
ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газраас одоогийн нөхцөл байдлыг тодруулахад, “Холбогдох газруудаас 35 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч “Нионшель” ХХК-ийн 3500 метр квадрат, “Бөхөг” ХХК-ийн 8500 метр квадрат талбайг ариутгалын бодисоор тус тус ариутгасан. Одоо дүүргийн мал эмнэлэгийн бүрэлдэхүүн өвчний голомтод үргэлжлүүлэн ажиллаж байна” гэсэн хариултыг өгсөн юм. Мөн шинжилгээний явцад “Нионшель” компаниас худалдаанд өндөг гаргаагүйг баталж, гаргахаар зэхэж байсан 1600 гаран өндгийг устгасан болохоо мэдэгдлээ. Тиймээс албаны хүмүүсийн хэлж буйгаар ард иргэд өндөг худалдан авахад санаа зовинох хэрэггүй ажээ. Харин тахианд өвчин үүсгэсэн байж болзошгүй гэх таамаглалыг тавиад байсан тэжээлийг лабораторын шинжилгээнд оруулсан байна. Энэхүү тэжээлийг “Нионшель” компани БНХАУ-аас оруулж иржээ. Тэжээлэнд хийж буй шинжилгээний хариу энэ долоо хоногт багтан гарна.
Хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр болно. Хүүхдүүд Үдийн цайндаа орж эхэлнэ. Аймаг, нийслэлд олон хүүхэд үдийн цайнд хордсон ард иргэдийн дунд түгшүүрийг бий болгож байсан цаг саяхан. Баярын хундага архи үхлийн хор байсныг мэдээгүй амиа алдсан хүмүүсийг ч бид мартаагүй. Ард иргэд хоолыг хор болгодог хариуцлагагүй хүмүүс, аж ахуйн нэгжүүдийг анхааралдаа авч хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд санаа тавих хэрэгтэй хэмээн үзэж байгаа ажээ.
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газрын дарга, тэргүүн ахмад Д.Төрбат:
-Одоо энэ өвчнөөс айх хэрэггүй. Шувууны ньюкасл өвчин нь өвчтэй ба үхсэн шувуу, тэдгээрийн сангас, шувууны байрны тоног хэрэгсэл зэрэг зүйлээр халдварлаж болно. Гэсэн ч бид нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа авсан байгаа. Өвчний голомтот газрыг ариутгаж, халдваргүйжүүлэлт хийсэн. Улс, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж байгаа. Өвчний шалтгааныг одоо хараахан мэдээлэх болоогүй. Хэдийгээр тэжээлээс болсон гэж байгаа ч энэ нь зөвхөн урьдчилсан таамаг төдий л зүйл. Шинжилгээний хариу гарах үед мэдээлэх болно.
Иргэн Л.Цэрэндолгор:
-Хүнсний аюулгүй байдал үнэхээр хэцүү байгаа. Шувууны өвчин гарсан гол шалтгааныг хятадаас оруулж ирсэн тэжээлтэй холбож тайлбарлаж байгаа юм билээ. Тэгэхээр хил, гаалиар орж ирж буй бараа бүтээгдэхүүнийг сайтар шалгаж байх хэрэгтэй. Одоо бол манайд ямар ч баталгаа, стандарт байхгүй гэхэд болно. Ер нь тэгээд мах, гурилаас өөр идэх юм олдохгүй л болж байх шиг байна. Хүүхдэдээ ойрын хэдэн өдөртөө өндөг авч болохгүй гэж захисан.
Иргэн Д.Батмөнх:
-Манай улсын иргэд өмсөх зүүх, идэж уух зүйлийнхээ ихэнхийг хятадаас авах юм. Юу ч аваад байгаа юм бүү мэд. Тэрийг нь хянаж, шалгаж байна уу гэдэгт ч эргэлзэх боллоо. Импортын бүтээгдэхүүний чанар их муу байна. Гэтэл одоо үндэсний, дотоодын бүтээгдэхүүний чанар ч гэсэн муудаад байна шүү дээ. Архинаас болж олон хүн хордож байсан. “Үдийн цай” хөтөлбөрийн хүнснээс ч гэсэн олон хүүхэд хордсон. Одоо шувууны өвчин гарлаа. Хүн өвчлөхгүй гэх баталгаа байхгүй. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газруудад шалгалт хийж, чанар, найдвартай байдлыг хангах асуудал маш чухал.
Иргэн Х.Түвшинтөр:
-Хятадаас орж ирж байгаа бүтээгдэхүүнийг сайтар хянаж шалгах хэрэгтэй. Шувууны өвчин үүссэнээс болж олон хүн өндөг идэхээс болгоомжилж байгаа. Үнэхээр айхгүй байхын арга алга. Уг нь монголчууд мах, гурилтайгаа байхад алзахгүй. Сүүлийн үед болсон, болоогүй олон юм орж ирдэг болж. Түүнээс нь хордох нь ч ихэсчээ. Монгол хүн монголоороо байх нь хамгийн чухал. Энэ шувууны өвчин урд хөршийн бодлого байхыг ч үгүйсгэхгүй. Агаар дуслын замаар хүн, амьтанд халдварладаг болохоор холбогдох байгууллагууд нь энэ тал дээр анхаарах хэрэгтэй байна. Т.УРАНГЭРЭЛ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм сонин