Сурвалжлага: Хүүхдүүд Эмээлтээс 20 км зам туулж сургуульдаа ирдэг

Сурвалжлага: Хүүхдүүд Эмээлтээс 20 км зам туулж сургуульдаа ирдэг

Сурвалжлага: Хүүхдүүд Эмээлтээс 20 км зам туулж сургуульдаа ирдэг

Бяцхан охин хоёрдугаар ангид сурдаг. Хичээл нь өглөө 08:00 цагт ордог учраас амжиж очихын тулд ургахын улаан нартай уралдан босч, 20 гаруй километр замыг туулдаг. Эцсийн буудал дээр эхний автобус хүлээн зогсоно. Цас хайлж, урссан шавар шавхайг багасгахын тулд багахан дайрга шороо асгажээ. Хүйтэн салхитай өдөр гадаа 10, 20 минут зогсоход охин даарч бээрнэ.

Дөнгөж үсгээ холбон уншиж, тоогоо бодож чаддаг болсон түүнд хичээл номоос илүү сургуульдаа очих зам амаргүй санагддаг тухайгаа ярьсан юм.

Тэрбээр “Би хичээлдээ автобусаар явдаг. Автобусанд олон хүн суудаг учраас надад сандал олддоггүй юм. Манай гэр автобусны буудлаас жаахан зайтай. Сургууль руугаа явах зам шавар шавхайтай ихтэй. Заримдаа удаан алхахаар их даардаг. Уг нь гэрийн ойролцоох шинэ сургууль ашиглалтад орвол гоё байх сан” гэв. Тэр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлт орчимд амьдардаг хүүхдүүдийн төлөөлөл. Эдгээр хүүхдэд харъяаллын сургууль байхгүй. Тиймээс Эмээлтээс өдөр бүр 20 гаруй километр зам туулан  иргэдийн хэлж заншсанаар Таван шарын буюу Баянгол дүүргийн харъяа ерөнхий боловсролын 19 дүгээр сургуульд суралцдаг.

Сурагчид хол зам туулж сургуульдаа очдог бол цэцэрлэгийн багачууд нь 10 гаруй километр замыг туулна. Өвлийн улиралд хүүхдүүд бараг цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй гэдгийг оршин суугчид хэлж байв.

95 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ШИНЭ СУРГУУЛЬ 7 ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ

Хүүхдээ сургуулиас нь аваад харьж яваа тус хорооны оршин суугч Б.Даваажаргал "Замын нөхцөл байдал маш хүнд байна. Олон жил шинэ сургууль барьж, зам шинээр тавина гэж ярилаа. Манайх гэхэд бага ангийн гурван сурагчтай. Автобус нь цагтаа ирэхгүй удаан хүлээнэ. Зарим автобус нь хүүхдүүдийг орхиод явчихдаг.

Энэ асуудлаа хорооны даргадаа хэлэхээр "Шинэ сургууль барьж, зам тавина гэсэн" гэж ам тагладаг. Энэ бүх асуудлаас болж хүүхдүүд хохирч байна" гэсэн юм.

Шинэ сургууль барих шавыг 2018 оны дөрөвдүгээр сард тавьсан. Одоо 95 хувийн гүйцэтгэлтэй, ашиглалтад ороогүй.

Оршин суугч Т.Золзаяа хоёр хүүхэдтэй. Тэрбээр ярихдаа  "Эмээлтэд шинэ сургууль байгуулахаар анх 2017 онд барилгын ажлыг эхлүүлсэн. Гэвч цар тахлын үеэр барилгын ажил нь зогссон. Одоо 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй. Үүнээс болж энэ хорооны айл өрхийн хүүхдүүд Таван шар хүртэл 20 гаруй километрын зайтай сургуульд суралцаж байна.

Манай гэр бүл гэхэд, сургуулийн нэг, цэцэрлэгийн насны нэг хүүхэдтэй. Сургуулийн хүүхдээ 20 километрийн зайтай зөөдөг бол цэцэрлэгийн хүүхдээ Баруунтуруун руу 10 гаруй километр газарт зөөдөг. Амьдралын боломжтой нэг нь машинаар хүүхдүүдээ зөөнө. Боломж бололцоогүй нь нийтийн тээврээр хүүхдүүдээ зөөнө. Автобусаар хүүхдүүдээ цэцэрлэгт зөөдөг айлууд өвлийн улиралд зөөж чаддаггүй. Ид хүйтэнд олон километр газар хүүхдүүдээ зөөх нь том асуудал. Энэ хорооны хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрх нь ноцтойгоор зөрчигдөж байна" гэлээ.

"ХҮҮХДҮҮДИЙН АМЬДРАЛ АВТОБУСАНД ӨНГӨРЧ БАЙНА"

Хоёр жилийн өмнө арваннэгдүгээр сард 500 метр газар ухсан нь шавар шавхайнд дарагджээ.

Г.Сэржмядагийнх энд 20 жил амьдарч буй агаад "Хороонд шинээр тавих 2.6 километр замын асуудал маш хүнд байна. Энэ богино замыг найман жил тавина гэж ярилаа. Хавар болж цас хайлахаар зам дээр дайрга асгадаг ажил хийдэг. Замын тендер авсан компани нь санхүүжилтээ “идээд дууссан” гэж сонссон. Хоёр жилийн өмнө арваннэгдүгээр сард цаг агаар хүйтэрч байхад 500 метр газар ухаж хаячихаад яваад өгсөн.

Тэр ухсан нүхнээс нь болж нийтийн тээвэр нь эцсийн буудалд ирж чадахгүй, хүүхдүүд сургуульдаа явахын тулд олон километр алхаж байна.

Манай гэр бүлийн хувьд нэг хүүхэд маань оюутан, дундах нь ахлах анги, нэг нь бага ангид сурдаг. Хүүхдүүд өглөө автобусаа хүлээхдээ даарч, бээрнэ. Хичээлээс гадуур дугуйланд хамрагдах ямар ч боломжгүй. Тэр хүүхдүүдийн амьдрал нь автобусанд өнгөрч байна хэмээн бухимдав.

"ЗАРИМ ХҮҮХДҮҮД ШӨНИЙН 23.00 ЦАГТ ХАРИХ ГЭЭД ЯВЖ БАЙДАГ"

Шанд-Хурган чиглэлийн гурван автобус Эмээлтээс Таван шар хүртэлх маршрутаар иргэдэд үйлчилдэг. Гэвч “Шонхор” худалдааны төвөөс зүүн тийш салсан замаар цас хайлж, шавар шавхайнд дарагджээ. Үүний улмаас нийтийн тээвэр нь эцсийн буудалдаа зорчигчдоо буулгаж чадахгүй, шаварт суудаг талаар оршин суугчдын төлөөлөл ярьж байлаа.

Мөн сурагчид зөвхөн автобусны буудал хүртэл нэг километрээс дээш алхдаг гэнэ. Автобусны жолооч нарын хувьд ч ажлаа хийхэд хүндрэлтэй байгаагаа учирлаж байв.

Оршин суугчид явган байтугай машинтай явахад ч хүндрэлтэй замаар явдаг.

Автобусны жолооч Б.Хубилай "Замын асуудал маш хүндрэлтэй байдаг. Автобус шавар шавхайнд сууна. Шар усны үе болохоор замаар нь ус урсч, автобус явах боломжгүй болдог. Хорооноос дайрга асгаж түр арга хэмжээ авна.

Сургуулийн хүүхдүүдийн хувьд эндээс “Энхжин” худалдааны төвийн ойролцоох сургуульд сурдаг. Замын түгжрэлээс шалтгаалан автобус цагтаа ирж чадахгүй үе гарна.

Зарим хүүхдүүд хичээл сургуулиа тараад шөнийн 23.00 цагийн үед харих гээд явж байдаг. Болдог бол Эмээлтийн төв замаас наашаа эцсийн буудал руугаа засмал зам тавих хэрэгтэй. Дулаараад ирэхээр шавар шавхайн нь арилж, улаан шороогоороо эргэчихдэг. Шинэ автобус ийм зам дээр дорхноо эвдэрнэ шүү дээ" гэв.

“Авто замын асуудлаас гадна сургууль, цэцэрлэгийн асуудлыг анхаармаар байна. Бас гудамжны гэрэлтүүлэг, тог цахилгааны асуудал хүндрэлтэй байдаг. Эмээлтэд том том хоосон хашаа байдаг ч энгийн иргэдэд газар олддоггүй” гэдгийг тус хорооны иргэн Д.Зууннаст хэлсэн юм.

"ШИНЭ СУРГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДЭЖ, БАРИЛГЫГ БҮРЭН ДУУСГАНА"

“Фүжи- Алтай” констракшн ХХК барилгын тендерт шалгарсан.

Энэ хороонд шинэ сургууль барих шавыг 2018 оны дөрөвдүгээр сард тавьсан. Сургууль 640 хүүхдийн багтаамжтай. Тухайн үед “Фүжи- Алтай” констракшн ХХК барилгын тендерт шалгарч, эхний хоёр жил барилгын ажил эрчимтэй үргэлжилжээ. Гэвч санхүүжилт байхгүй гэдэг шалтгаанаар ажил нь зогссон гэдэг тайлбарыг хорооны оршин суугчдад өгч байжээ.

Харин “Шонхор” худалдааны төвөөс шинээр барьж буй сургууль хүртэлх 2.6 километр зам тавих ажил улсын төсөвт 2019 онд тусгагдсан боловч одоог хүртэл ашиглалтад ороогүй байгаа юм. Гүйцэтгэгч компаниар "Энигма констракш" ХХК шалгарсан боловч ямар ч ажил хийгээгүй олон жил болж байгааг иргэд хэлсэн юм.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хурганы сангийн аж ахуйг Эмээлт чиглэлийн авто замтай холбох  ажлын тендерийг гурван жилийн өмнө зарлажээ. Уг тендерт “Энигма констракшн” шалгарсан бөгөөд зардал өссөн гэх шалтгаанаар замын ажлыг эхлүүлээгүй юм. Тиймээс 2023 онд тендерийн гэрээг цуцалж, уг байршилд барих хоёр км авто замын ажлын тендерийг ирэх долоо хоногт шинээр зарлахаар төлөвлөж байгааг албаныхан мэдээлэв.

СХД-ийн 32 дугаар хорооны нийгмийн ажилтан Ч.Ганболд:

-Манай хороонд шинээр барьж байгаа сургуулийн барилга ашиглалтад оролгүй олон жил болж байна. Энэ жилээс санхүүжилтийг нь дахин тусгаж, барилгын ажлыг бүрэн дуусгана гэдэг мэдээлэл байгаа. Хавар барилгын ажил нь эхлэх байх. Оршин суугчдын зүгээс хол зам туулж, сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээ зөөж байна гэж гомдол ирүүлдэг.

Хорооны нутаг дэвсгэрт 5600 гаруй иргэн амьдардаг. Эдгээрээс түр оршин суугч 1000 гаруй байдаг. Сургууль, цэцэрлэгт 100 гаруй хүүхэд энэ онд суралцаж байна.

Хорооны харьяаллын хоёр цэцэрлэгт багачууд суралцдаг бол сурагчид Баянгол дүүргийн харьяа 19 дүгээр сургуульд суралцдаг. Шинээр зам тавих "Энигма" компанийн талаар мэдээлэлгүй байна. Засаг дарга мэдээлэл өгөх боломжтой гэв.

 

Гэрэл зургийг Ч.Дарханбаяр   

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-04-01 66.181.190.50

өөрсдөө яах гэж энэ газрыг сонгосон юм ??? Ер нь хэн хүүхэд гарга гэсэн юм өөрсдийхөн асуудал шд

Avatar

ХОТЫН ИРГЭН 2024-04-01 103.212.119.219

та нарыг эмээлтэд хэн хүчээр авчирсан юм бэ. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгчийн үлгэр ярихаа больцгоо. Одоо Партизаныхан бас босох юм байна л даа. Хаанаас хэн ирснийг чинь бас мэднэ шдээ. Байр байранд чинь тавьж болно шдээ. Гар бариад бугуй барив гэгчээр битгий давар молекулууд аа. Та нар зүгээр л улс төрчдийн золиос за, хол явахгүй. Хөдөө талдаа очоод тааваараа сайхан амьдар.

Avatar

Зочин 2024-04-01 103.212.162.43

Энэ хүүхдүүд хүмүүсийн буруу байхгүй энэ 30 гаран жилын төрын ажил

Avatar

Нэргүй 2024-04-01 37.130.229.149

Баахан дутуугийн комплексууд ядаж бхад Күүхэд нтр төрүүлнээ бас! Наад балай "алтан гадас" төмрийн сэгээ болиулаач, хүүхдийн мөнгө, ээжийн мөнгө чигшиг

Avatar

Нэргүй 2024-04-01 202.131.225.53

хураана нураана гэж попорч байхаар энэ сургуулиа дуусгана уу даа олон хүүхэдэд буян болно шүү

Avatar

Нэргүй 2024-04-01 66.181.161.40

Иргэдийнхээ төлөө явдаггүй хорооны ЗД -ыг огцруулж СХД-ийн ЗД-ыг Эмээлтэд томилэ ажлуулан хүүхдийн асуудлыг шийдээч Нямбаатар даргаа

Avatar

Нэргүй 2024-04-01 202.21.109.26

ямар новшын нөхцөлд хүүхдүүдийг сургаад байгаам бэ

Avatar

иргэн 2024-04-01 66.181.160.68

эмээлтын газрыг хэн зарж дуусгасан бэ

Avatar

Нэргүй 2024-04-01 103.10.23.120

Төмөр замын 20 р сургуульд сурдаг байсан хуучин бол. Төмөр замын сургууль нь дотуур байртай байсан даа.

Avatar

Нэргүй 2024-04-01 103.168.34.172

Шинэ сургууль ,зам.!?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж