ОХУ-ын сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальный нас барсны дараахан Кремлийг эсэргүүцэгч хакерууд өшөө авч эхэлжээ. Тэд Оросын шоронгийн системд халдаж, Навальныйн зургийг “Урт удаан наслаарай Алексей Навальный” гэсэн бичигтэйгээр байршуулсан байна.
Түүгээр ч үл барам олон мянган хоригдлын мэдээллийн санд халджээ. Уг мэдээллийн санд хоригдлуудын мэдээллээс гадна тэдний гэр бүл, төрөл төрөгсөд, холбогдох хүмүүсийнх нь мэдээлэл багтана. Энэ бүхний үр дүнд хэн нэг нь тэдэнтэй холбогдож, Навальныйд юу тохиолдсон талаар мэдээлэл өгнө гэдэгт найдаж буй аж.
Мэдээллийн санд 800 мянга орчим хоригдол болон тэдний холбоо хамаарал бүхий хүмүүсийн мэдээлэл байгаа гэв.
Мөн шоронгийн хоригдлуудад гэр бүлийнхэн нь хүнс худалдаж авч өгөх зориулалттай цахим хуудсанд хакерууд халдаж, бүтээгдэхүүнүүдийнх нь үнийг нэг рубль болгон өөрчилсөн байна. Энгийн үед ихэнх бараа нь нэг ам.доллараас дээш үнэтэй байдаг. Хоригдлууд зоосоор хоол хүнс худалдаж авч эхэлснийг шоронгийн ажилтнууд анзаарах хүртэл багагүй хугацаа зарцуулжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ