АНУ-ын зүүн эргийн хамгийн хөл хөдөлгөөнтэй Балтимор боомт дахь Фрэнсис Скотт-Ки гүүрний нэг баганыг Мягмар гаригийн 01:30 цагийн үед чингэлэгт усан онгоц мөргөснөөр гүүр нурсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Гүүрээр тухайн үед зорчиж байсан машинууд болон 20 орчим хүн гол руу унасан.
Тэгвэл энэ том ослын дараа усан онгоцны сэгийг зайлуулж, гүүрийг цэвэрлэх төлөвлөгөөг Мэрилэнд мужийн захирагч Уэс Мур танилцууллаа. Гүүрийг цэвэрлэхийн тулд Байдены засаг захиргаа яаралтай тусламжийн сангаас 60 сая ам.доллар зарцуулахаар баталжээ.
"Дали" нэртэй чингэлэгт хөлөг нь 288.95 метр өндөртэй бөгөөд Эйфелийн цамхагтай бараг тэнцүү аж.
Мэрилэнд мужийн захирагч Уэс Мур нөхцөл байдлыг 2021 онд Суэцийн сувагт гацсан ачааны хөлөг онгоцыг зайлуулахад таван долоо хоног зарцуулсан хэрэг явдалтай харьцуулжээ. Гэвч энэ удаад гүүр хөлөг онгоцны дээр нурснаараа ялгаатай. Өөрөөр хэлбэл, хөлөг онгоцны дээр 3000-4000 тонн ган төмөр унасан гэсэн үг юм.
Өдгөө ослын газарт АНУ-ын армийн инженерүүдийн корпусын 32 ажилтан, Тэнгисийн цэргийн 38 гэрээт ажилтан үүрэг гүйцэтгэж байна. Баасан гаригт 1000 тоннын даацтай кранаар онгоц, гүүрний сэг, төмрийг зайлуулжээ.
"Дали" хөлөг онгоц олон мянган чингэлэг тээвэрлэж явснаас 56 нь аюултай ачаа тээвэрлэж явсан байна. Үүнд, лити батерей, үнэртэй ус зэрэг зүйл багтжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ