Улаанбаатар ундарч дуусахгүй асуудалтай хот. Улирлаас үл хамаарч үер бууж, өмхий үнэр ханхалж, хот даяараа хогонд живдэг. Жил бүр давтамжит циклээр болдог үзэгдэлд жирийн иргэдээс эхлээд хариуцаж байгаа албан тушаалтнууд нь ч хэрхэн зохицуулалт хийхээ үл мэдэн гайхдаг жишигтэй. Өнгөрсөн зун ойрын жилүүдэд болоогүй онцгой нөхцөл үүсч, хохирлын хэмжээ өндөр байгалийн гамшиг тохиолдсон.
Шаардлагатай зохицуулалтыг хийж, санхүү төсвийг нь тусгаж үерийн эрсдэлийг бууруулахаа албаныхан амласан ч хагас жилийн хугацаанд нүдэнд харагдахаар өөрчлөлт огт гараагүйг иргэд шүүмжилж байна.
Огт үр дүн гараагүйн илрэл нь одоо үүссэн нөхцөл байдал. Уруйн үер, уулын их цас, мөс хайлж урсахаас өмнө багахан орсон цасны усыг маргааш нь зам талбайн ус зайлуулах хоолой нь татаж, сорж дийлэхгүйд хүрснээс харж болно. Тэгвэл ирэх зун үүнээс илүү усархаг бороо орж, зам талбайд өнгөрсөн жилийнх шиг байдал үүсч, үерийн бүс дэх айлууд урсвал өнөөх л "ирэх жил илүү арга хэмжээ авна" гэдгээ хэлээд сууж байвал утгагүй. Угтаа бол нийслэлийн иргэд суурин газар бараадаж байгаа нь амьдрах орчин. Гэтэл амьдралын чанар, орчинд нь стандарт, эрүүл ахуй огт хамаарахгүй байгаагаас хотод амьдрах нь нэр төдий л гэдгийг харуулж байна. Хэрэв энэ хавар шар усны үер буувал хэн хариуцлага хүлээж, ямар хариу арга хэмжээ авах вэ?
БАЯНЗҮРХ, СОНГИНОХАЙРХАН, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООДОД ХАМГИЙН ХҮНД БАЙНА
Геодези, усны барилга байгууламжийн газраас өчигдөр /2024.04.01/ Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Хас зах орчимд буусан уулын усыг соруулж ажилласан. Үүссэн нөхцөл байдал ямар байгаа талаар Геодези, усны барилга байгууламжийн газраас дараах мэдээллийг өгөв. Тухайлбал, орсон цасны улмаас хотын хэд хэдэн байршилд шар ус бууж, зарим зам, талбайд ус хальсан нөхцөл байдалтай байна.
Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо борооны ус зайлуулах системтэй. Гэхдээ энэ систем нь зуны улиралд борооны ус зайлуулдаг. Өөрөөр хэлбэл, өвлийн халиа, тошинтой холбоотой гаргалгаа хэсэгтээ хөлдөлтийн гүнээс дээш хэсгүүд нь хөлдсөн учраас энэ хэсгийг өндөр хүчин чадлын насосоор соруулах, усны машинаар зөөж, усыг ойролцоох үерийн сувгууд руу хийж байгаа.
Тухайн газарт Геодези, усны барилга байгууламжийн дөрвөн бригад, 29 хүний бүрэлдэхүүнтэй 10 гаруй байршилд дуудлага мэдээлэл авч байгаа. Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд үерийн хамгаалалтын далан суваггүй, ус зайлуулах системгүй байршлуудад ажиллаж байна гэсэн юм. Үерийн эрсдэл өндөр, шар усны үер буух хамгийн эрсдэлтэй хүнд байршлуудад:
- Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо
- Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо
- Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо
- Монелын замууд дээр уулын амны ус хайлж орж ирсэн гэлээ.
УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙ, ДАЛАНГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНД 4 ТЭРБУМ ТӨСӨВЛӨСӨН
Геодези, усны барилга, байгууламжийн газрын ерөнхий инженер С.БАТСАЙХАН:
-Үерийн эрсдэлийн зэргийг харахаар Туул, Сэлбэ, Улиастай, Дунд гол, Баянгол, Нарангийн гол зэрэг гол дагасан уулын амуудаас бууж ирдэг шар усны үерээс болж эрсдэл өндөр байна.
2023 оны долоо, наймдугаар сард болсон үер болон 2021 онд зургадугаар сарын 9-нд Сэлбэ дагуу болсон шар усны үерийн үеэр тус гол дагуух хамгаалалтын бүс дэх айл өрхүүд сонор сэрэмжтэй болсон.
Гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх хууль, журмын хүрээнд хамгаалах далан хаалтууд хийж ажиллахгүй бол дээрх байршлууд цаашид ч үерийн эрсдэл өндөр байна.
2024 оны хувьд манай байгууллага засварын ажлын төлөвлөгөөнүүд бүгд Худалдан авах ажиллагааны хуулийн хүрээнд явахаар Захирагчийн ажлын алба дээр хүлээгдэж байна. Харин үерийн хамгаалалтын далан, суваг, шуудуу, цэвэрлэгээний ажлын төлөвлөгөөнүүд гарсан.
Энэ жил далан шугамын цэвэрлэгээний төсөв нийт дөрвөн тэрбум гаруй төгрөг. Тус төсвийн хүрээнд хавар болон зундаа далан, сувгуудыг 1-2 удаагийн давтамжтай цэвэрлэгээ хийх, шугам сүлжээн дээр болохоор борооны дараа 3-4 удаагийн давтамжтай их цэвэрлэгээ хийнэ.
Дэлгэрэнгүй тодруулгыг энд дарж уншина уу.