3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад үргэлжилж байна. Тэмцээний эхний хоёр өдөр урьдчилсан шатны тоглолтууд болсон бол өнөөдөр/2024.03.29/ үндсэн шат эхэлнэ.Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд үндсэн шатанд чансаагаараа хэсэг толгойлж буй.
Азийн чансааны хоёрдугаарт бичигдэж буй Монголын эрэгтэй шигшээ баг В хэсэгт Тайланд болон Шри Ланк улсуудын багтай оржээ. Өнөөдөр эхний тоглолтоо Монголын шигшээ 14:40 цагаас Шри Ланкын эсрэг хийнэ. Тус баг нь урьдчилсан шатанд Индонези, Өмнөд Марианы арлууд, Солонгосыг хожиж, үндсэн шатанд шалгарсан юм. Үүний дараа 19:20 цагаас Тайландын эсрэг хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ. Тайландын шигшээд монголчуудын эчнээ мэдэх Фредерик Лиш бий.
Аваргаа хамгаалагч Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд 18 настай А.Азбаяр, 19 настай Ч.Тэмүүлэн, 20 настай С.Биндэръяа, А.Ананд нар багтсан. Өнгөрсөн жил аварга авсан багаас зөвхөн А.Ананд байгаа бөгөөд энэ удаад залуу бүрэлдэхүүнээ илгээжээ.
Стив Сер болон Г.Цэнгүүнбаяр нар дасгалжуулагчаар ажиллаж байна.
Харин эмэгтэй шигшээ баг чансааны гуравдугаарт бичигдэж, С хэсэгт Малайз, Филиппинтэй өрсөлдөнө. Эхний тоглолтоо 15:35 цагаас Малайзын эсрэг хийх бол сүүлийн тоглолтоо 18:30 цагт Филиппиний эсрэг хийнэ. Эмэгтэй шигшээ багт үндсэн гэж хэлж болох Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар багтжээ.
Эрэгтэй шигшээ багийн тухайд тамирчдын бэртэл гэмтэл болон бусад шалтгаанууд бий. Э.Дөлгөөн дээд лигийн плей-оффын тоглолтын үеэр шагайндаа бэртэл авсан бол О.Энхбаатар нүүрэндээ цохиулж, хамгаалалттай тоглож байсан. Харин Д.Дэлгэрнямын бугуйны бэртэл удаан хугацаанд үргэлжилж, А.Ананд саяхнаасаа бэртлээсээ эргэн ирсэн билээ.
Мэдээж тивийн аваргын тэмцээнээс илүүтэйгээр олимпийн эрхийн тэмцээнүүд Монголын багийг хүлээж байна. Тиймээс олимпийн эрхийн тэмцээнүүддээ анхаарлаа хандуулж, энэ удаагийн Азийн аваргад үндсэн бус илүү залуу тамирчдаа оролцуулж, туршлагажуулах бодлого баримталж байгаа харагдана.
Холбоотой мэдээ