Газын хойд хэсэгт орших Аль-Шифа эмнэлэгт хоёр долоо хоногийн турш "террористуудын эсрэг"ажиллагаа явуулж дууссан тул цэргүүдийг татсан гэж Израилийн арми мэдэгдэв. Газын албаны хүмүүс Аль-Шифа эмнэлэгт болсон халдлагад дор хаяж 400 хүн амь үрэгдсэн ба Израилийг дайны гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байна. Түүнчлэн, Израиль олон улсын хууль тогтоомж, хүмүүнлэгийн хууль, протоколыг зөрчсөн "илэрхий гэмт хэрэг" үйлдсэн тул дэлхийн бүх улс орон, НҮБ болон бусад байгууллагуудыг Израилийг буруутгахыг уриалав. Израиль өнгөрсөн аравдугаар сард цэргийн довтолгоогоо эхлүүлснээс хойш Даваа гаригийн байдлаар уг анклав дахь амиа алдагсдын тоо 32,845-д хүрсэн гэж Газын эрүүл мэндийн албаныхан мэдэгдэв.
Израиль хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн дайны үеэр алан хядах байгууллагатай холбоотой 500 орчим сэжигтнийг баривчилсан ба 200 террористыг устгасан гэж мэдэгджээ. Барилга байгууламжийн сүйрлээс бусдаар энгийн иргэдийн амь насанд аюул заналхийлээгүй ба Аль-Шифа эмнэлэгт хорогдож байсан 6000 гаруй хүнд тусламж үзүүлсэн гэж мэдээлсэн байна. Тус мэдэгдэлийг ДЭМБ үгүйсгэж, нөхцөл байдал төсөөлснөөс ч харгис байсан гэв. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс "Бүслэлт эхэлснээс хойш эмнэлэгт байсан 21 өвчтөн нас барсан бол 107 өвчтөн эмнэлэгт үлдсэн. Дайралтаас зугатаж чадаагүй 107 хүний дунд бага насны хүүхдүүд байсан ба эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хангалттай авч чадаагүйгээс биеийн байдал нь дордсон" гэжээ. Тедрос Адханом цахим хуудаснаа "Өчигдрөөс хойш 15 хүний дунд нэг шил ус байна. Ариун цэврийн шаардлага хангаагүйгээс болж иргэдийн дунд халдварт өвчин тархсан" гэж нийтлэв. Ройтерс агентлаг Аль-Шифа болон ойр орчмын газруудад сүйрлийн цар хүрээг харуулсан бичлэгийг нийтэлж, олон хүний цогцсыг оршуулсан гэж үздэг түр оршуулгын газрыг харуулсан байна.
Эх сурвалж:AP
Холбоотой мэдээ