Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлага, нэвтрүүлэг бүхий контент дөрвөн өдрийн хугацаанд арилжааны 14 телевизийн оргил цагаар 15 удаа цацагдахаар товлогдсон. “Улаанбаатараас ярьж байна” гэх уг контент өнгөрөгч Пүрэв гаригаас өргөн нэвтрүүлгүүдийн телевизүүдээр цацагдаж эхэлсэн агаад гол агуулга нь Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу чиглэжээ.
МАН 2016 оноос тасралтгүй найман жил үнэмлэхүй олонхоор засаглаж байгаа юм. Үүний гурван жилд /2021 оны нэгдүгээр сар 27-нд томилогдсон/ Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалыг тэргүүлж буй юм. Тиймээс Засгийн газрынхаа өнгөрсөн гурван жилд хийсэн ажлаа тайлагнасан түүний ярилцлага үнэндээ үзэгчдийг багагүй залхааж, олон нийтээс хасах оноо цөөнгүй зулгаав. Уг контент нэрнээсээ л /Улаанбаатараас ярьж байна/ социализмын үнэр “шингэсэн/, үзэл суртлын нэвтрүүлэг болсныг олон нийтийн сүлжээнд шүүмжлэх хүмүүс цөөнгүй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэвтрүүлгээрээ “Эрдэнэт”-ийн 49 хувь, С.Зоригийн үхэл, МАН-ын хуваагдал, Н.Энхбаярыг авлигын хэргээр шүүхээс ялласны ард АН болон Ц.Элбэгдорж байсныг нэр цохон заасан.
Энэ бүгдэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж олон долоон тайлбар хэлэлгүй, товч, тодорхой үгээр хариу барилаа хэмээн жиргээчид жиг жуг гэлцэж байна. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь эсрэг гүтгэлэгт тэрбээр Рокит Бэй-гийн “Blaavgai” дуугаар "дисс"-лэв гэдгийг жиргээчид онцолжээ.
Уг дуунд:
"Би чиний өдрийн бодол, шөнийн зүүд.
Би чиний толгой дотор амьдарчийна, түрээсгүй.
Нэрнээс минь үртэс олж аваад арай гэж тэр амаа тосдоно.
Өдий болтол өөрийн хүчээр гарч ирж чадаагүй.
Надаас болж чамайг олсон.
Би үхсэн карээрийг чинь амилууллаа.
Гаднаа гяланцаг, дотроо паланцаг.
Өөрийгөө ч олоогүй өт.
Энэ бол чиний байх салбар биш.
Өөрийнхөө доторхыг дурандаасай.
Миний карээр бол нар, чинийх бол дэнлүү.
Надаар тэр өвчилсөн, миний дүү сэтгэл зүйн эмчээр явах уу!
Нэрийг минь хэлэхээ болингуут л үхнэ, түүний ялааны настай замнал.
Би чиний толгой дотор, толгой дотор амьдарчийна. Түрээсгүй.
За ах нь одоо ингээд ажлаа хийе. Өөрийгөө гоё хөгжүүл за юу.." гэж өгүүлдэг. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Л.Оюун-Эрдэнийн толгой дотор амьдарч байна гэдгээ ийнхүү илэрхийлсэн нь энэ бололтой.
Холбоотой мэдээ