"Зүсээ хувиргасан хууччуул УИХ-д орж ирэх нөхцөлийг бүрдүүлсэн"

"Зүсээ хувиргасан хууччуул УИХ-д орж ирэх нөхцөлийг бүрдүүлсэн"

"Зүсээ хувиргасан хууччуул УИХ-д орж ирэх нөхцөлийг бүрдүүлсэн"

"Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн Гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадралтай УИХ-ын сонгуулийн үйл явц, үр дүн, хуулийн өөрчлөлтүүдийн үр нөлөө, тойргийн хуваарилалтын талаар ярилцлаа.


-Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд томоохон өөрчлөлт хийсэн жил тохиож байна. Дээрх хуулиудад оруулсан өөрчлөлтүүдийн хүрээнд ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгууль ямар өөрчлөлт, онцлогтой  болно гэж харж байна вэ?

-Нэгдүгээрт, ирэх сонгуулиар УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэж байна. Мөн тухайн гишүүдийг сонгох сонгуулийн систем өөрчлөгдсөн.  Өөрөөр хэлбэл, 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаар сонгох хувилбараар явна. Түүнчлэн парламент дахь сөрөг хүчний тоо хэмжээ өсөх байх гэж таамаглаж байна. Парламентын чадавхыг нэмэгдүүлэх боломжууд бий болно. Гэхдээ эцсийн үр дүндээ сайн үр дүн гарах уу, сөрөг үр дүн гарах уу гэдгийг цаг хугацаа харуулах байх. Учир нь хамгийн сүүлд УИХ-ын сонгуулийн тойргийг тогтоохдоо 3-4 аймгийг нэгтгэж нэг тойрог болгосон. Тойргийг хэт томруулсан нь “олон талт парламент бүрдэнэ” гэсэн ололт хэмээн харж байсан үзэл баримтлалаас ухарсан, товчхондоо өмнөх гаргасан амжилтаа үгүйсгэсэн хуваарилалт хийсэн.

Үндсэн хуульд оруулсан 2019 оны өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг хангалттай нэмэгдүүлсэн. Бүсчилсэн хөгжлийн хувилбараар төсвөө боловсруулж батлуулах, бодлогоо хэрэгжүүлэх бүрэн боломж нь сонгуулиас үл хамааран одоогийн засгийн газарт байгаа.

Тиймээс парламентыг бүрдүүлэхдээ тойргийг заавал томоор хувааснаар бүсчилсэн хөгжилд хүрнэ гэх нь  хангалттай сайн үндэслэл гэж үзэхгүй байна. Учир нь сонгууль бол олон талт төлөөллийг чөлөөтэй өрсөлдөх боломжийг олгох ёстой. Тухайн өрсөлдөгч, залуу, эмэгтэй, эрэгтэй хэн байхаас үл хамаарч улс төрд орж ирж байгаа хүмүүс ижил, тэнцүү өрсөлдөх боломжоор хангагдах учиртай. Үүний гол шалгуур бол сонгуулийн зардал маш бага байх ёстой.

Хоёрдугаарт, сонгуулийн зардлыг хянах боломжтой байх ёстой. Эдгээр шалгуур хангагдаж байж бидний хүсээд байгаа ижил тэгш, тал талын төлөөллүүд парламентад орж ирэх боломжтой болно. Эдгээр нөхцөлүүд хангагдаагүй тохиолдолд сонгууль мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс ялдаг тоглоом хэвээр үлдэнэ.

Сонгуулийн тойргийг томсгосноор ямар нэгэн өөрчлөлт, шинэчлэлт авч ирэхгүй, өмнөх амжилтаасаа ухарсан тоглоомын дүрмийг баталлаа. Эргээд харахад 16-17 хоногийн сонгуулийн сурталчилгааны үед дөрвөн том аймгийн хэмжээнд өөрийгөө таниулж, сурталчилгаагаа хийж, иргэд сонгогчидтой уулзаж чадах уу. УИХ бол төлөөллийн байгууллага. Иргэдийг төлөөлж ажиллана гэж тухайн хүн УИХ-д сонгогдох учраас иргэд, олон нийтэд үзэл баримтлал, нөхцөл байдлаа бүрэн дүүрэн таниулах ёстой. Нөгөө талаас сонгогчдод ч өөрийн төлөөлөл болгож илгээж байгаа хүнээ таньж мэдэх боломж олгох ёстой. Гэтэл ирэх зургадугаар сард болох сонгуулиар 4 том аймагт 10 гаруй хоногийн хугацаанд өрсөлдөнө гэдэг нь хамгийн мөнгөтэй, танигдсан, нөлөөтэй хүмүүст л ашигтай хувилбар. УИХ-д солонгорсон парламент бүрдэж шинэ хүмүүсийг оруулж ирэх юм байна гэсэн хүлээлт эсрэгээрээ болж байна.

Нэг ёсондоо шинэ дүр төрхийг ашигласан  мөнгөтэй, хуучин хүмүүсийн төлөөлөл орж ирэх нөхцөлийг бүрдүүллээ. Яг өөрийнхөөрөө, органикаар гарч ирж байгаа шинэ улстөрч ийм тогтолцоонд өрсөлдөх боломжгүй. Тэр ч бүү хэл ийм шударга бус тогтолцоонд өрсөлдөх нь утгагүй зүйл болж хувирсан.

-Өмнө нь жижиг мажоритар тогтолцоогоор сонгууль явагдах үед мөнгөтэй хүмүүс сонгогчдын саналыг худалдаж авахад хялбар байсан. Тиймээс тойргийн хэмжээг томруулах нь сонгогчдыг хараат бусаар сонголт хийх, төсвийн мөнгийг үр дүнтэй зарцуулах боломжтой  реформ боллоо гэж хууль тогтоогчид магтдаг…?

-Бид Монголын улстөрчдийг басаад байх шиг байгаа юм. Улс төрчид тийм тэнэг хүмүүс биш. Тойрог том болмогц мөнгө тарааж чадахгүй болно гэж найдах нь хэт гэнэн хэрэг… Хэрэв жижиг тойрогт тарааж байсан бол том тойрог болсон ч мөнгө тараадаг хэсэгтээ тараах болно. Энэ бол тойрог томорч, жижгэрэхээр мөнгө тараах эсвэл болих тухай асуудал биш л дээ. Хамгийн гол нь яавал мөнгө тараах боломжгүй хянадаг, хариуцлага тооцдог систем бүрдүүлэх вэ гэдэг тухай асуудал.

Тухайлбал, бид дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн авсан бол Е баримт авдаг. Тухайн баримтаар дамжуулж татвараас зугтах эрсдэлийг хааж өгдөг.

Угтаа далд эдийн засгийг  ил болгодог механизм байдагтай адил сонгуулийн үеийн зардлыг хянах боломжтой байх ёстой. Сонгуулийн үеэр гарах зардлын эх сурвалж тодорхой, түүнийг нотолж чаддаг байх учиртай. Өнөөдөр яагаад ийм эмх замбараагүй байна гэхээр замбараагүй байлгаж завших гэдэг, учрыг нь олох боломжгүй байлгаж байгаад бохир мөнгө оруулж ирдэг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу парламентын гишүүдийн тоог 126 болгож, тогтолцоогоо өөрчилсөн нь эерэг болон сөрөг өөрчлөлтүүдийг аль алийг нь л авч ирнэ. Гэвч үндсэн хууль болоод сонгуулийн тухай хуулийг өөрчилж бий болгосон эерэг ололтоо сонгуулийн тойргийг томсгож баталснаараа эрх баригчид үгүй хийчихлээ.

-Сонгуулийн тогтолцоогоо өөрчилснөөр нийгмийн бүх төлөөлөл парламентад орж ирэх боломжтой болно гэж эрх баригчид амлаж байгаа. Малчид, эмч, инженер, гэх мэт… Гэтэл Үндэсний аудитын байгууллагаас нэг тойрогт зарцуулах сонгуулийн зардлын дээд хэмжээг 1.4 тэрбум төгрөг байхаар тогтоолоо. Гэтэл ийм хэмжээний мөнгө энгийн иргэдийн халаасанд байх боломжгүй байна шүү дээ?

-Монгол Улс ардчилсан улс учраас иргэдээ энгийн иргэн, энгийн бус гэж хуваах нь зохимжтой биш л дээ. Учир нь, бид бүгд Монгол Улсын иргэн. Хүн шударгаар хөдөлмөрлөж олсон 1.4 тэрбум төгрөгийг сонгуульд зарцуулна гэдэг асар өндөр дүн. Түүний цаана дахин намдаа өгөх хандив мөнгийг тооцвол үүнээс ч өндөр дүн гарна. Хүн өөрийнхөө бизнесийн орлогоос 5-10 тэрбум төгрөг гаргаад сонгуульд өрсөлдөнө гэдэг үнэхээр утгагүй хэрэг. Ийм их хэмжээний мөнгө зарцуулаад УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан хүнийг нийт иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө ажиллана гэх ямар ч үндэслэл байхгүй. Угаасаа ч боломжгүй. Тиймээс бид юуны төлөө парламент байгуулж, УИХ-ын гишүүдийг сонгож байна вэ гэдгээ харах хэрэгтэй. Тухайлбал, 2022 онд хийсэн “Сонгогчийн зан төлөв”-ийн судалгаагаар “манай сонгогчид саналаараа дамжуулж тухайн хүнд ямар эрх мэдэл олгож байгаа талаараа ойлголт муутай” байгаа нь батлагдсан. УИХ-ын гишүүн хууль тогтоох, иргэдийг төлөөлөх, хуулийн хэрэгжилт болоод гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр үүргийг гүйцэтгэх хүнийг сонгож байгаа юм. Түүнээс биш зам тавьдаг, сургууль барьдаг, өөрийг нь ажилд оруулдаг, хүүхдүүдийг нь сургуульд сургах хүнийг сонгодоггүй.

Хэрэв ийм зүйл амлаж байгаа хүн бол хэзээ ч нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах хүн биш гэсэн үг. Гэтэл бодит байдал дээр сонгуулийн хувилбар нь хэт өндөр зардал шаардаж шинэ тутам хүнийг улстөрд орох боломжгүй болгож байна.

"ХЭН НЭГНИЙ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛСОН ХҮМҮҮС ЖАГСААЛТААР ОРЖ ИРВЭЛ ХОРТОЙ ҮР ДАГАВАР ДАГУУЛНА"

-Улс төрийн намууд жагсаалтдаа нийгмийн төлөөллүүдийг түлхүү оруулж өгнө гэж амлах болсон шүү дээ?

-Малчин хүнийг заавал малчин хүн төлөөлнө гэсэн ойлголт байхгүй.  Хамгийн гол тухайн нийгмийн бүлгийн нийтлэг эрх ашгийг төлөөлөх чадвартай  хүн байх ёстой. Эмч хүн эрүүл мэндийн салбарыг төлөөлнө гэж байгаа бол ардчилсан нийгэмд байж болохгүй туйлшрал.Магадгүй шинэ хүн, заавал тухайн бүлгийн хүн УИХ-д орж ирэх нь зөв гэж хэт туйлширвал парламент сул хүмүүсээс бүрдэж, эргээд парламентын тогтолцоонд сөрөг нөлөөтэй. Энэ үүднээс аваад үзэхээр жагсаалтаар нэр дэвших 48 хүнийг ямар шалгуураар оруулж ирэхээ намууд тодорхой зарлаж, ил тод байх хэрэгтэй. Гэвч өнөөдрийг хүртэл жагсаалтаар нэр дэвших 48 хүнийг хэрхэн тодруулах журам, аргачлалаа зарласан нам, эвсэл алга. Ил тод, шударга байж чадахгүй байна.

Хэрэв жагсаалтаар орж ирэх хүмүүс намын даргын, квот өгсөн хүнийг төлөөлж, гүйцэтгэгч байдлаар, бие даасан бус гишүүдийн тоо олон болохын хэрээр парламентын ардчилал суларна. Шинэ хүн, нэр цэвэр хүн гэдгийг нь харах нь гарцаагүй зөв боловч эргээд бие даасан улс төрийн үйл ажиллагаа явуулах чадваргүй хүнийг сонгох нь парламентад сөрөг талтай.

Монголын парламентад улс төрийн намууд ил тод, шударга, ардчилсан зарчмаар ажилладаг бол намын бүлэг дээрээ асуудлаа яриад чуулган танхимд нэгтгэсэн байр суурьтай байж болно. Гэтэл эсрэгээрээ УИХ-ын гишүүний иргэдийг төлөөлөх зарчмын дагуу байр сууриа илэрхийлэх эрхийг нь бүлгийн шийдвэр гарсан гэдэг байдлаар хааж боогдуулдаг байж болохгүй. Яг энэ төрлийн хэд хэдэн шийдвэр өнгөрсөн хугацаанд гарсан. Хэрэв нам шийдвэр гаргаад намын гишүүд тухайн шийдвэрийг нь кноп дараад дэмждэг байвал сонгууль хийх шаардлага байхгүй. УИХ-ын гишүүдийг бие даасан байдлаар сонгоод ч нэмэргүй. Нэг ёсондоо намын удирдлагын түвшний цөөн тооны гишүүд шийддэг тогтолцоо руу  шилжиж байна гэсэн үг.

Тиймээс жагсаалтаар орж ирэх хүмүүсийг эрүүлээр, шударгаар дэвшүүлж, намууд ил тод байхыг шаардах ёстой. Хэрэв эсрэгээрээ эрх мэдэлтэй хүмүүсийн гар хөл утсан хүүхэлдэй болсон хүмүүс жагсаалтаар орж ирвэл сөрөг, хортой үр дагавар их дагуулна.

"ИРГЭДИЙН ЧӨЛӨӨТ СОНГОХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАМЫГ СОНГУУЛИЙН ТОЙРОГ, ТОГТОЛЦООГОО БООМИЛЧИХСОН"

-Сонгуулийн тогтолцоо, тойрог нь олонд танигдсан, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст давуу байдал олгож байна гэж үзэх юм бол МАН, АН гэсэн хоёр том намын дунд өрсөлдөөн гарах нь. Аль нэг нам эвсэл дангаараа олонх болвол ардчилалд ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлөх үү?

-Сонгууль өөрөө адил тэгш өрсөлдөх боломжийг олгож байх ёстой. УИХ-ын гишүүд намайг, таныг төлөөлж санал өгдөг. УИХ-ын гишүүнд ажил олгогч нь иргэд. Бид ажил олгогч юм бол тухайн хүнийг ажлаа хариуцлагатай хийж байгаа эсэх, санаачилгатай байна уу, иргэдийг үнэхээр төлөөлж чадаж байгаа эсэхийг хянах боломжтой байх ёстой. Ийм боломжтой хүнийг сонгох боломжит хувилбар байх ёстой. Гэтэл одоогийн сонгуулийн тогтолцоо, тойрог бол энэ өрсөлдөөнийг хязгаарласан. Товчхондоо сонгууль тухайн өдрөө шударга болохоос илүүтэй, сонгуулийн өрсөлдөөн нь урьдчилаад эрх тэгш, шударга өрсөлдөх боломжийг анхнаасаа үгүйсгэсэн. Энэ удаагийн сонгууль саналын хуудсанаасаа эхлээд сонгогчдод төвөгтэй, ачаалал үүсгэнэ. Учир нь 78 хүнийг тойргоос сонгоно. Тухайн тойрог 9 мандаттай гэж үзвэл нам бүрээс 9 хүн нэр дэвшинэ. Үндэсний аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн 27 нам, хоёр эвсэл гээд тооцвол хамгийн багадаа 200 хүн дотроос 9 нэрийг сонгоно гэсэн үг. Үүнд маш их хугацаа зарцуулна.

Сонгууль бол иргэдийн сонгох эрхийг хангахын тулд хамгийн хялбар, ойлгомжтой байх ёстой. Иргэд нэр дэвшигчдийг дугуйлахаас гадна хоёрдугаарт намд санал өгнө. Гэтэл энэ мэдээллийг өнөөдрийг хүртэл иргэдэд хангалттай сайн ойлгуулсан эсэх нь эргэлзээтэй.  Нэг ёсондоо иргэддээ ээлтэй биш, шударга бус, ил тод бус ийм процесс болно.

Ийм шийдвэр гаргасан нь Монголын улс төр эрүүл бус байгааг харуулж байна. Аль нэг намын сайн, муу гэхээс илүүтэй парламентын ардчилал яаж бэхжих ёстой вэ гэхээр хяналтын механизм сайн байх ёстой. Эрх баригчид өөрөө өөрсдийгөө хянана гэдэгт хэзээ ч итгэж болохгүй. Тийм боломж байхгүй. Харин парламентын хяналтыг сөрөг хүчин хэрэгжүүлдэг. Тиймээс ирэх парламентад сөрөг хүчин хүчтэй байр суурьтай, чадавхтай, идэвхтэй байгаасай гэж хүсч байна. Ирэх парламентад одоо байгаа сөрөг хүчний тоо нэмэгдэх байх гэсэн төсөөлөлтэй байна. Хэн байхаас үл хамаарч институтүүд чадавхитай ажиллах ёстой. Одоогийн бүрэн эрх нь дуусах гэж байгаа парламент Засгийн  газартаа хяналт тавьж чадаагүй. Эсрэгээрээ Засгийн газрынхаа хуулийг баталж өгдөг нэгж шиг л ажилласан. Ийм сул дорой парламент байна гэдэг нь иргэдийн эрх чөлөөнд ч аюултай, Монгол Улсын тусгаар тогтнолд ч аюултай. Өөрөөр хэлбэл, бид өөрсдийнхөө хамгийн чухал институтийг байгуулах гэж байна. Тиймээс парламент чанартай, чадавхтай, ийшээ орж ирэх зам нь шударга өрсөлдөх боломжтой байх ёстой.

Гэтэл шударгаар өрсөлдөх зам нь хаалттай байна. Монгол Улс иргэдийн чөлөөт сонгох эрхийг хэрэгжүүлэх замыг сонгуулийн тойрог, тогтолцоог тогтоохдоо боомилчихсон.

"ӨНӨӨГИЙН УЛСТӨРЧДӨД ИРГЭД ЯДУУ, БОЛОВСРОЛГҮЙ БАЙХ НЬ АШИГТАЙ БАЙНА"

-Өнгөрсөн хугацаанд сонгогчийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэхэд хэр анхаарч ирэв. Сонгогчийн боловсрол дутмаг байгаагаас УИХ-ын гишүүнд тавих шаардлага, шалгуурт анхаарахаас илүүтэй ахуйн хүрээний асуудалд анхаардаг сонгогчийг бэлдчихсэн байна шүү дээ?

-Шинэ системд шилжсэнээс хойш тоглоомын дүрэм, зарчмаа ойлгодог байх үйл ажиллагааг ор тас орхигдуулсан. Товчхондоо бол ардчилсан улсын хамгийн том дархлаа бол ардчилал, эрх чөлөөгөө хамгаалдаг ирдэг. Хэрэв тийм биш байвал тухайн улс ардчиллаа хамгаалж, бэхжүүлнэ гэдэг их хэцүү. Нэг ёсондоо Монгол Улс хамгийн чухал зүйлээ орхигдуулсан.

Төр засгийн зүгээс сонгогчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаагүй. Улс төрийн намууд сонгогчийн боловсролын эсрэг ажиллаж ирсэн. Яагаад гэхээр нийгмийг дандаа хуурч, мэдээллээр талцуулдаг, хуваадаг, нийгмийг үе хооронд нь, намаар нь, хүйсээр нь хуваадаг.

Энэ олон талцал нийгмийг задралд хүргэдэг. Тухайлбал, улс төрийн намуудын дэргэд иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ямар байгууллага байна вэ. Байхгүй.  Харин эсрэгээрээ намын хүний нөөцийн үйл ажиллагааг нэмэгдүүлдэг залуучуудын, эмэгтэйчүүдийн, ахмадуудын байгууллагууд бий. Монголын иргэний улс төрийн боловсрол ихэвчлэн олон улсын байгууллагуудын төсвийн дэмжлэгээр хэрэгждэг. Хамгийн харамсалтай нь Монгол Улсын парламент дээр өнөөдрийг хүртэл парламентыг бэхжүүлэх, иргэдийн улс төрийн боловсролыг бэхжүүлэх ажил гадны санхүүжилтээр хэрэгжиж  ирсэн.

Энэ чиглэлээр хэзээ ч  төсөв мөнгө хуваарилж байгаагүй нь иргэний улс төрийн боловсролыг дээшлүүлэх сонирхолгүй байгаа нь тодорхой харагдаж байна. Энэ нь Монгол Улсын ардчилалыг хэврэг болгож байгаа эмзэг цэг нь болж байна. Иргэд, олон нийтийг улс төрийн боловсролгүй байгаа асуудалд институтууд хариуцлага хүлээх ёстой. Бид нийтээрээ сайжрах сайн болох хэрэгцээ байна. Улс төрийн намууд улс төрийн манлайлагч институтын хувьд хариуцлага хүлээх ёстой. Энэ асуудалд улс төрийн намууд, төр анхаарч ажиллаагүй. Төсөв мөнгө гаргаагүй.

Монгол цаашид ардчилсан орон байя гэвэл иргэд нь эрх чөлөөгөө хамгаалж чаддаг, нийтлэг эрх ашгаа хамгаалж чаддаг, бусдын эрх, эрх чөлөө зөрчигдөх дуугарч чаддаг иргэдийг бэлдэх ёстой. Өнөөгийн улстөрчдөд иргэд ядуу, боловсролгүй байх нь ашигтай байна.

Өөрөөр хэлбэл, хямд хэврэг байгаа зүйлийг худалдаж авах, боловсролгүй хүний толгойг эргүүлэх амархан. Нөгөө талаас бүх бурууг улс төрийн намуудад байгаа мэт хандаж болохгүй. Хүссэн ч, эс хүссэн ч засгийн эрхийг улс төрийн намаар дамжуулж барьдаг. Мөн улстөрийн намуудын хүний нөөц засаглалын эрх барих гол нөөц болж явдаг. Тиймээс улс төрийн намуудыг үгүйсгэх, үзэн ядахаас илүүтэй тэднийг чадавхижуулах талаар шахаж шаардах ёстой. Улс төрийн намууд дотоод ардчилалтай, шударга, мерит зарчим үйлчилдэг, ил тод институт болох талаар шахаж шаардах ёстой. Сүүлийн жилүүдэд монголд гарч байгаа үйл явцыг харвал нууц, ойлгомжгүй болгож байгаад түүний цаана хулгай хийж байна. Тиймээс хариуцлага тооцох байгууллагууд нь үүргээ гүйцэтгэх ёстой. Иргэд тэр бүхэнд хяналт тавьж чадахгүй сатаараад байна. Ер нь бол ил тод байдал шударга ёсны баталгаа болох ёстой. Энэ бүхнийг хийхгүй байгаа нь иргэдийн хяналтаас ангид замбараагүй байлгаж байгаад зах замбараагүй, хулгай хийдэг систем үргэлжлэн тогтох төлөвтэй байна.

-Өнгөрсөн хугацаанд гарсан хулгай луйвар, хээл хахуулийн асуудлын гол бурууг 32 жилийн тогтолцоо руу чихэж ирсэн. Харин одоо 128 гишүүнтэй болчихвол бүх зүйл ил тод болж, шинэ нийгмийг бүтээнэ гэж байгаа нь хэр итгэл үнэмшилтэй вэ?

-Сонгуулийн жил нэг улстөрчийн яриа 10 гаруй телевизээр зэрэг цацагдаж байгаа нь Монгол ямар түвшинд байгаагийн тод илрэл. Үндсэндээ шударга байхаас илүүтэй шударга дүр эсгэж, гэнэн цайлганаар иргэдэд найдвар төрүүлж эрх мэдлээ үргэлжлүүлэх арга хэрэглэж байна. Гэсэн атлаа яриад байгаа шударга ёсыг нь авчрах сонгуулийн зардлыг хамгийн бага байлгах, зардал нь хяналттай байх зэрэг хамгийн гол өөрчлөлтүүдийг хийгээгүй.

Улс төрийн бусад намуудын хувьд ч сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулах нь  болсноор тэдний УИХ дахь суудлын тоо нэмэгдэнэ гэж тооцоод иргэдийг төлөөлөх биш өөрсдийн эрх ашгийн төлөө тохиролцсон.

Цогц хөгжлийн үндэсний төв UIH.MN-ээр дамжуулж хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгохын төлөө ажиллаж ирсэн. Тухайлбал, хууль батлахад УИХ-ын гишүүн ямар санал өгсөн талаарх мэдээлэл өнгөрсөн жилийг хүртэл хаалттай байсан. Иргэнийг төлөөлж УИХ-д сууж байгаа гишүүн иргэдийн өмнөөс хууль батлахдааи дэмжсэн үү, дэмжээгүй юү гэдгийг мэдэх боломжгүй байлаа.  Өөрсдийгөө төлөөлүүлэхээр сонгосон хүмүүстээ иргэд хяналт тавимаар байна. Нийтийн мэдээллийн тухай хуулийн дагуу энэ төрлийн мэдээллийг ил тод авах гэхээр хууль тогтоох байгууллага нь хуулиа биелүүлдэггүй. Хуулиа биелүүлэхийг шаардаад хуулиар явж болох бүх үйл явцыг туулсан боловч мэдээлэл авч чадаагүй. Хуулийн дагуу ил тод байх ёстой мэдээллийг хамгийн их үлгэр жишээ байх ёстой хууль тогтоох байгууллага нь мэдээллээ өгдөггүй. Ингээд эцэст нь 2023 оны хавар нөлөөллийн аян явуулж байж энэ мэдээллийг авсан.

УИХ-ын гишүүд, улс төрийн намуудтай зөвхөн сонгуулиар хариуцлага тооцно гэж ярьдаг энэ бол буруу. Харин сонгуулийн маргаашаас таны сонгож төрд илгээсэн хүн ажлаа хийж байна уу гэдгийг хянахаас эхэлнэ. Тиймээс УИХ-ын гишүүдэд өдөр бүр хариуцлага тооцдог байх нь чухал.

Сонгуулийн өмнө хамгийн сайн, сайхан хүмүүс болж хувираад сонгуулийн маргаашаас иргэдийнхээ дээгүүр хардаг хүмүүс болж хувирдаг байж болохгүй. Энэ удаагийн сонгуулиар шинэ хүмүүс орж ирэх ч, “шинэ хүн” нэрээр хуучин хүмүүсийн зөвшөөрлөөр орж ирэх хүмүүсээс бүрдэх магадлалтай сонгууль болох учраас иргэд сонгуульдаа хариуцлагатай, ухамсартай хандах нь чухал.  Сонгуулийн үеийн тархи угаалт, хоосон амлалтуудад итгэх биш хэрсүү, хариуцлагатай сонголт хийх нь чухал.

"НАМУУД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАВАЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ ГЭДЭГ ГЭРЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ"

-Улс төрд ёс зүйтэй хүнийг нэр дэвшүүлнэ гэж намууд ярих болсон. Тэгэхээр ёс зүйтэй гэх тодотголд ямар улстөрч багтах бол. Намуудын өөрсдийнх нь тавьж буй  "ёс зүйн шаардлага" нийгмийн ёс суртахууны ойлголттой нийцэх нь юу л бол. Таны хувьд ямар хүмүүс УИХ-д дэвших нь зөв гэж харж байна вэ?

-Улстөрчид ёс зүйтэй царайлж чадна л даа. Улстөрчид улстөрч болох зам сонгож байгаа бол олон нийтийн хүн болж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал. “Иргэд, олон нийт намайг хардах, хянах эрхтэй. Би маш төвөгтэй зам сонгосон” гэдгээ хүлээн зөвшөөрч орж ирэх нь чухал. Гэтэл улстөрч болоод ороод ирэхээр иргэд шүүмжлэх төдий уурлаж “Би чадаж байна. Та нар яах юм” гэдэг байдлаар хандаж болохгүй.

Тухайлбал, метроны төслийг шүүмжилсний төлөө “Та нар битгий метронд суугаарай” гэж хэлж байгаа нь байж болох хамгийн тэнэг жишээ юм. Ийм байж яагаад ч болохгүй. Улстөрч болж байгаа бол хяналт, шүүмжлэл үргэлж дагаж амьдрал, үйлдэл нь олон нийтийн хараа хяналтад орж байгаа  гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Яг одоо улс төрийн намуудад нэр дэвших хүсэлтээ өгч байгаа энэ үед намууд нэр дэвшигчтэй “Олон нийтийн хяналтад орж байгаагаа хүлээн зөвшөөрч, ёс зүйн алдаа гаргавал хариуцлага хүлээнэ гэдгээ хүлээн зөвшөөрсөн” гэрээ хэлэлцэл байгуулах нь зүйтэй. Эцэст нь хэлэхэд ирэх парламентын бие даасан байдлыг хангахад анхаарах ёстой. Үүний тулд УИХ-ын чуулганы танхимд сэтгүүлч ороод сурвалжилга мэдээлэл бичиж болдог, камераар чуулганы танхимыг бүтэн хардаг болох хэрэгтэй. Одоогийн байдлаар УИХ-ын танхимд 5-6 камер зоочхоод юу харуулахыг хүссэнээ л харуулж байна. Тухайн сувгаас нь сэтгүүлч авч дамжуулж байна. Чуулганы танхимыг бүтэн харуулдаггүй учраас харуулахыг хүсэхгүй байгаа зүйлээ харуулдаггүй. Ийм иргэдийн төлөөллийн байгууллага байх ёсгүй. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн ашиг, сонирхлын зөрчлийг хянаж чаддаг байх ёстой. Мөн УИХ-ын гишүүдийн бие даасан, халдашгүй байх эрхийг нь хангах ёстой. УИХ чадавхтай бас халдашгүй байх учиртай. Зарим үед хэт туйлшраад УИХ-ын гишүүдийн халдашгүй байх эрхийг үгүй хийх асуудал хөндөгдөж байгаа. Харин халдашгүй байх эрхийг нь үгүй болгочихвол гишүүд илүү эмзэг болж, барьцаанд орох эрсдэлтэй. Тиймээс УИХ-ын гишүүд, парламент дархлаатай байх учиртай. Тухайлбал , улс төрийн намаас нь УИХ-ын гишүүнд заавал ийм санал өгөх хэрэгтэй гэсэн тулгалт ирсэн тохиолдолд нөлөөллийн хуудас бөглөж олон нийтийн хамгаалалтад ордог хууль эрх зүйн орчныг УИХ-ын тухай хуульд оруулах ёстой. Хэрэв ийм хамгаалалт оруулж өгөхгүй бол УИХ-ын гишүүд намаас, бизнесийн бүлэглэлүүдээс ирэх дарамт шахалтад өртөх эрсдэлтэй.

Тэгэхгүй бол нам, бүлгийн дарга нэртэй цөөн хүний ширээн дээр УИХ-аар хэлэлцүүлэх, батлуулах хуулиуд яригдаж “Чи намаас гарсан учраас дэмж” гэсэн шахалт, тулгалт явагдах юм бол парламентын үйл ажиллагаа алдагдана.

Улс төрийн нам үндсэн үйл ажиллагаа, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр дээрээ л нэгдэх ёстойгоос биш бүх үед намаас сонгогдсон гишүүдээ зарц боол мэт хандаж болохгүй.  Тийм учраас өнөөгийн сонгууль хэт том тойргоор, хэт өндөр зардалтай, шинэ хүмүүс орж ирэх боломжгүй, шинэ хүмүүс орж ирвэл хуучин хүмүүсийн зөвшөөрлөөр орж ирдэг ийм парламент бүрэлдэхээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-04-01 66.181.190.182

30 гаруй жил улсын төсөв ,тендер ,элдэв сан,нүүрс зарж шахаа хийж баяжсан архаг коммубнистууд,жагсаалт нэрээр дахин сонгодох нь гарцаагүй, би лав согууль саналаа өгөхгүй

Avatar

ХУУЛЬЧ 2024-04-01 202.9.46.14

ХӨГШЧҮҮД ГЭЖ ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬД ЗААСАН ТЭТГЭВИЙН НАСНЫ ХҮНИЙГ ХЭЛЭХ БИЗ,,,,,,, ТЭД ШУНАЛ , ТАЧААЛ НЬ АРИЛСАН АЖИЛ ХИЙХЭЭСЭЭ СУРГААЛ АЙЛДСАН ,,,АР ГЭРТЭЭ САНАА ЗОВОХ ЮМГҮЙ,,,ТУРШЛАГАТАЙ ХҮМҮҮС Л ДЭЭ. .,,,ХАРИН АХМАД ХҮМҮҮС ГЭВЭЛ УЛС ТӨРД АРХАГШИЖ ТУРШЛАГЖСАН САЙН МУУГ ЯЛГАХТАЙГАА ХҮМҮҮС БАТАХ БИЗ,,,,. БИ ГЭДЭГ ЗАНТАЙ 1990 ОНООС ЭХТЭЙ ЗАЛУУС ОДОО ТИЙМЧ СОНИН БИШ Л ДЭЭ.,,,ТИЙМ БОЛОХООР СОНГОЧИДОД ЗААДАГ ХУУЧИН НИЙГЭМ ОДОО БИШ ШҮҮ.,,,ТЭД СОНГОЛТОО ХИЙЖ ЧАДНА.

Avatar

ахмад 2024-04-01 59.153.114.14

Мэдээж бүгдийг цэвэрлэж \ гэмт бүлэглэлийн \ төлөөллүүдээс салахад хэцүү байх. Эрх баригч нам ядахдаа зард гарсан хулгайчууд: Сү.Батболд, Цогтбаатар,Хүрэлбаатар,Чойжилсүрэн,Энх-Амгалан Л, Даваасүрэн, Бямбацогт, Дэлгэрсайхан, Ганбаатар Ж, Булгантуяа,Ундрам ,Болорчулуун, Чинзориг,Тогтохсүрэн,Ганболд, Сэргэлэн,Наранбаатар, Баярсайхан нараасаа энэ удаа салчиж чадвал том амжилт болно.МАН ын залуучууд шинээр ажиллах боломж бүрдэнэ дээ.

Avatar

ХУУЛЬЧ 2024-04-01 202.9.46.14

,,,, ЖИХЭНЭ ӨӨРӨӨ ХОЦХОГДСОН АХМАД ХҮН БИШ ЮМ УУ .,,,,НОМ УНШИХГҮЙ,, ХУУЧИН НИЙГМЭЭРЭЭ АЛЬ1990 ОНООР АМЬСГАЛААД БАРАХГҮЙ ШҮҮ .,,,ИРЖ БАЙГАА ЦАГ ,,,ҮЕ СОЛИГДОХОО МАРТААД ХЭРЭГҮЙ

Avatar

Нэргүй 2024-04-01 59.153.114.134

Сонгуулийн ирц Иран шиг дөнгөж 50% хүрнэ.Цаашид ч буурна.Сонгуулийн маргаашаас улсаа, МАН аа, оюулзганаа харааж зүхнэ.

Avatar

ХУУЛЬЧ 2024-04-01 202.9.46.14

САНАЛ ОРХИГДОХГҮЙ БОЛОХООР СОНГУУЛЬДАА ИРГЭД ОЛНООРОО ОРОЛЦОНО ДОО.,,,,,ХҮНЭЭ СОНГОНО ГЭВЭЛ ,ТОМСГОСОН ТОЙРОГТ НЭР ДЭВШСЭН ХҮНЭЭС СОНГОНО ШҮҮ ДЭЭ ,,.,,,,НАМАА СОНГОДОГ ГЭВЭЛ НАМЫН ЖАГСААЛТААР НАМАДАА САНАЛ ӨГӨХ БОЛОХООР САНАЛ ОРХИДОХГҮЙ ИРЦ ИХ БАЙНА ДАА .,,,,,,МУУ ЁРЛООД ХЭРЭГҮЙ,,,,,,

Avatar

Нэргүй 2024-04-01 59.153.114.134

Олон бузрууд, эргүүнүүд орж ирнэ.Даваасүрэн Болорчулуун, Бямбацогт гэх мэт.Хүүкийн талын Зандка Содбаатар, Жэнхбаяр эд нарын нэг еөк болно.Том тойрогт гарах боломжтойг мэдээд Бат-Эрдэнэ бөх хүртэл дахин дэвших шуналтай байна.

Avatar

Нэргүй 2024-04-01 66.181.160.1

элбэгшунал бах эрдэнэ гэх мэт

Avatar

ард түмэн 2024-04-01 66.181.190.235

төр бол ядууст хамаагүй машин тэр бол ухаантай зальтай баячуулын зайдагнадаг машин

Avatar

Нэргүй 2024-04-01 103.9.90.100

үнэхээр харамсалтай. бид сонгохгүй байсан ч намынхаа жагсаалтаар гарч ирнэ. тэгэхээр нэрээ дэвшүүлж буй хүмүүсийг л сайн харж сонгох хэрэгтэй байна. Багш нар, ахмадууд гэж ходоодоо худалдсан юмнууд байх юм

Avatar

Нэргүй 2024-04-01 124.158.123.244

Нэр нүүрээ барсан архаг хууччуул хаалгаар гараад явсан ч тооноор ороод ирэх боломжийг сонгуулийн хууль санаатай олгосон…Магадгүй энэ удаагийн сонгууль хамагийн муу шийдэл болох нь тодорхой…

Avatar

Нэргүй 2024-04-01 124.158.109.182

Зөв сонголтыг хиймэл оюун ухаанаар хийдэг програм байна уу?? Байхгүй бол хийж өгөөч..

Avatar

зочин 2024-04-01 59.153.112.217

Хуучин нөхөдүүдийг бүү сонгоорой бид эдгээр хүмүүсийг мэддэг боллоо

Avatar

Нэргүй 2024-04-01 66.181.185.104

Сонгуулийн энэ хууль чинь харин мэддэгийгээ сонгоорой гэж шахаад бна ш дээ, хө !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж