2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 09:00 цагийн байдлаар Нийслэлийн онцгой комиссын Шуурхай бүлэгт авто замд ус тогтсон болон шар усны тухай долоон дуудлага, мэдээлэл ирсэн байна. Тодруулбал,
- Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Айдсын даваа явах замд усны шуудуу хаан, элс шороо асгасны улмаас “Жаргалан эко”, “Санни сатурн”, “Монгол хаус” хотхон орчим ус тогтож, иргэд, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэх мэдээллийн дагуу найман албан хаагч хоёр машин техниктэйгээр ажиллалаа. Энэ хүрээнд нөхцөл байдалд үзлэг шалгалт хийж, “Эн Ар Жи сервис” ХХК-д шороон далан босгох, усыг соруулах үүрэг чиглэл өгсөн байна.
- Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Архивын ерөнхий газраас урагш Жаргалантын амны авто замд ус тогтсон гэх дуудлагын дагуу 20 албан хаагч, дөрвөн машин техник, зөөврийн нэг мотопомптойгоор ажиллаж, авто замын ус зайлуулах шугамын шүүрийг онгойлгон, 124 тонн ус соруулав.
- Сонгинохайрхан дүүргийн 6, 23 дугаар хороо Намгийн сувгийн 100 тн ус сорууллаа.
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн зам дээр тогтсон 10 тонн ус соруулав.
- Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнэ 2 дугаар гудамжны нэг өрхийн байшинд шар ус орсон дуудлагаар дөрвөн алба хаагч, нэг автомашинтай ажиллаж, 3 тонн орчим ус мотопомпоор сорууллаа.
- Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын гурван өрхийн хашаа, гэрт ус орсон гэх дуудлагаар гурван алба хаагч, нэг автомашинтайгаар, помп ашиглан шар усыг соруулав.
- Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн 2б хэсгийн гэр хорооллын гудамж шар усны үерт автсан гэх дуудлагаар арван алба хаагч нэг машин, 2 мотопомптойгоор ажилласан байна.
Энэ оны байдлаар шар усанд автсан гэх 72 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу найман байгууллагын давхардсан тоогоор 369 алба хаагч 94 автомашин механизм, 17 мотопомптойгоор ажиллаж,
- 7830 тонн ус соруулан;
- 5404 метр суваг татаж;
- Гурван гүүрэнд сувагчлал гарган;
- 155 тонн мөс, 3 тонн лаг шавар зөөвөрлөж;
- 35 метр ус зайлуулах шугам хоолой онгойлгон;
- 3570 метр шороон далан босгож;
- 127 айл, өрх, хоёр аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг ханган;
- Баянзүрх дүүрэгт найм, Сонгинохайрхан дүүрэгт нэг буюу нийт есөн айл өрхийг нүүлгэн шилжүүлээд байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ БҮЛЭГ
Холбоотой мэдээ