Цэцийн тухай хуулийг дэмжин, чуулганыг өндөрлүүлэв

LiveЦэцийн тухай хуулийг дэмжин, чуулганыг өндөрлүүлэв

Цэцийн тухай хуулийг дэмжин, чуулганыг өндөрлүүлэв
11 : 59
2024-3-29

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааныг өндөрлүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.6 хувь нь Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 70 гаруй хувь нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.  

Түүнчлэн Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн 63 хувийн саналаар дэмжин, баталлаа.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул өндөрлүүлээд байна. Одоо үргэлжлүүлэн УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах юм. 

11 : 37
2024-3-29

Д.Ганбат: Цэц, УДШ эрх баригчдын захиалгыг гүйцэтгэдэг болсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлэв. Энэхүү төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ёстой юм. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Хууль санаачлагчтай ярьсан. Ардчилсан намаас өмнөх парламентад ажиллаж байсан гишүүд уг төсөл дээр эмзэглэсэн олон байр суурьтай байгаа.  Тийм учраас бүлгийн зүгээс “Үндсэн хуулийн байгууллагад өөрчлөлт оруулах асуудалд орлцох боломжгүй” гэж үзсэн. Олонхи өөрсдөө хэлэлцээд явж болно.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Хүний үндсэн эрхийг Цэц дээр ярьдаг болъё гэдэг нь зөв. Гэхдээ уг төслийг түүхий байхад нь түргэн шуурхай шийдэх ёстой гээд чичирч болохгүй. Эрх барьж байгаа намын хоёрхон гишүүн санаачлаад дангаараа хэлэлцээд батлах нь. Хууль  тогтоогчдын бүгдийнх нь оролцоог хангасан, ойллголцлын үндсэн дээр батлах ёстой хууль гэж үзэж байна. Яагаад би энэ төслийг дэмжих боломжгүй гэж үзэж байгаа вэ гэвэл Үндсэн хуулийг өөрийг нь зөрчиж байгаа заалт бий. Тодруулбал,  Ерөнхийлөгч, УИХ- ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан бол  Цэцийн гишүүн болж болохгүй гэсэн заалт тусгасан. Хууль тайлбарлах эрх Улсын дээд шүүхэд л бий.

Үндсэн хуулийн Цэцэд ажиллаж байгаа Цэцийн гишүүд, Дээд шүүхийнхэн эрх баригчдын захиалгаар ажилладаг байгууллага болж хувирсан. Ийм үед энэ хуулийг баталж болохгүй, илүү с айн сайжруулж байж батлах ёстой. Удахгүй сонгууль болох гэж байгаа. Ийм үед энэ хуулийг батлах гээд улайран зүтгээд байж таарахгүй. Энэний ард хувийн нэг жижигхэн эрх ашиг байдаг. Дараагийн парламентад олон төлөөлөл орж ирсний дараа хэлэлцэх нь зүйтэй. Үндсэн хуулийг өөрийг нь зөрчсөн зүйл заалттай төслийг хэлэлцээд суух нь муу нэртэй дээрээ бүр муухай нэр зүүх болж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Улсын бага хурлаар 1992 оны тавдугаар сарын 8-нд баталсан Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль үндсэн чиг үүргээ гүйцэтгэсэн. Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчиж үү, үгүй юу гэдэг асуудлаар л шийдвэр гаргах болчихоод  байна. Хүний эрх, эрх чөлөө зөрчигдлөө гэдэг асуудлыг Цэцэд өгч байх нь зөв. МАН 30 дугаар их хурлаараа хүний эрхийн асуудлыг онцгойлон авч үзсэн. 300 гаруй хуульд тусгайлан судалгаа хийж, хүний эрхийг зөрчсөн зүйл заалт байна гэсэн дүгнэлт гарсан учраас энэ асуудал явж байгаа.

УИХ, Засгийн газарт байсан гишүүд Цэцэд очиж болохгүй гэдэг заалт буруу бол өөрчилж болно.

Үгээ хэлэх эрх, хэвлэн нийтлэх эрх, жагсан нэгдэх эрх, шударга шүүхээр шүүлгүүлэх эрх хангагдахгүй байна гэдгийг олон жил харлаа. Цэц энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлүүлэхгүй бол болохгүй байна. Үнэхээр ардчилсан улс юм бол хүний суурь эрхийг хөндөж болохгүй. Доторх заалтыг хэлэлцүүлгийнх нь шүатанд өөрчилж болно.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 

-Энэ концепцыг босгоно гэдэг хэцүү. Ц.Мөнх-Оргил гишүүн босгосон. Иргэний үндсэн маргааныг Цэц хэлэлцдэг байх нь зөв. Тэгэхдээ хурлынхаа ирцийг хар даа. Чуулганы хуралдаан товлогдсон цагаасаа нэг цагийн дараа гишүүдийн ирц чинь бүрдэж байна. УИХ-ын танхимд сэтгэл зүрх нь уяатай нэг ч гишүүн алга.  Бүгдээрээ тойрог, ард түмэндээ хайртай,  мөрийн хөтөлбөр 100 хувь биелэсэн гэдэг юм яриад явж байгаа. Ийм үед ийм том асуудлыг ярьж болохгүй.

Хоёрдугаарт би өөрөө энэ төслийг дэмжиж ажлын хэсэгт орсон. Цэцийн есөн гишүүний хэрүүлийг ийм олон хуудас хуулиар зохицуулахгүй. Цэц Үндсэн хуулийн манаач болох үүргээ умартсан, маш олон асуудлыг захиалгаар хийдэг болсон. Би бол Цэцтэй асуудал ярих нь зөв гэж бодож байгаа. Гэхдээ нэг хэдэн хүн алах гээд ардчилсан тогтолцоогоо алж болохгүй гэв.

Хуулийн төслөөр гишүүдээр санал хураах гэсэн боловч Ардчилсан намын бүлэг санал хураалтад оролцохгүй, мөн эрх баригч намын бүлгийн гишүүдийн ирц хангалтгүйгээс төслөөр санал хураах боломжгүй нөхцөл үүсээд байна. 

 

 

10 : 57
2024-3-29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.03.29/ нэгдсэн хуралдаан эхлээд байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.  Уг төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа өнөөдөр дуусч буй юм.

Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санаачлан боловсруулсан юм. Хуулийн төсөлд Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагад “Цэцийн гишүүн эрх зүйч байхын зэрэгцээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй” гэсэн зохицуулалтыг тусгайлан оруулсан байна.

Цэцийн гишүүний хараат бус, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Цэцийн гишүүнээр зөвхөн нэг удаа дахин томилж болно” гэж  тусгажээ. Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох хугацааг нарийвчилж зохицуулсан байна. Тодруулбал, Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон өдрөөс хойш 45-аас дээшгүй хоногийн дотор эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлж, саналаа УИХ-д хүргүүлэхээр заажээ.

Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох журмыг тодорхой тогтоож, Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн танилцуулгыг олон нийтэд нээлттэй мэдээлж байх нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Түүнчлэн Цэцийн гишүүн нэг туслах, нэг судлаачтай байх зэрэг зохицуулалтыг оруулсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-29 122.201.31.212

Tsets gej undsen uurgee umartsan humuus bna. haldashgui darkhan erkhend horgodoson gemt heregtenuudiin uur yum uu daa. jinhene nuur tsaraigaa ungursun songuuliaar ih l tod haruulsan daa.

Avatar

Зочин 2024-03-29 66.181.181.143

Ардчилал, хүний эрх ярьсан хоосон хийрхэгчид Цэцийн хуульд хүний эрхийн асуудлыг оруудахаас яагаад айнав Шалтаг гаргаж ядаад. Арай сонгуульд ялна гэж зүүдлээд байна уу. Гарахаараа хүний эрх байтугай аюултай юм хийдэг болохоор тэрүү

Avatar

Нэргүй 2024-03-29 66.181.160.55

Энэ УИХ – г боксын спортоор зүйрлэвэл , дасгалжуулагч нь ринг рүү алчуур шидэхээр л болж дээ . .. Накаутад ор чихсон амьтан рингэн дээрээ амь тавьж байгаа юм шиг тийчлээд л . . .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж