Сайд Б.Дэлгэрсайханы “кнопчин”

Хуучирсан мэдээ: 2024.04.02-нд нийтлэгдсэн

76:1

Сайд Б.Дэлгэрсайханы “кнопчин”

Сайд Б.Дэлгэрсайханы “кнопчин”

"NEWS" агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн наймдугаар тойрог буюу Дорноговь аймагт нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Төмөртогоогийн Энхтүвшинг танилцуулж байна.


Ардын нам 2020 оны УИХ-ын сонгуульд аймаг, дүүргийн Засаг дарга нараа сойход ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон түшээ бол Т.Энхтүвшин юм. Гэхдээ түүнийг дорноговийнхон “Мөнгөтэй, мэдэлтэй улстөрчийг түшсээр УИХ-ын гишүүн болсон аргатай чаргатай нөхөр” гэж ярьдаг бол улс төрийн хүрээнд “Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцаж буй сайд Б.Дэлгэрсайханы “кнопчин” гэх тодотголтой.

Тэрбээр зөвхөн энэхүү дөрвөн жилийн хугацаанд түүний заавраар ажиллаж буй юм биш, 2016 онд Дорноговь аймгийн Засаг даргаар томилогдсон үеэс “утсан хүүхэлдэй” нь болсон гэдэг шүүмжлэлийн бай болж байв.

УИХ-д кнопны "ид шид" их. УИХ-аар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төслийг батлах эсэх, буцаах эсэхийг шийдэх "шид"-тэйгээс гадна Засгийн газрыг танхимаар нь огцруулах, сайд томилох гээд бүхий л үйл явцад УИХ-ын гишүүний дарах "кноп" чухал үүрэг гүйцэтгэдэг. 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад ердөө нэг "кноп"-ыг танхимын эсрэг талд гаргаснаар санасандаа хүрсэн.

УИХ-д анх удаа сонгогдсон ч Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга болж, карьер ахиулсан. Түүний хувьд их улс төрд дахиад ч хүч үзэх сонирхол бий. УИХ-ын сонгуулийн тойрог томорсон ч Б.Дэлгэрсайханыгаа дагаад нэр дэвшихээр тойргоо эргэж яваа. Хийх ажлыг нь хотоос, ч хажуунаас нь ч  зааварлахад том толгойлоогүй хүнээ Б.Дэлгэрсайхан гаргаж ирэх нь хожим хэрэг болно. Тиймдээ ч намаасаа нэр дэвших квот авах нь чухал байгаа.

“Эм импекс” компаниас ажлын гараагаар эхэлж байсан тэрбээр Санхүү эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр, Орхон их сургуулийг хуульч, эрх зүйчээр, Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер, төрийн удирдлагын магистраар тус, тус суралцан төгсчээ.

Аймгийнхаа Засаг даргын Тамгын газарт хэлтсийн даргаас хэтрэхгүй ажил алба залгуулж явсан түүнийг Тамгын газрын дарга болтол нь өөд татсан хүнээр УИХ-ын гишүүн асан Ж.Батсуурийг нэрлэдэг. Гэвч МАН гудамжинд гарахад мөн л дагаад ажил албанаасаа гарч, компани байгуулан захирлаар нь ажилласан. Төд удалгүй  2015 онд Дорноговь аймгийн МАН-ын хорооны дарга болж, улс төрийн карьер хөөж эхэлсэн.

Харин 2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Б.Дэлгэрсайхан УИХ-ын гишүүн болсноор түүнд хариу нь ч баригдаж, Дорноговь аймгийн Засаг дарга болсон. УИХ-ын сонгуульд намаа удирдаж орсон дарга ялалт байгуулбал Ерөнхий сайд болдог бол аймгийн намын хорооны дарга аймгаа удирддаг жишиг нь ч бас нөлөөлсөн гэж хэлж болно. Гэхдээ жилийн дараа буюу 2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль болоход намаасаа нэр дэвшигчийг унагасан буруутнаар нэрлэгдэж, байв.

Тэрбээр Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа  561 хайгуулын болон ашиглалтын лицензийг 366 болгож бууруулсан. Ингэхдээ хайгуулаа, нөхөн сэргээлтээ хийдэггүй, мөн төлбөрөө төлөөгүй компаниудын зөвшөөрлийг хүчингүй болгосноор аймгийн хэмжээнд олгогдсон байсан тусгай зөвшөөрлийг 190 орчмоор бууруулсан байдаг.

Гэхдээ тэрбээр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлолтын гурван тусгай зөвшөөрөл олгосныг буруушааж, цуцлах ёстой гэх асуудлыг тавьж ирсэн.

Боомтуудыг олон улсын чанартай болгох, төмөр замуудынхаа гарцыг зөв тодорхойлж, нарийн царигийн төмөр замуудыг яаралтай оруулж ирэх нь Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөх гол хөшүүрэг болохыг хөндөж тавьж ирсэн түшээдийн нэг юм.

УИХ-д анх удаа сонгогдсоноос гадна аймгийн Засаг даргаар ажиллаж байсан түшээд 2020 оны УИХ-д олноороо сонгогдсон. Тэд "аймгийн Засаг дарга" -аараа фракцилж, байнгын хорооны даргын сунгаа хийгээд бусад  асуудалд нөлөөлөл үзүүлдэг фракц бүлэг дотроо бий болсон. Т.Энхтүвшин гишүүн ч үүнд хамаардаг бөгөөд өөрийг нь хөтөлж, ялуулсан Б.Дэлгэрсайхандаа тун үнэнч гэж улс төрийн хүрээнийхэн ярилцдаг. Энэ удаад ч мөн тойрог томорсон ч Б.Дэлгэрсайхан гишүүнтэйгээ хөтлөлцөн Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь буюу VII тойрогт нэр дэвшихээр тойргоо усалж яваа.

Т.ЭНХТҮВШИНГИЙН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1990 онд Сайншанд сумын 2 дугаар дунд сургууль
  • 1992 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, эдийн засагч
  • 1999 онд Орхон их сургууль, хуульч, эрх зүйч
  • 2004 онд Удирдлагын академи, төрийн удирдлагын менежер
  • 2010 онд Удирдлагын академи төрийн удирдлагын магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1992-1996 онд “Эм импекс” компанид нягтлан бодогч
  • 1997-2001 онд Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын газарт Улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга
  • 2001-2003 онд Дорноговь аймгийн ЗДТГ-ын Эдийн засаг үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
  • 2003-2004 онд Дорноговь аймгийн ЗДТГ-ын Стратеги төлөвлөлт, бодлого хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга
  • 2004-2007 онд Дорноговь аймгийн ЗДТГ-ын Тамгын газрын дарга
  • 2007-2011 онд Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
  • 2011-2012 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга
  • 2012-2014 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналтын хэлтсийн дарга
  • 2014-2015 онд “Сайхан Улаан Оргил” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал
  • 2015 оноос Дорноговь аймгийн МАН-ын хорооны дарга
  • 2016-2020 онд Дорноговь аймгийн Засаг дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2022-2023 онд Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга

ШАГНАЛ:

  • 2011 онд Алтангадас одон
  • 2018 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ:

  • Орос

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж