Сурвалжлага: Эмч тандаа баярлалаа

Сурвалжлага: Эмч тандаа баярлалаа

Сурвалжлага: Эмч тандаа баярлалаа

Өнөөдөр олон улсын эмч нарын өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд эрүүл мэндийн салбарын 2500 гаруй төлөөлөл чуулж салбарын үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, ололт амжилт, туршлагаа хуваалцах "Эмч танаараа бахархъя-2024" арга хэмжээ боллоо.

Монгол Улс дэлхийн эмч нарын өдрийг эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан эмч нарыг алдаршуулах, эмчийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, дэлгэрүүлэн таниулах зорилготой олон талт үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг. Энэ жил мөн өргөн хүрээнд салбарын асуудал, ололтыг хэлэлцэж, шат дараатайгаар хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг танилцууллаа.

ЭД ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН БАРИЛГЫН 142 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВТ ТУСГАСАН НЬ НЭГ АМЖИЛТ 

Эрүүл мэндийн сайд С.ЧИНЗОРИГ:

-Эмч нарын нийгэм, хувь хүний амьдралд оруулсан хувь нэмрийг дэлхий нийт, улс орон, гэр бүл, хувь хүн бүгд хүлээн зөвшөөрдөг. Бүх улс орнууд эрүүл мэндийн салбарынхныг хөдөлмөр зүтгэл, эмчийн нинжин сэтгэл, мэргэжлийн ур чадварыг өндрөөр үнэлдэг гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд цаг наргүй зүтгэж байгаа анагаах эрдэм мэдлэг, авьяас туршлага хосолсон эмч нартаа олон улсын эмч нарын өдрийн мэндийг хүргэе.

Эрүүл мэндийн салбарт онцлох олон ололт амжилт гарч байна. Тухайлбал, Зооноз өвчин судлалын үндэсний төв болон бусад томоохон эмнэлэг, төвүүдийн зарим эмч мэргэжилтнүүдэд мэргэжлээс шалтгаалах өвчний нэмэгдэл олгодог болж байгаа. Энэ бүхэн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийг үр бүтээлтэй, ая тухтай ажиллахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалтуудын хэмжээг сүүлийн үед тасралтгүй нэмж байгаа. 2024 оныг өнгөрсөн жилтэй харьцуулахад эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ 48 хувиар өссөн. Мөн олон жил яригдаж ирсэн эд эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгыг 142 тэрбум төгрөгийн төсөвтэй барихаар улсын төсөвт тусгасан.

Хөдөөгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийг хийж байна. Сумын эрүүл мэндийн байгууллагуудын автомашинуудын 50 хувийг шинэчилж, туулах чадвар сайтай болгохоор зорьж байгаа. Ингэхдээ хүнд болон хэвтрийн өвчтөн зөөвөрлөх боломжтой зориулалтын автомашинаар хангана. Үлдсэн 50 хувийг ирэх 2025 онд хангахаар төлөвлөж байна.

Цаашид төрөөс иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ чанартай, хүртээмжтэй хүргэх, салбарт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн ажиллаж амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлж ажиллана.

Эрүүл мэндийн яамнаас салбарын нийт эмч, мэргэжилтнүүдээс ирж буй санал, шүүмжийг нээлттэй хүлээж авч, шуурхай шийдвэрлэж ажиллахыг зорьж байгаа.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ ДАВАА ГАРИГААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.БАЯРБОЛД:

-Олон улсын эмч нарын өдрийн мэндийг нийт эмч, эмнэлгийн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүддээ хүргэе. Энэ жилийн эмч нарын өдөр урьд урьд жилүүдийнхээс илүү өргөн хүрээг хамарч байна. Тухайлбал, Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд өнөөдөр чуулж байна. Өнөөдөр баярын үйл ажиллагаа гэхээс илүүтэй салбарт тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх гарц гаргалгааг хэлэлцэж байгаа. Орон нутгаас ирсэн эмч нар маань дөрвөн хэсэгт хуваагдаж, салбарын дөрвөн хэлэлцүүлэгт оролцоно.

Энэ удаагийн "Эмч танаараа бахархъя-2024" арга хэмжээний нэг онцлог нь Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг УИХ-ын дэд дарга Эрүүл мэндийн сайдад гардуулж өглөө.

2024 оны нэгдүгээр сарын 12-нд УИХ-ын чуулганаар тус хуулийг соёрхон баталсан. Ирэх Даваа гаригаас буюу дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль анхдагч хууль гэдгээр онцлогтой. Нийгмийн эрүүл мэндийн гол гол тусламж үйлчилгээ буюу нэгдүгээрт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцооны хувьд хуульчилж заасан. Монгол Улс өнөөдөр нийт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дөнгөж 20 хүрэхгүй хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ буюу анхан шатандаа зарцуулж байна. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлснээр эрүүл мэндийн салбарын санхүүжилт, тогтолцоог мөн зохицуулж байгаа. Ингэснээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас үндэсний түвшин хүртэл УИХ, Засгийн газар хүртэл нийгмийн эрүүл мэндийг хэрхэн яаж тодорхойлох, бүтэц, үйл ажиллагаа ямар байх вэ? гэдгийг хуулиар тодорхойлж өгсөн.

Мөн хэрэгжиж эхлэх хуулийн нэг гол зүйл нь иргэдийг өвчлөхөөс өмнө нь урьдчилж сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрийг төрийн бодлогын хэмжээнд авч үзэх юм.

Эдгээрээс гадна нийгмийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа боловсон хүчнүүдийн нийгмийн баталгааны асуудлыг ч тусгаж өгсөн цогц хууль гэдгийг онцлох нь зүйтэй.

УЛСЫН ХЭМЖЭЭНД 56 МЯНГАН ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Эмч нарын өдрийг 1933 оны гуравдугаар сарын 30-нд АНУ-ын мэс заслын эмч нар мэргэжил нэгт эмчдээ хүндэтгэл үзүүлэхээр анх тэмдэглэсэн түүхтэй. Харин Монгол Улсын тухайд өнгөрсөн жилээс Засгийн газар, Эрүүл мэндийн яамны санаачилгаар эмч нараараа бахархах, тэднийг дэмжих, тулгамдсан асуудлыг нь шийдэх, гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх ажил хэрэгч байдлаар тэмдэглэж эхэлсэн. Гэхдээ арга хэмжээг зөвхөн баяр биш эрүүл мэндийн салбарын тухай яриа өрнүүлж, хийж хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар мэдээлэл сонсч, тулгамдсан асуудлаараа санал бодлоо чөлөөтэй солилцоход ач холбогдол өгч зохиож байгаа нь онцлог байна.

Эрүүл мэндийн салбарт хамгийн чухал нь эмч мэргэжилтнүүд төдийгүй тэдний ур чадвар. Мөн эмч мэргэжилтнүүдийн тоо өсөх нь их чухал.

Монгол Улсын хэмжээнд 4500 гаруй эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 14 мянга орчим их эмч, нийт 56 мянга гаруй эрүүл мэндийн ажилтнууд хүн амын эрүүл мэндийн төлөө зүтгэж байгааг салбарын сайд мэдээллээ. Эрүүл мэндийн салбарын их эмчийн статистик мэдээгээр:

  • Эмэгтэй их эмч 11585 буюу 77,3 хувь,
  • Эрэгтэй их эмч 3394 буюу 22,7 хувийг эзэлж байна.

Их эмч нарын 66 хувь нь Улаанбаатарт ажиллаж байгаа бол 34 хувь нь орон нутагт ажиллаж байгаа юм. Эмнэлгийн төрлөөр авч үзвэл их эмч нарын 39,3 хувь нь хувийн эмнэлэгт, 19,8 хувь нь аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд, 16,9 хувь нь өрх, сумын эрүүл мэндийн төв, 13 хувь нь бусад эрүүл мэндийн байгууллага, 11 хувь нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд ажиллаж байгаа статистик гарчээ.

Өнөөдрийн арга хэмжээнд оролцогчдын зүгээс сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, салбарын асуудлаа жил бүр ийн хэлэлцэх нь зүйтэй болохыг хэлж байлаа.

Нийт 2500 гаруй оролцогчтой “Эмч танаараа бахархъя-2024″ арга хэмжээнд нийслэл, орон нутгийн эмч мэргэжилтнүүдээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурлын гишүүд, Эрүүл мэндийн сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улс дахь Нэгдсэн үндэстний байгууллагын төрөлжсөн байгууллагын төлөөлөл оролцсон нь зөвхөн салбарын асуудлыг ярихаас илүүтэй бодит шийдэл гаргалгааг тодорхой болгоход чиглэснийг илтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хуульч 2024-03-30 103.212.119.219

Эмч нартаа баярлахаас өөр яахав дээ. Тэнхээ тамиргүй болчихоод, эмнэлэгийн орон дээр тарчилж хэвтэхэд чинь таны дэргэд ээжээс чинь өмнө ЭМЧ хүн л зогсож байх вий.Эмч нартаа би хайртай. 68 жил амьдарсан би эмч нарынхаа ачаар л амьд явж ирлээ. Одоо өвдөж зовох юм алга, өвдвөл эмчдээ л очино гэж боддог. Өлгий авс хоёрыг бүгдээрээ дамждаг хорвоод… Эхээс унахад чи эмчийн гар дээр л унасан, Эцсийн амьсгалаа хураах мөчид эмч л эцэсээ хүртэл сэтгэлээ хямрааж зогсоноо. Би хуульч.

Avatar

зочин 2024-03-30 202.131.227.179

Эрүүл мэндийн салбарт мөнгө илүү зарцуулах улс төр хэрэггүй, Цалин нэмээд ч хэрэггүй ,Юмны үнэ өснө, Ямарч бодлого байхгүй төсвийн мөнгө уйлахгүй байгааг удаан харлаа.Их хуралд гарахын тулд хоосон зүйл ярих хөөргөх хэрэггүй, Гагцхүү эх орноо нам гэлгүй хөгжүүлэх нэг зүгт хар

Avatar

Зочин 2024-03-30 192.82.92.42

Эмч нартаа баяр хургэе! Хууль нь л сайн гараасай, боловсролынх шиг болчих бий!!!

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2024-03-30 66.181.178.185

Ашгийг хэд байхыг хэн ч заахгүй, үнэ нэмэхийг хориглосон ямар ч хууль байхгүй гэж Алтантариа компаний захирал Цэнгүүн гэгч томорчээ.Сонгуулийн өмнө ард иргэдийн сэтгэл санааг үймүүлэх гэж үгсэн хуйвалдаж үнэ нэмдэг иймэрхүү этгээдийг яалтай ч билээ. ГУРИЛЫГ НЬ ХУДАЛДАН АВАХАА БОЛЬЦГООЁ. Хямд орос гурилаа авцгаая. Ингэвэл энэ гурилын үйлдвэрийн эзэд иргэд биднийгээ мөлжих нь багасна биз

Avatar

Нэргүй 2024-03-30 66.181.183.169

Монголын их эмч нар өвчтнүүдийгээ алж байж, бах нь ханадаг. Монголын их эмч нарын цалинг битгий нэмцгээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж