Модон луу жилийн СОНГУУЛИУД

Модон луу жилийн СОНГУУЛИУД

Модон луу жилийн СОНГУУЛИУД

Хүн төрөлхтөний хувьд 2024 он бол дэлхийн ардчилал эргэлтийн цэгтээ хүрч, хэмжээлшгүй эрхт дэглэм рүү ухрах эсэхийг сонгох чухал жил.  Тодруулбал, дэлхийн хүн амын тал орчим хувь буюу 3.8 тэрбум хүн хууль тогтоох байгууллага, ерөнхийлөгчөө сонгох чухал сонголтыг хийнэ. Монгол Улсын тухайд ирэх зургадугаар сард анх удаа томсгосон тойргоор парламентын 126 гишүүнийг сонгоно.

Европын холбоог нэмээд нийт 64 улс 2024 онд сонгууль явуулахаар төлөвлөснөөс он гарсаар ОХУ, Тайвань, Иран, Беларусь зэрэг томоохон орны сонгууль болов. Үүнээс гадна Португал, Индонези, Пакистан, Бангладеш, Сенегал, Камбож, Азербайжан, Финланд гэх мэт орон сонгуулиа хийлээ.

Эндээс онцлууштай нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бүрэн эрхийн хугацаагаа дахин зургаан жилээр сунгаж, 2030 он хүртэл төрийн жолоог атгах болсон явдал байв. Мөн Тайванийн удирдагчаар эрх баригч Ардчилсан дэвшилтэт намаас нэр дэвшигч Лаи Чин-тэ сонгогдсон.

Одоо хамгийн ойрын хугацаанд Өмнөд Солонгосын сонгууль дөрөвдүгээр сарын 10-ны өдөр болох гэж байна.

Өмнөд Солонгосын хувьд 51.8 сая хүн амтай. Ерөнхийлөгч Юн Сук Ёл 2022 оны тавдугаар сард албан тушаалаа хүлээж авсан. Энэ удаад 300 гишүүнтэй Үндэсний ассамблейн шинэ гишүүдийг сонгох юм. Бүх нийтийн сонгуулийн албан ёсны кампанит ажил гуравдугаар сарын 28-нд эхэлжээ. Сонгуулийн системийн хувьд тус улс ерөнхийлөгчөө таван жилийн хугацаатай сонгодог. Харин Үндэсний ассамблейн 300 гишүүн дөрвөн жилийн хугацаатай сонгогддог. Тэдний 253 нь нэг мандаттай тойргоос олонхийн саналаар шууд сонгогддог бол үлдсэн 47-г нь пропорциональ төлөөллийн системээр сонгоно.

Өнгөрсөн удаагийн сонгууль 2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд болсон. Энэ сонгуулиар Ардчилсан нам 180 суудал авч ялсан бол Нэгдсэн ирээдүй нам 103, Шударга ёс нам нэг суудал авчээ.

Энэ жилийн сонгуульд өрсөлдөх гол намууд нь Солонгосын ардчилсан нам, Ардын хүч нам, Ногоон-Шударга ёс нам, Шинэ ирээдүй нам юм. Тэр дундаа эрх баригч Ардын хүч нам, Ардчилсан нам хоёрын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна.

Өмнөд Солонгосын араас Энэтхэгийн сонгууль болно. Тодруулбал, Энэтхэгийн бүх нийтийн сонгууль дөрөвдүгээр сарын 19-нд эхэлж, зургадугаар сарын 4-нд эцсийн дүнг танилцуулах аж. Улс даяар 960 сая гаруй хүн санал өгнө. Энэ нь 2019 оны сонгуулиас 150 сая орчим хүнээр илүү гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн том хэмжээний бүх нийтийн сонгууль болно. Санал өгөх хүний тоогоороо ч, үргэлжлэх хугацаагаараа ч энэ удаагийн сонгууль хамгийн хамгийн нь болж байна.

Сонгуулийн санал хураалт зургаан долоо хоногийн турш долоон үе шаттайгаар үргэлжилнэ. Энэ удаагийн сонгуулиар 18 дахь Лок Сабхагийн 543 гишүүнийг сонгоно.

Сүүлийн үеийн санал асуулгын дүнгээс харахад ерөнхий сайд Нарендра Модигийн нам буюу эрх баригч Бхаратия Жаната нам парламентад олонхийн суудлаа хадгалж үлдэх магадлал өндөр байна. Энэтхэгчүүд сонгуулиа “EVM” буюу цахим машинаар өгнө. Гэвч энэ машинуудыг хакердах боломжтой гэж иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандаж буй. Харин санал хураалт явуулах Энэтхэгийн Сонгуулийн хороо, Дээд шүүх гэсэн байгууллагууд үүнийг үгүйсгэжээ. Энэ асуудалтай холбоотойгоор тус улсын Конгрессын удирдагч Ганди 1990-ээд оны сүүл үеийг хүртэл ашигласан цаасан саналын хуудсыг эргүүлэн авчрахыг шаардсан байна. Уг шаардлагыг нь Дээд шүүх хүлээж аваагүй аж.

Гэсэн хэдий ч цаасан саналын хуудсыг эргүүлэн авчрахыг шаардсан дуу хоолой хүчтэй байна. Тухайлбал, Энэтхэгийн төв мужийн Мадхья Прадеш мужийн ерөнхий сайд асан Дигвижай Сингх бол цахим машины эсрэг тууштай тэмцэгч. Тэрбээр санал хураалтыг цаасаар авахыг шаардаж буй шүүмжлэгчдийг тэргүүлж байна.

Энэтхэгийн Үндсэн хуулийн 83 дугаар зүйлд зааснаар Лок Сабхагийн сонгуулийг таван жилд нэг удаа явуулдаг. 543 гишүүн бүгд нэг мандаттай тойргоос эхний санал хураалтаар сонгогддог.

Өмнөд Солонгос, Энэтхэгийн дараа Европын холбоо, АНУ, Мексик, Гүрж, Молдав, Литва зэрэг улсад сонгууль болно.

Европт ирэх зургадугаар сард болох Европын холбооны сонгууль нь хэт барууны намууд, магадгүй Франц, Германд эрх мэдлийг авах, Брюссель болон Европын холбоонд исламын шашинтнуудын эсрэг дайсагнасан үндсэрхэг засгийн газар байгуулагдах магадлалтай.  Эдгээр намууд эрх мэдэлд хүрэхийн тулд сонгуулийн дараагийн өдрөөс л бие даасан шүүх засаглал, чөлөөт хэвлэл гэх мэт Европын ардчиллын гол сууриудад заналхийлнэ гэж олон улсын ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: TIME, ELECTION GUIDE, AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сонгууль 2024-04-02 64.119.31.152

Монгол Улсад бас шинэ системийн, том сонгууль болно шд. Хойшилцон юм уу ккк

Avatar

Нэргүй 2024-04-02 188.162.254.114

хэнийг нь ч битгий сонго !!!!!!Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж