Ардын нам авлигажиж, ард иргэд цөхрөв!

Хуучирсан мэдээ: 2024.04.02-нд нийтлэгдсэн

Ардын нам авлигажиж, ард иргэд цөхрөв!

Ардын нам авлигажиж, ард иргэд цөхрөв!

Өнгөрөгч долоо хоногт болсон “Боомтын сэргэлтийн үндэсний форум”-д Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохдоо “Монгол Улсын эдийн засаг найм хувийн өсөлттэй байгаа нь дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх үзүүлэлт болж байна” гэжээ. МАН-ын даргын хэлсэн  үнэн байсан бол мань мэт нь үмх мах, зүсэм талхны хэрүүл хийгээд сууж байхгүй нь лав.  Эндээс дүгнэхэд  нэг бол  Ардын намын дарга худлаа хэлсэн, аль эсвэл эдийн засгийн өсөлт зөвхөн эрх баригчдын халаасанд орсон гэсэн үг.

УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН улсаа мандуулна гэсэн. 2020 оны сонгуулиар “Хүчээ нэгтгээд хөгжүүлнэ” гэсэн. Аль, алинд нь итгэсэн иргэд хоёр сонгууль дараалан үнэмлэхүй эрх мэдлийг МАН-д олгосон. Харамсалтай нь,  тэд улсаа мандуулсангүй, хүчээ нэгтгээд хөгжүүлсэнгүй. Эсрэгээрээ улс тонож, дээрэмдэж, хулгайлсан ил цагаандаа гарсан.  “Жидүү”, жаран тэрбум, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төмөр замын авлигын хэргүүдийн жинхэнэ хулгайчид өнөөдөр ч Ардын намын цагаан байранд нуугдаж суугаа. МАН-ын үнэмлэхүй засагласан найман жилд улстөрчдийн хулгайлсан мөнгө, улсын гадаад өр хоёр талийсан.

2016 онд, МАН засгийн эрх авсны дараа Монголын гадаад өр нийтдээ 24.8 тэрбум ам.доллар байсан бол 2023 оны байдлаар 33.8 тэрбум ам.доллар болж өссөн агаад үүнийг нийт иргэддээ хуваавал Монголын нэг иргэнд 33 сая төгрөгийн өр ногдож байна. Үндсэндээ, Ардчилсан намын тавьсан өрийг Ардын нам дарсан гэдэг нь Ардын намынхны үг. Монгол Улс 2016-2024 оны хоорон д хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөж ирсэнийг тоо гэрчилнэ.

Гэтэл сүүлийн найман жилд эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээлд үргэлжийн өсөлттэй ирсэн. Тэр тусмаа Монголыг тэжээдэг нүүрс, зэсийн үнэ хамгийн дээд төвшиндөө хүрсэн. Үүнийг Монгол ч, МАН ч ашиглаж чадаагүй. Монгол Улс 2023 онд түүхэндээ анх удаа 70 сая тонн нүүрс экспортолсон нь МАН-ын бодлогын сайных биш Хятадын эрэлт хэрэгцээнд байсан гэсэн үг. Хэрэвзээ МАН бодлогын институци байсан бол Монголын эдийн засагт орж ирэх мөнгө 70 сая тонн нүүрсээр хязгаарлагдахгүй байлаа.

Монгол Улсын Засгийн газраас нэг хүнд ногдох ДНБ  5700-5800 орчим ам.долларт хүргэснээ байнгын пиардах болсон. Гэхдээ энэ ашиг орлого иргэдийн халаасанд орсон уу, эсвэл гэдэг нь асуултын тэмдэг юм.

Учир нь, монголчуудын байнгын хэрэглээ болох мах, сүү талхны үнэ МАН-ын засагласан найман жил бүр 200 хувь өсчээ. Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн 2-4 дахин өссөн байна. Жишээ нь 2016 онд 1150 төгрөгийн үнэтэй байсан атар талх 2380 төгрөг, савласан сүү 1300- 5400  төгрөг болж нэмэгдсэн. Атал аж ахуйн нэгж, иргэдийн өрийн дарамт нэмэгдэж, Монголд зөвхөн Ардын намынхан мөнгөтэй, бяртай байна.

Тэд дөрвөн жилийн өмнө, 2020 онд бидэнд ийм амлалт өгч байжээ.

Орлоготой иргэн

  • Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална.
  • Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна.
  • Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно.
  • Өрхийн бичил бизнесийг дэмжиж, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ.
  • Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно.

Хуримтлалын нэгдсэн сан ба орон сууцтай өрх

  • “Хуримтлалын нэгдсэн сан”-гаар дамжуулж, нийгмийн даатгал төлдөг иргэн анх удаа орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөргүй ипотекийн зээлд хамрагддаг тогтолцоог бий болгоно.
  • Зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны урьдчилсан төлбөрийг бууруулах, чөлөөлөх үе шаттай арга хэмжээ авна.
  • Анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгоно.

Агаар, орчны бохирдолгүй цэвэр хот

  • Иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээг бүрэн хангасан сайжруулсан шахмал түлш, хагас коксон түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, байр, сууцны дулаалгыг сайжруулж, агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна.
  • Гэр хорооллын өрхүүдийн дунд бохирын нэгдсэн инженерийн байгууламж байгуулах, био жорлон нэвтрүүлэх замаар хөрсний бохирдлыг багасгана.
  • Гэр хороолол, зуслангийн шороон замуудыг хатуу хучилттай болгож, тоосжилтыг 50 хувиар бууруулна.
  • Ахуйн хог хаягдлыг ялгах, цуглуулах, дахин боловсруулах менежментийг шинэ түвшинд гаргана.
  • Аюултай хог хаягдлыг устгах зориулалтын байгууламж, барилгын хог хаягдлын зориулалтын цэг бий болгох, сэргээн ашиглах, дахин боловсруулах үйлдвэрүүдийг байгуулна.
  • Гэр хорооллын айл өрхийг үнс түр хадгалах зориулалтын савтай болгож, үнсийг дахин боловсруулах үйлдвэр байгуулна.
  • Улаанбаатар хотын "Дулааны цахилгаан станц 3", "Дулааны цахилгаан станц 4"-ийн үнсний санг байнгын усалгааны систем бүхий цэцэрлэгжүүлэлттэй болгоно.

Эргээд харвал ядуурал нэмэгдсэн байна, инфляци өссөн байна. Иргэдийн орлого буурсан байна. Агаарын бохирдол нэмэгдсэн байна, хот нь хог тоосондоо дарагдсан байна.

МАН-ын дарга нар улс орноо “мандуулж” байгаагаа сайрхах хойгуур Монголоос дүрвэх залуусын  тоо жилээс жилд нэмэгдсэн байна. Олон улсын шинжээч Роберт Ритз өөрийн Х платформд оруулсан мэдээлэлдээ 2022 онд Монголоос дүрвэсэн залуусын тоо нийт хүн амын 4.3 хувийг эзлэж байгааг инфографикаар үзүүлжээ. Өөрөөр хэлбэл,  МАН  “хүчээ нэгтгэсэн” найман жилд  Монголоос зугатах залуусын тоо жил ирэх тусам нэмэгджээ гэсэн үг.

Залуус нь яагаад эх орноо, элгэн саднаа орхин зугатаах болсныг Роберт Ритз гурван шалтгаанаар тайлбарлажээ. Нэгд, агаарын бохирдол, хоёрт, Улаанбаатарын авто замын түгжрэл, гуравт, хөдөлмөрийн үнэлэмж бага байгаа нь залуусыг Монголоос нүүх үү, үлдэх үү гэх сонголт хийхэд хүргэж буй юм байна. Эдгээр гурван шалтгаан нь мэдээж яван явсаар эрх баригчдын бодлого, шийдвэртэй холбогдох нь гарцаагүй. Өнгөрсөн найман жил эрх баригчдын бодлого байгаа онож чадаагүйн дүр зураг. Залуус Монголоос дүрвэсэн юм биш, МАН-аас  дүрвэж буйн илрэл. Ард иргэд нь хуруу хумсаа хуйхлан байж зүтгээд ч амьдрал нь дээшлэхгүй байхад Ардын намын хурган даргын гэрт авлигын 10 тэрбум төгрөг хураалттай “хэвтэж” байгаа шударга бус явдал. МАН-ын гишүүн биш бол Монголд бизнес эрхлэх хэцүү болсон.

Тэд Улаанбаатарыг утаанаас салгана, метро барина, түгжрэлгүй болно, хот хөдөөг ойртуулна, үйлдвэр үйлчилгээг сайжруулна… гэж өчнөөн гоё үлгэр ярьж байна. Гэхдээ үлгэр болгон амар сайхандаа жаргадаггүй. Үнэг хэрээ хоёрын ийм нэг үлгэр байдаг: Нэг өдөр хэрээ газраас бяслаг олоод модон дээр суугаад өнөөхийгөө идэх гэж байтал өлсгөлөн үнэг дэргэд нь хүрч ирэв гэнэ. Тэгээд хэрээнд хандаж “Чи ямар хөөрхөн хэрээ вэ” гэж үнэгийг хэлэхэд хэрээ далавчаа дэвэн ихэд баярлав. “Ийм хөөрхөн юм чинь дуулж байгаа нь бүр хөөрхөн байх даа” гэтэл хэрээ дуугарах гэж байгаад ганц бяслагаа газар унагаачихаж гэнэ. Тэр дор нь үнэг бяслагийг нь шүүрэн аваад хамаг хурдаараа гүйгээд явчихжээ….

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж