Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ. Хэдийгээр УИХ-ын нэгдсэн чуулганд оролцсон гишүүдийн дийлэнх нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн боловч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тиймээс хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос зарим зүйлийг тодрууллаа.
-Ардчилсан намын бүлгийн гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхэд оролцох боломжгүй гэдгээ илэрхийллээ. Үүний шалтгаан нөхцөлийг юу гэж харж байна?
-Ардчилсан нам уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар тав хоногийн завсарлага аваад завсарлагын хугацаа өнөөдөр дууссан. Гэсэн хэдий ч өнөөдөр хэлэлцэх эсэх асуудалд оролцох боломжгүй гэдгээ илэрхийллээ. УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу олонхоороо асуудлыг хэлэлцээд хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхийг нь дэмжиж, Хууль зүйн байнгын хороо руу шилжүүллээ. Ардчилсан намын бүлгийн гишүүд хоёр санал хэлж байна. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг Үндсэн хуульд зөвхөн эгүүлэн татах талаар заасан байхад ҮХЦ-ийн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг нарийвчлан оруулж ирлээ гэж яриад байгаа юм. Гэтэл яг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг түдгэлзүүлэх асуудал тусгагдсан. Нэг ёсондоо энэ заалт 32 жилийн турш одоо ч хүчинтэй байгаа зүйл.
Өөрөөр хэлбэл, 32 жил хэрэгжсэн заалтыг тэр чигээр нь оруулаад ирэхээр Үндсэн хууль зөрчсөн гэсэн тайлбар тавьж байгаа нь ойлгомжгүй асуудал. Энэ бол Үндсэн хуулийн цэцийн гишүүн ямар нэгэн асуудалд орооцолдсон тохиолдолд нарийвчилж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг нарийвчлан тусгаж өгөхгүй бол ҮХЦ-ийн гишүүний халдашгүй бүрэн эрхийг хамгаалж байгаа асуудал.
ҮХЦ-ийн гишүүн төрийн өндөр дээд албан тушаалтнаас ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлэх магадлал өндөр байдаг. ҮХЦ-ийн гишүүд нарийн, эмзэг шийдвэр гаргадаг учраас Үндсэн хуулийн цэцийн гишүүний халдашгүй байдлыг хамгаалахгүй бол аюултай байдал үүснэ. Энэ асуудлыг буруугаар ойлгочихоод байгаа юм. Хоёрдугаарт, одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, гурвыг нь дээд шүүхээс санал болгодог. Улсын дээд шүүхээс санал болгосон хүнийг УИХ хэлэлцээд томилох эсэхийг шийдвэрлэдэг. Тэгвэл одоо өргөн барьсан хуулийн төсөл дээр Улсын дээд шүүхийн шүүгчид ҮХЦ-ийн гишүүнээр томилох хүнээ гаднаас хайж байхаар Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа 24 хүн дотроосоо нэрийг нь дэвшүүлдэг байх зүйл заалт оруулсан.
Холбоотой мэдээ