Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох эхний тэмцээн дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрүүдэд Хонг Конгт болно. Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман улсын шигшээ нийт 16 баг өрсөлдөх бөгөөд Монголын шигшээ багууд багтаж байна.
Тэмцээний чансаагаар хоёрдугаарт бичигдэж буй Монголын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн тодорчээ. Тодруулбал, өнгөрсөн Азийн аваргад багаа манлайлан хүрэл медальд хөтөлсөн А.Ананд дээр нэмэгдэн үндсэн гэж хэлж болохуйц гол тамирчид болох Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар багтав. Тамирчдын бэртэл бүрэн эдгэрч, өдгөө Стив Сер, Г.Цэнгүүнбаяр, япон мэргэжилтнүүдийн удирдлага дор Монголдоо бэлтгэлээ базааж байна.
Дээрх дөрвөн тамирчин 2023 оны Азийн аваргад түрүүлсэн түүхтэй.
Харин тэмцээний чансаагаар зургадугаарт бичигдэж буй Монголын эмэгтэй шигшээ багийн тухайд өнгөрсөн Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн бүрэлдэхүүнээ илгээнэ. Тухайлбал, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар эх орноо төлөөлнө.
Хэсгийн тухайд Монголын эрэгтэй шигшээ В хэсэгт Латви, Египет, Шинэ Зеаландтай нэг хэсэгт орсон. Энэ хэсэгт Монголтой гол өрсөлдөөнийг үзүүлэх Латвийн шигшээ багт Науис Мьезис, Карлис Ласманис, Эдгарс Круминс, Зигмарс Раймо зэрэг шилдгүүдээ дууджээ. Тэгвэл тэмцээний фаворитоор нэрлэгдэж буй Нидерландын шигшээ Брайн Албертс, Ян Дрьссен, Уорти де Йонг, Димео ван дэр Хорст нарыг багтаав. Харин Швейцарь, Австрийн шигшээ бүрэлдэхүүнээ хараахан зарлаагүй байна.
Хэсэгт Латви, хэсгээс гарвал Нидерланд, Австрийн шигшээ багууд Монголын гол өрсөлдөгчид билээ.
Монголын эмэгтэй шигшээ В хэсэгт Нидерланд, Азербайжан, Чилитэй нэг хэсэгт орсон. Нидерланд хэсгийг чансаагаараа толгойлсон бол Азербайжан гэхэд Ренара Тиффани Хэйс, Марседес Уокер гэх хоёр легионероо багтаажээ.
Холбоотой мэдээ