Шувуу өвдсөн ч өндөг аюулгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Шувуу өвдсөн ч өндөг аюулгүй

Хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салш­гүй нэг хэсэг. Энэ ч утгаараа ард иргэдийн сэрэмж болгоомжлол, эрх бүхий байгууллагын хүчин чармайлт хүнсний салбарт юунаас ч илүү чухал.  Сүүлийн хэдэн сард энэ төр­лийн асуудал тасралтгүй гарсаар хэд­хэн өдрийн өмнө Сүхбаатар аймагт Шүлхий, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт тарваган тахал, Хан-Уул дүүрэгт шувууны гоц халдварт Ньюкасл өвчин бүртгэгдлээ. Ёстой л нөгөө “уусан болгоноос хор­дох, хүрсэн болгоноос бэртэх”-ийн хэлцийг сануулах мэт. Азаар нөх­цөл байдалд цаг алдалгүй дүгнэлт өгчээ. Шүлхий болон тарваган та­хал өвчний голомтод шуурхай ар­га хэмжээ авч, хөл хорио тогтоон ажиллаж байгааг ОБЕГ-аас би­дэнд өчигдөр мэдээлсэн. Харин Ньюкасл хэмээх шувуунаас хүнд халд­варлах вирусын хувьд энэ төр­лийн өвчин анх удаа манайд бүрт­гэгдээд байгаа. Энэ өвчин хүнд халдах өндөр магадлалтай бө­гөөд нүдний салст бүрхэвчийг гэмтээх, томуу хэлбэрээр илэрдэг аж. Тиймээс амьсгалын замаар тархдаг хор уршигтай энэ өвчнийг даруйхан дарж авахын тулд шуурхайлан ажиллаж байгааг бидэнд өчигдөр мэдээллээ. Гол нь дээрх өвчин илэрсэн бүс нутагт нийслэлийн өндөгний 80 хувийг нийлүүлдэг байгууллагууд байдаг учраас иргэдийн дунд айдас үүсч буй. Үүнийг  зарим томоохон зах, дэлгүүрүүдэд өндөг борлуулдаг хүмүүс ч  хэлж байна. Тэд “Сүүлийн өдрүүдэд иргэд өндөг худалдан авахдаа ихээхэн болгоомжтой хан­­дах болсон. Шинжилгээний бич­­­гийг үздэг болсон. Гэсэн ч бор­луу­лалт хэвийн байгаа” хэмээн “Бөмбөгөр” худалдааны төвийнхөн хэлсэн юм. Гэтэл иргэд үүнээс тэс ондоо хариултыг бидэнд өгч байв. Ямартай ч иргэд шинжилгээний хариу гартал ойрын хэдэн өдөртөө л өндөг идэхгүй гэж байлаа. 

ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газраас одоогийн нөхцөл байдлыг тодруулахад, “Холбогдох газруудаас 35 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч “Нионшель” ХХК-ийн 3500 метр квадрат, “Бөхөг” ХХК-ийн 8500 метр квадрат талбайг ариут­галын бодисоор тус тус ариут­гасан. Одоо дүүргийн мал эмнэлэ­гийн бүрэлдэхүүн өвчний голомтод үргэлжлүүлэн ажиллаж байна” гэсэн хариултыг өгсөн юм. Мөн шин­жилгээний явцад “Нионшель” ком­паниас худалдаанд өндөг гар­гаагүйг баталж, гаргахаар зэхэж байсан 1600 гаран өндгийг устгасан болохоо мэдэгдлээ. Тиймээс алба­ны хүмүүсийн хэлж буйгаар ард иргэд өндөг худалдан авахад са­наа зовинох хэрэггүй ажээ. Ха­рин тахианд өвчин үүсгэсэн байж болзошгүй гэх таамаглалыг тавиад байсан  тэжээлийг лабораторын шинжилгээнд оруулсан байна. Энэхүү тэжээлийг “Нион­шель” компани БНХАУ-аас оруулж иржээ. Тэжээлэнд хийж буй шин­жилгээний хариу энэ долоо хоногт багтан гарна.
 
Хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр болно. Хүүхдүүд Үдийн цайндаа орж эхэлнэ. Аймаг, нийс­лэлд олон  хүүхэд үдийн цайнд хордсон ард иргэдийн дунд түг­шүүрийг бий болгож байсан цаг саяхан. Баярын хундага архи үх­лийн хор байсныг мэдээгүй амиа алдсан хүмүүсийг ч бид мартаагүй. Ард иргэд хоолыг хор болгодог хариуцлагагүй хүмүүс, аж ахуйн нэгжүүдийг анхааралдаа  авч хүнсний бүтээгдэхүүний чанар, аюул­гүй байдалд санаа тавих хэрэг­тэй хэмээн үзэж байгаа ажээ.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газрын дарга, тэргүүн ахмад Д.Төрбат:

-Одоо энэ өвчнөөс айх  хэрэггүй. Шувууны ньюкасл өвчин нь өвчтэй ба үхсэн шувуу, тэдгээрийн сангас, шу­вууны байрны тоног хэрэгсэл зэ­рэг зүйлээр халдварлаж болно. Гэ­сэн ч бид нөхцөл байдлыг бү­рэн хяналтдаа авсан байгаа. Өвч­ний голомтот газрыг ариутгаж, халд­­варгүйжүүлэлт хийсэн. Улс, нийслэлийн  мэргэжлийн хянал­тын газар, Онцгой байдлын ерөн­хий газрын мэргэ­жилтнүүд газар дээр нь ажиллаж байгаа. Өвчний шалт­гааныг одоо ха­раахан мэдээлэх бо­лоогүй. Хэ­дийгээр тэжээлээс бол­сон гэж байгаа ч энэ нь зөвхөн урьд­чилсан таамаг төдий л зүйл. Шинжилгээний хариу гарах үед мэдээлэх болно.

Иргэн Л.Цэрэндолгор:
-Хүнсний аюулгүй байдал үнэ­хээр хэцүү байгаа. Шувууны өвчин гарсан гол шалтгааныг хятадаас оруулж ирсэн тэжээлтэй холбож тайлбарлаж байгаа юм билээ. Тэгэ­хээр хил, гаалиар орж ирж буй бараа бүтээгдэхүүнийг сайтар шалгаж байх хэрэгтэй. Одоо бол манайд ямар ч баталгаа, стандарт байхгүй гэхэд болно. Ер нь тэгээд мах, гурилаас өөр идэх юм олдохгүй л болж байх шиг байна. Хүүхдэдээ ойрын хэдэн өдөртөө өндөг авч болохгүй гэж захисан.

Иргэн Д.Батмөнх:
-Манай улсын иргэд өмсөх зүүх, идэж уух зүйлийнхээ ихэнхийг хятадаас авах юм. Юу ч аваад байгаа юм бүү мэд. Тэрийг нь хянаж, шалгаж байна уу гэдэгт ч эргэлзэх боллоо. Импортын бүтээгдэхүүний чанар их муу байна. Гэтэл одоо үндэсний, дотоодын бүтээгдэхүүний чанар ч гэсэн муудаад байна шүү дээ. Архинаас болж олон хүн хордож байсан. “Үдийн цай” хөтөлбөрийн хүнснээс ч гэсэн олон хүүхэд хорд­сон. Одоо шувууны өвчин гарлаа. Хүн өвчлөхгүй гэх  баталгаа байх­гүй. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэр­лэдэг газруудад шалгалт хийж, чанар, найдвартай байдлыг хангах асуудал маш чухал.

Иргэн Х.Түвшинтөр:
-Хятадаас орж ирж байгаа бү­тээгдэхүүнийг сайтар хянаж шал­гах хэрэгтэй. Шувууны өвчин үүс­сэнээс болж олон хүн өндөг идэхээс болгоомжилж байгаа. Үнэхээр айхгүй байхын арга алга. Уг нь монголчууд мах, гурилтайгаа байхад алзахгүй. Сүүлийн үед бол­сон, болоогүй олон юм орж ирдэг болж. Түүнээс нь хордох нь ч ихэсчээ. Монгол хүн монголоороо байх нь хамгийн чухал. Энэ шувууны өвчин урд хөршийн бодлого байхыг ч үгүйсгэхгүй. Агаар дуслын замаар хүн, амьтанд халдварладаг боло­хоор холбогдох байгууллагууд нь энэ тал дээр анхаарах хэрэгтэй байна.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж