Жорыг цахимд шилжүүлснээр ямар эрсдлүүд буурах вэ

Жорыг цахимд шилжүүлснээр ямар эрсдлүүд буурах вэ

Жорыг цахимд шилжүүлснээр ямар эрсдлүүд буурах вэ

Өчигдөр өглөө ихэнх эрчүүдийн хувьд автомашины салхины шилэн дээр гагнагдаж хөлдсөн зузаан мөс цасыг цэвэрлэж байж ажилдаа явах амаргүй даалгавартай нүүр тулав. Өмнөх орой нь цас бударч, сэтгэл гэгэлзүүлж байсан бол өглөө нь зузаан мөсөөр гэнэтийн бэлэг барьсан нь энэ. Бээлийгээ өвлийн хүрэмнийхээ халаасанд хийгээд аль эрт шүүгээнийхээ булан руу шидсэн эрчүүд энэ өглөө улаан гараараа цас мөстэй үзэлцэж байхад эхнэрүүд нь урд суудал дээр тухалж, тэднийг ажиглан, нэмэр багатай ганц хоёр зөвлөгөө өгсөн шиг сууж байсан нь олонтаа.

Эндээс харвал эрчүүд л өчигдөр өглөө илүү их сорилттой нүүр тулсан мэт. Гэвч бодит байдал дээр ээжүүд илүү хүнд сорилттой нүүр тулж байна. Өөрөөр хэлбэл, энэ цас хөнгөн нимгэн хувцасласан хүүхэд багачуудад ханиад хүртээгээд буцдаг. Ард нь үр хүүхдэдээ анхаарал тавьж, эмчид үзүүлж, эм тариа болж, цас дагаж ирсэн ханиадыг дарах гол удирдагч нь яах аргагүй ээжүүд болдог.

Ер нь өвөл, хаврын улиралд өрхийн төсөвт ёс юм шиг өндөр хувь эзэлдэг зардал бол эм тарианд зориулах мөнгө юм. Олон хүүхэдтэй байх тусам энэ зардал өснө. Цэцэрлэгийн багийнхаа ээлжит ханиадыг дарах гэж 50-60 мянган төгрөг элбэг зарцуулна. Өвчин хүндэрвэл үүнээс ч өндөр зардал гардаг. Заримдаа бараг эмээр хооллох нь холгүй болдог.

Тэгвэл энэ их эмийн өндөр хэрэглээтэй цикл дунд байнга гэтэж явдаг том эрсдлээ бид төдийлөн анзаардаггүй. Энэ бол эмийн жор бичсэн цаас юм. Олон хүний хувьд алга дарам цаасыг чухалчилж үздэггүй. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудад эмийн жорд онцгой ач холбогдол өгдөг. Энгийнээр зүйрлэвэл, жор бол эмч, өвчтөн, эмийн санч гурвын дунд байгуулсан хатуу заалт бүхий гэрээ юм. Уг гэрээг хэн нь үл зөрчиж болно. Хэрэв зөрчигдвөл үр дагавар нь өвчтөний амь насаар хэмжигдэх эрсдэлтэй. Тийм ч учраас өндөр хөгжилтэй улс орнууд эмийн жорыг баталгаажуулах, хяналт тавих, биелэлтийг хангах хамгийн оновчтой механизмыг эрэлхийлсээр эцэст нь цахимжилт дээр тогтсон байдаг. Тэгвэл өчигдөр уг алхамыг бодит үйл хэрэг болгосныг сайд Н.Учрал олон нийтэд танилцуулав.

Эндүүрэл хэтэрхий өндөр төлөөстэй

Эмийн талаар мэдлэг нимгэн ихэнх аавын хувьд хүүхдэд өгөх эмийг маш сайн нягталж, дахин дахин баталгаажуулсны дараа аманд нь хийдэг. Учир нь эм бол химийн болон байгалийн гаралтай хүчтэй бодисын нийлэмж юм. Буруу эмийн хэрэглээ хүний эрүүл мэнд, цаашлаад амь настай яригдах ноцтой үр дагаварыг авчрах эрсдэлтэй. Цаасан жорын нийтлэг сул тал нь энэ. АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газрын мэдээлснээр 2000 оноос хойш тус улсад 95 мянга гаруй эмийн жорын алдаа гаргасан нь дийлэнхдээ гараар бичсэн эмийн жорыг буруу тайлж уншсанаас үүдэлтэй байжээ. Жишээ нь Brintellix бол сэтгэл санааны хямралыг эмчлэх эм. Харин Brillinta нь титэм судасны цочмог хам шинжийг эмчилдэг эм аж. Энэ хоёрыг андуурч өгвөл ноцтой үр дагаварт хүргэнэ. Харамсалтай нь эдгээр эмийг андуурч өгсөн 50 гаруй тохиолдол бүртгэгдсэн байдаг аж. Өөрөөр хэлбэл, эмч гаргацгүй бичсэн, эмийн санчийн туршлага дутсан, эмийн дагалдах мэдээллийг бөглөөгүйгээс болж эндүүрэл гарах нь түгээмэл байдаг. Харин жорыг цахимд шилжүүлснээр уг эрсдэл арилдаг. Цахим жорд эмийн нэр тодорхой харагдана. Мөн шинэ тутам гарч ирж буй бүх эмийг бүртгэлжүүлдэг тусгай программ ажиллаж эмчийн бичсэн эмтэй холбоотой, жорд байх шаардлагатай холбогдох мэдээллийг хавсаргаж өгдөг.

Эмийн харшил амь авах ч эрсдэлтэй

Дээр өгүүлсэнчлэн, эм бол хүчтэй бодисын нийлэмж юм. Тийм учраас эмч эмийн жор бичих үедээ "Харшлах эм тариа бий юу" гэж асуудаг. Хэрэв тухайн эм хүний биед үл нийцвэл ихэнх тохиолдолд богино хугацаанд хүчтэй хариу урвал үзүүлдэг. Харамсалтай нь манайд өнгөрсөн хугацаанд эмч харшлаас урьдчилан сэргийлэх мэдээллийг зөвхөн өвчтөний тийм, үгүй гэсэн хариултаар баталгаажуулж ирсэн билээ. Энэ нь үнэн хэрэгтээ баталгаагүй, ямар нэг зүйл болоход хариуцлагыг өвчтөнд өөрт нь үүрүүлсэн арга юм. АНУ-ын хүн амын 5 хүртэл хувь нь анафилакситай байдаг. Анафилакси нь хүнд хэлбэрийн, амь насанд аюултай харшлын урвал юм. Харшлах хүнс, эсвэл эм тариа хэрэглэсний дараа хүндрэлүүд хэдхэн хормын дотор маш хүчтэй илэрдэг байна. Иймд эм харшлах эсэхийг баталгаажуулж тодруулах нь жорын хамгийн чухал хэсэг байдаг. Цахим жор энэ боломжийг олгодог. Эмч цахим жороос өвчний нэг жилийн түүх, хэрэглэж байсан эм тариа зэрэг мэдээллийг харснаар эрсдлээс бодитой сэргийлнэ. Түүнчлэн, зөвхөн харшлах эм тарианаас гадна удаан ууж дадал болсон эмийг солих, эмийн гаж нөлөөнөөс сэргийлэх зэрэг олон боломжийг уг мэдээллээр дамжуулж бүрдүүлдэг байна.

Хэнэггүйтлээс үүдэлтэй эмийн архаг дутуу хэрэглээ

Монгол төдийгүй дэлхий нийт нэг зүйл дээр ихээхэн хэнэггүйтдэг аж. Эмч жор бичихдээ тухайн өвчинг бүрэн дүүрэн эдгээхэд шаардлагатай тун, хугацааг тооцож тавьдаг. Гэтэл манайхан эмчийн бичсэн эмийг бүрэн уудаггүй. Зааврыг дагаж мөрддөггүй. Эсвэл жор бичсэн цаасаа хаяад ямар эм авахаа мэдэхгүй "дашийн шог" болгоод өнгөрдөг. Заримдаа эмийн санчтай зөвлөж байгаад дур мэдэн сонголт хийх нь түгээмэл. Тэгвэл олон улсад эмийн архаг дутуу хэрэглээ гэж ойлголт явдаг аж. Өвчний шинж тэмдэг арилж эхлэхэд эмээ үргэлжлүүлэн уухаа больдог хэнэггүйтлээс үүдэлтэй нэр томъёо юм. Энэ нь вирусийг улам дархлаажуулж, өвчнийг хүндрүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлдэг байна. Тухайлбал, цусны даралт, глюкоз, холестерины эмийг бүрэн тунгаар уугаагүйгээс үүдэж зүрх судасны өвчлөл, даралт харвах, чихрийн шижин өвчний хүндрэл бий болох эрсдэл нэмэгдэнэ. АНУ-д жил бүр 200 орчим мянган хүн эмийн буруу хэрэглээний хүндрэлээс болж эмнэлэгт яаралтай хэвтэн эмчлүүлдэг байна. Манайд эмнэлгийн ачаалал өндөр, өрхийн төсөвт эзлэх эмийн зардал их байгаа нь уг хэнэггүйтэлтэй тодорхой хэмжээгээр холбоотой. Харин эмийн жорыг цахимаар олгох нь уг эрсдлийг өндөр хувиар бууруулж өгдөг нь судалгаагаар нотлогджээ. Учир нь цахим жор илүү нарийвчилсан мэдээлэлтэй, түүхтэй, мөн эмч, өвчтөн, эмийн санч гэсэн талуудыг илүү хариуцлагжуулж өгдөг учир уг нөлөөлөл нь эмийн зохистой хэрэглээг дэмжиж өгдөг байна.

Мансууруулах бодисын донтолт цаасан жороос эхлэлтэй юу

Монголчуудын толгойны өвчин болсон маш чухал асуудлыг энд хөндөе. Саяхан нэгэн хувийн эмнэлгээр үйлчлүүлж байх үед үүдний хүлээн авагч эмэгтэй толгойн өвдөлт намдаах эмнийх нь лимит хэтэрсэн тул эмийн сангууд өгөхгүй байгааг эмчдээ учирлан ярьж байгааг сонссон юм. Эмч тэр даруй утас дохиж, эм ханган нийлүүлдэг хүүгээсээ хоёр таблетийг авах боломжтойг дуулгаж байна лээ. Нэг талд толгойн өвдөлт намдаах эмтэй болсон, нөгөө талд хоёр хүнийг зуучлан тус хүргэснээр аль аль нь хожоотой мэт боловч хожмын үр дагаварыг төсөөлөхөд бэрх билээ.

Ихэнх хүний хувьд хилээр мансууруулах бодис хууль бусаар оруулж ирээд, булан тохойд нуугдаж байгаад хүүхэд залууст худалдаалснаар энэ төрлийн донтолтыг бий болгоод байна гэх ойлголттой байдаг. Улмаар энэ бүхэнтэй хууль хяналтын байгууллага үр дүн сайтай тэмцэж чадахгүй байна, яагаад мансууруулах бодисын донтолт жил ирэх бүр өсөөд байгаа юм хэмээн бухимдацгаадаг. Сүүлд нэгэн сэтгүүлч сошиалд энэ талаар бодлоо хэлсэн нь хуулийн байгууллагад эмзгээр туссан.

Тэгвэл донтолт их энгийн зүйлээс эхлэлтэй байх магадлалтай. Эмийн донтолт нь жороор бичсэн опиоид төрлийн эмийг уух, эсвэл бусад хүний авсан эмнээс хэрэглэх үеэс эхэлдэг. Опиоид нь өвдөлтийг намдаахад хэрэглэдэг эмийн бүлэг юм. Үүнд морфин, оксикодон зэрэг олон эм багтана. Тунг хэтрүүлэн хэрэглэвэл ноцтой үр дагавар, гаж нөлөөтэй тул хэмжээг нарийвчлан зааж өгдөг.  Харамсалтай нь дээр өгүүлсэнчлэн, танил талтай бол ганц утас дохиод л олох боломжтой нь замбараагүй хэрэглээг дэмжиж, донтолтын суурийг бүрдүүлж өгөөд байх магадлалтай. Ийм арга замаар донтолт бий болж, улмаар гүнзгийрч мансууруулах төрлийн бусад бодисыг хэрэглэх эхлэлүүдийг тавьж өгдөг байх боломжтой. Өөрөөр хэлбэл, анх сонирхолыг өдөөж, донтолтыг бий болгох суурь нь хяналт сул, хялбархан байгаа нь бүхний эхлэл байж мэднэ.

Тийм ч учраас уг асуудал дээр хашир туршлагатай АНУ-ын бүх мужид энэ төрлийн эм бодисыг заавал цахим жороор олгохыг шаарддаг. Яагаад гэвэл оролцогч талуудын үйлдлийг цахимаар баталгаажуулж байгаа юм. Эмч юуг үндэслэж ямар тунгаар эмч бичсэн, эмийн санч журмын дагуу хэрхэн олгосныг цахим жор архивлаад авчихана. Алдаа гаргавал ямар эрсдэл үүрэхээ мэддэг хүн илүү хариуцлагатай болдог. Яг үүнтэй адил манай улсад эмийн жорыг цахимжуулж байгаа нь мансууруулах бодисын донтолтыг хязгаарлах хамгийн том хөшүүрэг болох нь гарцаагүй.

Өөрчлөлт жижиг, томдоо бус оновчтой байх нь чухал

Эмийн жорыг цахимаар олгохтой холбоотой олон ач холбогдлоос дөрвөн сэдвийг сугалан товч тайлбарлахад ийм байна. Ер нь бид нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Эрүүл мэндийн энхийн манаанд зөвхөн эмч ганцаар зогсож, үүрэг хүлээдэггүй. Тэднийг дэмжсэн энгийн, жижиг мэт өөрчлөлтүүд нь оновчтой байж чадвал салбарын ажлыг үлэмж хэмжээгээр урагшлуулж чаддаг. Эмийн жорыг цахимжуулах явдал үүний тод жишээ. Харахад жижиг мэт өөрчлөлт боловч нөлөөлөх хүрээ хязгаар нь өргөн юм. Улстөрч аливаа хүндрэлийг суурь шалтгааныг олж харж, уйгагүй, тууштай, үр дүнтэй өөрчлөлтийг хийх нь чухал билээ. Иргэд ч мөн эмчийн бичсэн цахим жороор эмээ авч, бүрэн гүйцэд уух нь эрүүл ирээдүйгээ дэмжиж буй энгийн боловч үр дүнтэй хөрөнгө оруулалт юм. Багахан хичээцгээе.

Г.Бат

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-29 202.21.109.27

жороор бищ дураараа авдаг үeд Ёё ёо баина

Avatar

Нэргүй 2024-03-29 202.21.109.27

хөдөө багт яах вэ

Avatar

Виридэ 2024-03-29 202.21.109.27

жор баригч эмээ зардаг илүүц

Avatar

Нэргүй 2024-03-29 103.168.34.41

Манайд одоо бол эмийг эмийн худалдагч л зарж байгаа шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-03-29 122.201.31.212

ashgui dee. gehdee odoo teriigee hevlej yavuuldagaa bolichihvol. huurhii duurgiin emnelegiin yaraltai tuslamj deer bol nileed heden jil com deer shiveed printlej bgaa. teriigee emiin sanguudruu shidchihdeg bolchihvol!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж