2024 он бол монголчуудын хувьд УИХ-ын сонгуулиар дамжуулан төлөөллөө сонгох хариуцлагатай жил юм. Сонгууль болоход гурван сар хүрэхгүй хугацаа үлджээ. Гэтэл иргэдийн хамгийн итгэдэггүй байгууллагыг УИХ, Шүүх, Засгийн газар, улс төрийн намууд тэргүүлсэн хэвээр байна. Энэ дундаас улс төрийн намуудад хамгийн өндөр буюу иргэдийн 80 хувь нь итгэхгүй байна. Харин яагаад итгэхгүй байгаа гэдэгт улс төрийн намууд амлалтдаа хүрдэггүй, мөнгөтэй, эрэгтэй хүмүүст л орон зай өгдөг хэмээн иргэд хариулжээ.
Монголын өнөөгийн улс төрийн намын дүр зураг мөнгөтэй, эрэгтэй хүнд ээлтэй байж, эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орон зай өгөхгүй байгаа нь эргээд намд итгэх иргэдийн итгэлийг унагахад хүргэж байгаа нь сүүлийн энэ судалгаанаас харагдаж байна. Намууд иргэдийн итгэлийг олох тал дээр дорвитой үйлдэл хийхгүй бол нам өөрөө оршин тогтнох боломжгүй болоход тун ойрхон байна.
Намуудыг амлалтдаа хүрдэггүй гэдгийг иргэд онцолсон. Тэгвэл дөрвөн жилийн өмнө буюу сонгуулийн үеийн амлалтыг больё гэхэд өнгөрсөн жилийн өдийд буюу дөрөвдүгээр сарын 10-нд улс төрийн 10 намын өгсөн нэг амлалтаас тэднийг шалгаж болох юм.
Яг жилийн өмнөх энэ үед улс төрийн 10 намын удирдлагууд олон улсын байгууллага, олон нийтийн өмнө “Шийдвэр гаргах түвшин дэх тэгш төлөөллийг хангана” хэмээн амлалтад гарын үсэг зурсан. Зэрэгцэн зогсож байгаад манай улс төрийн намуудын дарга нар ядуурал, авлига, орчны бохирдол болон нийгмийн асуудлын суурь шалтгааныг эмэгтэйчүүдийн оролцоог хумьж, эрчүүд давамгайлсан засаглалтай явж ирснээс үүдэлтэйг зөвшөөрч, ирэх сонгуулиар эмэгтэйчүүдийн төлөөллийг 40 хувиас багагүй байлгана гэдгээ амласан нь саяхан.
Мөн улс төрийн намын санхүүжилтийг нээлттэй, ил тод болгож, дотоод ардчиллаа бэхжүүлж, нийгмийн бүлгүүдийн тэгш оролцоог хангаж, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжин, мөнгө, санхүүгийн чадамжаас шалтгаалсан сонгуулийн системээс татгалзах агуулгууд ч амлалтад нь багтсан юм.
Тэгвэл тэдгээр амлалт өгсөн намууд нэг жилийн хугацаанд юу хийсэн бол…
ХҮН нам сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг 50:50 байлгахаа зарлалаа
Өнгөрсөн гуравдугаар сарын 24-ний өдөр ХҮН нам Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө өгөхдөө хэд, хэдэн чухал мэдэгдэл хийсэн. Тухайлбал, сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг 50:50 байлгах бөгөөд нам нэр дэвшигчдээс дэнчин авдаг жишгийг өөрчилж, нэр дэвшигчдээсээ намын дэнчин, хураамж авахгүй хэмээн мэдэгдэв. УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд намын дэнчин буюу хандивын босгыг давна гэдэг өөрөө том даваа юм. Тэр дундаа эмэгтэйчүүд, залуучуудад дэнчин гэх хэдэн зуун саяар яригдах мөнгийг төлж нэр дэвших эрхээ авна гэдэг нь амаргүй. Дэнчингүй болсноор улс төрийг мөнгө, сонирхлын бүлгээс ангид байлгаж, мэдлэг, чадвартай хүн сонгогдох боломжийг нэмэгдүүлнэ. Мөн ямар ч улс төрийн нам өмнө нь сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг 50:50 байлгах тухайд албан ёсоор ам өгч, шийдвэр гаргаж байгаагүй юм.
МАН эмэгтэйчүүдээ дэмжив
МАН Хяналтын ерөнхий хорооныхоо дэргэд Жендэрийн хороо байгуулснаа зарлав. Тус хороо намын удирдах шатны байгууллагуудад эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 40 хувьд хүргэж, оролцоог нь ханган, холбогдох хуулиудын хэрэгжилтийг хянах зорилготой гэв. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд намын жагсаалтаар бичигдэх хүмүүсийн хүйсийн тоог тэнцвэртэй байлгахаас гадна 1:1 харьцаагаар сөөлжлөн бичихээр оруулсан нь олон улсын түвшинд ч сайн жишиг болж байгаа билээ. Үүнийг тойрогт нэр дэвших хүмүүсийн нэрсийг саналын хуудсан дээр бичихдээ ч ашиглана гэдгээ МАН зарласан нь анхаарал татсан. Мөн гуравдугаар сарын эхээр МАН-ын дэргэдэх SDY хуучнаар НАМЗХ-ны удирдах зөвлөл хоёр залуухан бүсгүйгээр хүрээгээ тэлснээ зарласан.
АН жендэрийн тэгш байдлыг хангах бодлогоо баталлаа
АН-ын хувьд өнгөрсөн арванхоёрдугаар сард жендэрийн тэгш байдлыг хангах бодлогоо зарлаж, Улс төрийн зөвлөл нь энэ сарын 7-нд баталсан. Ингэхээр бүх шатны төрийн сонгуульд АН-аас нэр дэвшүүлэхэд сонгуулийн хууль тогтоомжид заасан квотыг доод хязгаар гэдгийг ухамрсарлан, нийт нэр дэвшигчийн 40-өөс дээш хувьд аль нэг хүйсийнхнийг томилох бодлого баримтлахаа илэрхийлсэн. Мөн намын төлөөллийн болон гүйцэтгэх төв байгууллага, хяналтын бүтцийн бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байхаар тусгасан. Үүний хажуугаар намын санхүүжилттай холбоотойгоор хардлага, сэрдлэгийн асуудал үүсдэг. Тэгвэл Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг дүрэм, журамдаа тусгаж, дагаж мөрдөн, хуульд заасан тайланг зохих байгууллагад хүргүүлж байхаа мөн мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл, намууд илэрхий мөнгө нэхэх боломжгүй байгаа ч ил далдаар энэ дарамт ирэхгүй байх нь чухал байгаа юм.
Бусад намууд ямар байна вэ?
Ийнхүү УИХ-д суудалтай улс төрийн намууд нийгмийн олон бүлгийн төлөөллийг хангах, санхүүгийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, жендэрийн үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх амлалтын хүрээнд үйлдэл, үйл ажиллагаа хийж байгаа нь анзаарагдаж байна. Гэхдээ наанаа нэг өөр, цаанаа бас өөр байх вий гэдэг дээр олон нийт анхааралтай ажиглаж байгаа. Ямартай ч УИХ-д суудалтай намууд нэг үеэ бодвол дэвшилтэт алхамууд цөөнгүй хийж байгаа ч үг үйлдэл зөрөхгүй байх нь чухал юм.
Тэгвэл тэр үед зэрэгцэн зогсоод амлалт өгч байсан улс төрийн бусад нам, эвслүүд “Шийдвэр гаргах түвшин дэх тэгш төлөөллийг хангана” гэж амласан амлалтдаа хүрэхээр юу хийж байгаа бол? Одоогоор албан ёсоор зарлаад хийсэн нь харагдахгүй байна. Гэхдээ амлалтдаа хүрдэг нам гэдгээ батлахын тулд нэр дэвшүүлэлт дээрээ үйлдлээрээ харуулах биз ээ. Жилийн өмнөх сонины хуудас ч шарлаж амжаагүй, иргэдийн он санамж арчигдаагүй байгааг сануулах нь илүүц биз.
Тиймээс УИХ-д суудалтай гурван намаас бусад намуудын нэрсийг эргэн нэг сануулж, амлалт дээр гарын үсэг зурсан тэр үеийн дарга нарын нэрсийг ч бас бичье.
- Иргэний Зориг Ногоон Намын дарга Ц.Ганхуяг;
- Монголын Ногоон Намын дарга О.Бум-Ялагч;
- Монголын Социал Демократ Намын дарга А.Ганбаатар;
- Монгол Үндэсний Ардчилсан Намын дарга Б.Цогтгэрэл;
- Үнэн ба Зөв Намын дарга А.Отгонбаатар;
- Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл Намын дарга Ц.Гантулга;
- Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намын дарга Ш.Төмөрсүх;
Улс төрийн намууд өнөөдөр төлөөллийг хангаж, амлалтаа биелүүлж байж л иргэдийн итгэлийг авч, улмаар сонгуульд санал авна. Улс төрийн намын тухай шинэчилсэн хуулиар намууд иргэдээс авсан саналынхаа хувиар төрөөс санхүүжилт авахаар болсон. Тэгэхээр улс төрийн намууд жижиг нэрийн дор сонгуулиар сонгуулийн хооронд “унтах” биш, харин сөрөг хүчний хүчтэй дуу хоолой болох боломж энэ сонгуулиар гарч ирнэ. Гэхдээ жилийн өмнөх амлалтадаа хүрэхгүй бол хэн итгэж санал өгөх билээ дээ.
Б.Баяр
Зочин 2024-04-02 202.126.90.148
Шоучин МАН л биш бол хэн ч яахав. Монголыг самарч дууслаа!