УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2024.03.29/ Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлах үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат дараах асуудлыг хөндлөө.
Тэрбээр “Олон улсын гэрээ конвенцид нэгдэх асуудал нь чухал. Дотоодын хууль тогтоомж шиг үйлчилдэг гэж ойлгож байгаа. Нөгөө талаар олон улсын зээл тусламжийг бид их авч байгаа. Хөгжсөн орнууд ээл тусаламж үзүүлдэг. Хүнд хэцүү цаг үед Япон улс хуурай сүү, цэнхэр автобус гээд маш олон зүйлээр тусалсан. Энэ бүх тусламж Монголын ард түмний сэтгэлд үлдсэн.
Covid-19 -ын үед “Ковакс” хөтөлбөрт хамрагдахад сайн чанарын вакциныг Япон улсын Засгийн газар, ард түмэн нийлүүлж, тусламж үзүүлсэн. Социализмын үед гадаадын олон орон олон сайхан үйлдвэрийг Монголд байгуулж өгсөн.
Саяхан ч гэсэн Замын-Үүдийн хилийн боомтыг Хятадын Засгийн газар, ард түмний буцалтгүй тусламжаар өргөжүүлсэн. Тус улсын Засгийн газар 290 тэрбум төгрөгийг гаргаад, манайх 10 хэдэн тэрбумыг гаргаад энэ ажлыг хийсэн.
Засгийн газар, МАН баярлалаа гэдгээ хэлэхгүй юм. Дахин, дахин л баярлалаа гэдгээ хэлэх ёстой. Өөрсдөө хийж гийгүүлээд байгаа юмгүй байгаа шүү дээ. Гадаадын тусламжаар боссон юмаа ил тод зарлаад ард түмэнд ойлгуулаад явбал дараа дараагийн тусламж орж ирэх боломж нээгдэнэ.
Олон улсын байгууллагад манай иргэд ажиллаад эхэлсэн. Их сайн. Тухайлбал, Гааг/Олон улсын шүүх/ -ийн эрүүгийн шүүхэд манай шүүгч нар эхнээсээ очиж ажиллаж байна. Гаагаас гарсан хууль тогтоомжийг Монгол Улс хэрхэн мөрддөг юм бэ. ОХУ -ын ерөнхийлөгчөөр В.Путин дахин сонгогдлоо. Гаагаас В.Путиныг дайны гэмт хэрэгтэн гээд зарлачихсан байгаа, энэ хүнийг бид нар барьж өгөх үүрэгтэй юу, үгүй юу. Конвенци нь манайд үйлчилдэг юм уу, үгүй юм уу. Конвенциороо яах ёстой вэ. Украйны хүүхдүүдийг хулгайлсныг гэмт хэрэг гэж зарласан.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчилж ирж таараа л даа. Хоёр хөрш оронтойгоо бид маш найрсаг сайхан хамтарч ажиллах ёстой. Хууль ном нь ямар байна, үйлчилдэг юм уу, үгүй юм уу. Болгоомжтой хандахгүй бол дараа нь эвгүй байдалд орох вий. Та нар нэг юм бодож л байдаг байлгүй гэв.
Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Ажлын хэсгийн бэлдсэн, тогтоол хавстралтын хүрээнд л яръя. Өөрөөр хэлбэл, олон улсын гэрээ конвенцийг соёрхон баталж нэгдэн ормогц, дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилж байна уу, тэгж үйлчилж байгаа учраас л гэрээний хэрэгжилтийг шалгаад байна уу гэж асуулаа. Тийм.
Монгол Улсын Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн гуравт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Энэ заалтын хэрэгжилт тэр бүр хангалтгүй байна. Зарим олон улсын гэрээг соёрхон батлаад тэрийг хэрэгжүүлэхийн тулд дотоодын хууль тогтоомжид шууд суулгаж байх ёстой гэрээнүүд байгаа. Зарим гэрээ дотоодын хууль тогтоомжид суулгахгүйгээр байгаа текстээрээ шууд хэрэгжиж байх ёстой байдаг. Техникийн болон орчуулгын хүндрэл гарч байгаа. Шүүх, Шүүхийн тухай хуулиараа Монгол Улсын соёрхон баталсан нэгдэн орсон гэхдээ албан ёсоор орчуулагдаж, албан ёсоор “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэн хуулийг л хэрэглэх ёстой. Тэр хуулийнхаа заалтаа бариад нийтлэхийг нь хүлээгээд байдаг, орчуулахыг нь хүлээгээд байдаг. Монгол Улс зөвхөн олон талт гэрээ конвенциороо 225 гэрээ конвенцид нэгдэн орсон. Хэвлэгдэх талд хоцргдох тал гарч байгаа. Нэгдэж орсон гэрээ конвенцийг төрийн захиргааны шүүх, хууль хяналтын байгууллагынханд ойлгуулах, сурталчлах ажил хоцрогдоод байгаа.
Олон улсын шүүхийн асуудлыг шүүхийнхэн, Гаагийнхнаас л асуух байх даа. Ажлын хэсэг энэ асуудлыг яриагүй гэв.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ