид болоод тийрэнгүүдээ цэвэрлэж чадах эр зориг болоод ухаан нь Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нарт эс хүрвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тогтолцооны шинэчлэлт хийж, Сонгуулийн хуулиа өөрчилсний хэрэг гарахгүй. Хугацаа нь дууссан барааг хогийн саванд хийдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж